ДЭМБ-ын судалгаагаар үргүйдэл, гэр бүл бологсдын дунд 10-15% тохиолддог бөгөөд улс орны хөгжлийн түвшин, хүн ардын эрүүл мэнд, газар нутгийн байршил, нийгэм эдийн засгийн байдал зэргээс шалтгаалан үргүйдлийн тархац харилцан адилгүй байдаг. Эрдэмтдийн судалгаагаар гэр бүлийн хосууд жирэмслэхээс сэргийлэх арга хэрэглээгүй нөхцөлд хамтын амьдралын эхний 12 сард эмэгтэйчүүдийн 85% нь жирэмсэлдэг байна. Дэлхийн ихэнх оронд энэ байдалд үндэслэн гэр бүлийн хамтын амьдарлын эхний жилд жирэмслээгүй тохиолдолд үргүйдэлтэйд сэжиглэн шинжлэх, эмчлэх шаардлагатай хэмээн үзэж байна.
Нөхөн үржихүйн насны хосууд жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэхгүй тогтмол бэлгийн харьцаанд орж байсан нөхцөлд 1-1.5 жилийн хугацаанд жирэмслэхгүй байхыг үргүйдэлтэй гэр бүл гэнэ. Монголын эмэгтэйчүүдийн эмч нарын “Эрүүл өрх бүл” нийгэмлэгээс монгол дахь гэр бүл, үргүйдлийн шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар судалгаа явуулсан байна. Уг судалгааны дүнд нийт гэр бүл бологсдын 15% нь үргүйдэлтэй байна гэж гарчээ.
Манайхан үргүйдэлд эмэгтэйчүүдийг буруутгах хандлагатай байдаг. Гэтэл зарим тохиолдолд гол шалтгаан нөхөрт байх нь бий.
Иймд үргүйдэлтэй гэр бүлийн хосууд хоёулаа шинжилгээ өгөх хэрэгтэй байдаг.
Бодит байдал дээр үргүйдлийн 40% нь эмэгтэйгээс, 40% нь эрэгтэйгээс, 20% нь аль алинаас нь шалтгаалсан байдаг. Мөн үргүйдэлд хүчтэй нөлөөлж буй хүчин зүйл бол үрэвсэлт өвчин юм. Үүнээс болоод нэгдүгээрт: үрийн хоолойн суваг битүүрэх, сорвижих, хоёрдугаарт: умайн салст сорвижих,нөхөн төлжилт муутай болох гэх мэтээр үргүйдлийн шалтгааны 60-70 хувь нь үрэвсэлт өвчнөөс хамааралтай байдаг байна.Үрэвсэлт өвчин нь бэлгийