Дуучин Т.Аминаг хүүхэд байх үеэс нь хүмүүс сайн мэднэ. Түүнд тэмцээн уралдаанаас алт, мөнгөн медаль, Гран при гээд аваагүй шагнал ховор. UBS телевизээс зохион байгуулсан “Universe best songs” тэмцээнд оролцоход нь үзэгчид хамгийн ихээр дэмжиж, урам хайрласан. Тэрбээр өдгөө шилдэг 25 оролцогчийн тоонд зүй ёсоор багтаад буй.
-“Universe best songs” тэмцээнд анх оролцсон үеэс чинь үзэгчид сонирхож эхэлсэн. Ямар сэтгэгдэл төрж байв даа?
-Олны нүдэнд алхам бүхэн маань ил байгааг мэдрэх тусам надад алдах эрх байгаагүй. Юм болгонд үүрэг хариуцлага өндөртэй хандах хэрэгтэй юм байна гэдгийг сайн ойлгосон. Нэг талаар олны хайр хүндэтгэлийг хүлээх сайхан ч нөгөө талаараа итгэлийг нь алдах вий гэж эмээдэг байсан.
-Сонирхолдоо хөтлөгдөөд энэ тэмцээнд оролцсон уу?
-Тэмцээн болох тухай мэдээллийг найз маань анх дуулгаж, “Чи сурталчилгааг нь үзээд орох эсэхээ шийднэ биз дээ” гэж хэлсэн. Оролцож үзмээр санагдаад тэмцээний зохион байгуулагчтай уулзаад, бүртгүүлсэн. Гэрийнхэн, ангийн нөхөд, ажлын маань хамт олон дуртай дэмжсэн. Би сурахынхаа хажуугаар Төмөр замын байгууллагад ажилладаг. Финалд үлдэж шалгарахын тулд их хичээж, зүтгэлээ. Шилдэг 25-д үлдсэний дараа UBS телевиз албан ёсоор СУИС-ийн удирдлага руу чөлөөний хуудас илгээсэн. Хэдийгээр чөлөөлөгдсөн ч шалгалтуудаа заавал өгөх ёстой учир тэмцээнийхээ завсраар амжуулж байна даа.
-Шилдэг 25 оролцогч ирэх сарын 3, 4-нд гала концертоо UB PALACE-д толилуулах гэл үү?
-Одоогоор бид тоглолтынхоо бэлтгэлийг базааж байгаа. Тоглолтоо сонирхолтой болгож, үзэгчдэд сюрприз барихын тулд өдөр бүр хоолойн дасгал хийж, бүжгийн хичээл заалгаад, хөлсөө урсгаж байгаа шүү. Бүжигчид ямар их тэвчээр гаргаж, уран бүтээл гаргадгийг биеэрээ мэдэрч, илүү ойлгосон. Тоглолтыг маань “Хувьсал” продакшны продюсер, найруулагч Г.Цоггэрэл ах найруулж байна. Бидэнд “Та нар эвтэй найртай байгаарай. Хэдийгээр өрсөлдөгчид боловч тайзан дээр нэг ангийнхан шүү” гэж хэлдэг юм.
-Гуравдугаар шатны шалгаруулалтад Хьюстений дууг дуулахад дуучин Т.Ариунаа “Энэ дууг өндөр авсан чигээрээ л дуусгачихлаа” гээд шүүмжлээд авсан даа…
-Би шүүмжлэл дунд өссөн. Хэн нэгнийг хатуу үг хэллээ гээд сэтгэлээр унаад байдаггүй. Өөрийгөө магтаалаар нэг их тэтгээд байхыг хүсдэггүй. Хүнд буруу өгөхөөсөө илүү алдаагаа өөрөөсөө эрж, хайдаг. Энэ тэмцээн миний хувьд сонголт байсан. Өөрт байгаа бүх авьяасаа дайчилж, зүтгэх болно гэж бодоод урагшилсан.
-Багаасаа дуулдаг байсныг чинь сайн санаж байна, би…
-Сурагч байхдаа хүүхдийн дуу голдуу дуулна. Энд тэндхийн томоохон арга хэмжээнд урилгаар оролцдог байсан. Нэгдүгээр ангид байхдаа Ази, Номхон далайн 17 орон оролцсон томоохон наадамд оролцож, Гран при хүртэж байсан. Хүүхдийн гэсэн тодотголтой шагнал, гуншинг бүгдийг нь хүртсэн дээ. 10-дугаар ангиа дүүргэтлээ орон нутгаар хүүхдийн дуугаараа аялан тоглолтоо өөрийн зардлаар хийж байлаа. Өдгөө оюутан болсон болохоор уран бүтээлийн тал дээр төлөвлөж бодсон зүйл их бий. Энэ онд багтааж цомгоо гаргах бодолтой байна.
-Тэмцээнд оролцохдоо өмссөн хувцас чинь гоё загвартай байсан шүү…
-Гэрийнхэнтэйгээ ярилцаж байгаад хувцсныхаа сонголтыг хийсэн. Ээж маань загварыг нь гаргаж урласан.
-Хөгжилтэй зүйл тохиолдож байв уу?
-Гуравдугаар шатны шалгаруулалтад орох гээд үсээ ороогоод унтлаа. Өглөө нь босоод толинд харсан чинь хурганы үс шиг буржийчихжээ. Ээжээс “Үс минь ямар харагдаж байна” гэж асуухад өөдөөс “Өө, миний охин гоё харагдаж байна. Ингээд л очоод орчих” гэлээ. Толинд харахаар бөв бөөрөнхий толгой харагдаад байдаг. Тэгэхээр ээждээ “За яах вэ, чиний дуу чинь болж байна. Шээзгий толгойлчихоод наад үс чинь мярнуус шиг харагдаж байна гээд хасчихвал яах юм” гэж хэлээд бөөн инээдэм болж байлаа.
-Өрсөлдөгчийнхөө уйлж, баярлаж байгаа сэтгэлийн эмоцийг харах ямар байсан бэ?
-Нэг нь ч гэсэн тэнцчихээд гарч ирж байгааг хараад баярладаг байсан. Эвсэг сайхан нөхөдтэй болсондоо сэтгэл хангалуун байгаа.
-Өнөөдөр их гоё харагдаж байна. Нүүр будалтаа хаана хийлгэсэн юм бэ?
-Тийм байна уу, баярлалаа. Өөрөө л нүүрээ будсан. Нас маань залуу болохоор гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд байхыг боддоггүй. Эмэгтэй хүн гэдэг утгаараа арьс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэж, нүүр будалтын арга барилаас бага багаар суралцаж байгаа.
-Цэнхэр өнгө өөрт тань сайхан зохиж байна шүү.
-Миний дуртай өнгө цагаан, хар. Сүүлийн үед тод өнгөтэй хувцас өмсөх сонирхолтой болчихоод хувцасныхаа шүүгээг ухдаг ажилтай болсон. Би нэг их моод хөөдөггүй. Биедээ эвтэйхэн цэвэрхэн хувцас сонгож өмсдөг.
-Хүсэл мөрөөдөл…
-Мөрөөдлөө зорилго болгож чаддагтаа өөртөө баярладаг. Намайг гайхалтай ирээдүй хүлээж байгаа гэдгийг мэддэг. Ямар ч үед би урлагийнхаа төлөө дайчин зүтгэж чадна.
-Урлагаас өөр мэргэжлээр суралцах сонирхол байна уу?
-Байгаа. Ирэх намраас суралцана гээд бүр төлөвлөчихсөн шүү.
-Төмөр замын байгууллагад ямар ажил хийдэг вэ?
-Лавлах мэдээлэгчээр ажилладаг. Бас болоогүй ээ, “Вокзалын жигүүр” нэртэй амьд хөгжмийн хамтлагт дуулдаг. Сурахынхаа хажуугаар ажилладаг болохоор хөдөлмөр, мөнгө хоёрын үнэ, цэнийг сайн ойлгосон. Гэрийнхнээсээ мөнгө гэж нэхээгүй удаж байна. Оюутан ч гэлээ бүхнийг өөрөө болгох гээд зүтгэдэг.
-Анхныхаа цалингаар юу авч байв?
-Цалингийнхаа дээжээр гэрийнхнийхээ дуртай амттан, ээждээ сүү аваад ирж байлаа. Сар бүрийнхээ цалингаар өөртөө дурсгалтай, сонирхолтой зүйл худалдаж авдаг. Зарим үед эмэгтэй хүний гангараа, гоёлд зарцуулна. Бодоод байсан чинь автобус, унаанд нэг их мөнгө өгдөггүй юм байна шүү. Хөдөлгөөнтэй, эрүүл байх гэдэг үүднээс алхахдаа алхаж, гүйхдээ гүйдэг. Хүн эрүүл байж, аливааг хийж, бүтээж чадна. Эрүүл байхын нэг үндэс бол зөв хооллолт. Энэ ч утгаара амин дэмтэй, витаминлаг хүнсэнд мөнгөө харамгүй зарцуулдаг.
-Амина баян амьдарч байгаа хүн мөн үү?
-Сэтгэлийн зовлонгүй, эрүүл саруул, элэг бүтэн амьдарч байгаагаа хэлбэл баян амьдарч байна. Хаа очиж надад бурхнаас гайхалтай ховор гэр бүл заяасан. Өнөөдөр энэ гэрийн таван ам бүл эрүүл, энх тунх, ажлаа тайван хийж байна. Элбэг хангалуун, аз жаргалтай амьдралыг өөрөө бий болгохыг хүсдэг. Надад аз жаргал энгийн байх тусмаа сайхан санагддаг.
-Та урт үстэй юм аа. Ийм бүсгүйчүүд өнөө үед ховор шүү…
-Миний мөрөөдөж ургуулсан үс шүү дээ. Нэвтрүүлгийн хөтлөгч Одко эгч “Аминагийн үсийг тайрч байж л санаа амарна даа. Имижээ өөрчлөөд, сюрприз болгоод үсээ тайрчихаач” гэж хошигнодог юм.
-Таны хувьд амьдралын үнэ цэнэ юу вэ?
-Надаас өмнө нь хэн ч ингэж асууж байгаагүй юм байна. Амьдрал үнэ цэнэтэй, гайхалтай зүйл. “Хорвоо дэлхий уужим байна, хийх зүйл их байна” гэж хэлэх дуртай. Хүн боломжтой гарцыг зөв олж хардаг, бас өөртөө арчаатай байвал сайхан амьдарч чадна. Хамгийн гол нь эрүүл байх хэрэгтэй. “Өргүй бол баян, өвчингүй бол жаргал” гэдэг үг үнэхээр үнэн юм шүү. Аав, ээжийнхээ хайраар дутаагүй, халуун ам бүлээрээ инээж, наргиад сууж байх мөчид амьдралын үнэ цэнэ, аз жаргалыг илүү мэдэрдэг юм.
-Ирээдүйн ханиа ямар хүн байгаасай гэж бодож байна…
-Би саяхан 20 нас хүрлээ. Одооноос эхлээд энэ асуудлын тухай бодож эхэлж байна. Гэхдээ амьдралд төлөвлөж болдоггүй зүйл гэж бий. Ирээдүйн хань болох залуу маань намайг ойлгохыг хичээдэг, урлагийн мэдрэмжтэй, бас үнэнчээр хайрлаж чадах хүн байгаасай. Ээж маань надад “Хүнтэй сайхан нөхөрлөж болно.Хамгийн гол нь амьдралдаа зөв сонголт хийх хэрэгтэй. Цаг хугацаа бүхнийг харуулдаг гэдгийг мартаж болохгүй” гэж захидаг юм.
-Хэн нэгэнтэй санал нийлэхгүй байгаагаа хэрхэн илэрхийлдэг вэ?
-Хүнийг эвгүй байдалд оруулахыг хүсдэггүй. Эвтэйхнээр татгалзаж байгаагаа зөвөөр ойлгуулж чаддаг.
-Найз нөхдөө хааяа гомдоочихсон удаа…
-Нөхдөө гомдоож байснаа сайн санахгүй байна. Миний хувьд аливаа асуудлыг цаг тухайд нь шийдэхийг эрмэлздэг. Магадгүй санамсаргүй байдлаар сэтгэлийг тань эмзэглүүлэх үг хэлээд гомдоочихсон бол Та бүхэн өршөөгөөрэй.
-Хүний нууцыг хэр сайн хадгалж чаддаг вэ?
– Зүйрлэвэл түлхүүр нь таарахгүй бол онгойхгүй цоожтой авдар л гэсэн үг. Хов жив хөөцөлдөхөөс хол байдаг. Найзууд гээд найзан дундаа байхыг хүсдэггүй. Дэвэн дэлхийн юм хамж, шимээд сонин, сайхан болгоод ярих сонирхол төрдөггүй. Бодсоноо нүүрэн дээр нь шударга хэлчихдэг. Найз гэчихээд ар хударгаар нь хэн нэгэнд муулж байгаа хүн муухай санагддаг. Миний хувьд найз нөхөрлөл үнэнч, ариун нандин байх ёстой гэж боддог.
-Төмөр замын 60 жилийн ойн баяр болох тухай дуулдаад л байх юм…
-Удахгүй болно. Манай хамтлагийнхан Сэлэнгэ, Дархан, Эрдэнэт гээд томоохон өртөөнүүдэд буухиа аялан тоглолт хийгээд, Замын -Үүдэд очоод хаалтаа хийх юм. Тоглолтод нь оролцох гэтэл тэмцээнийн гала концерт давхацчихаад, хамтлагийнхаа гишүүний үүргийг гүйцэтгэж чадахгүй л байна даа. Харин хамт олон маань намайг ойлгож, дэмжээд, тэмцээнд оролцох боломжийг бүрдүүлж өгсөн шүү.
-Өөрөө их хөгжилтэй, нээлттэй хүн юм…
-Өөрийгөө зөвөөр ойлгуулах гээд олон үг яриад нуршаад байхыг ч хүсдэггүй. Хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэх гээд ухаантай болж жүжиглэх сонирхол ер байдаггүй. Амнаасаа үг гаргахаасаа өмнө сайтар бодож байх хэрэгтэй гэж боддог.
-Давуу тал…
-Эрт босно гэж бодсон л бол яг цагтаа босч чаддаг. Хэн нэгнийг сайн ойлгохыг хичээдэг. Харин амлалт өгөх дургүй.
-Дутагдалтай тал…
-Хүнтэй уулзахдаа товлосон цагаасаа хоцрох гээд байдаг тал бий. Сүүлийн үед цаг барьж сурч байгаа.
-Үеийнхээ залууст хандаад юу хэлмээр байна вэ?
-Орчин цагтайгаа хөл нийлүүлж, өдрөөс өдөрт хөгжиж байгаа үеийнхээ залуусыг хараад баярладаг. Өөртөө итгэлтэй, зорилгодоо тууштай, тэвчээртэй байгаарай.
-Монгол орноо хөгжиж цэцэглэнэ гэж боддог уу?
-Эх оронч сэтгэлгээ гэдэг үг зүгээр нэг чихнийхээ хажуугаар өнгөрөөх үг биш шүү, залуус аа. Аз жаргал шиг энгийн зүйлээс эх орон эхэлдэг юм. Гартаа барьж яваа цаасаа хог болгож битгий хая, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хөгжүүлэхийг хамгийн түрүүнд боддог байх хэрэгтэй. Өөрийнхөө боловсрол мэдлэгт хөрөнгө оруул. Та түүнийхээ хэрээр ухаажиж, ухамсарладаг болно шүү дээ. Энэ чинь таны эхлэл.
Ярилцсан Г.Батцэцэг /mongolnews.mn/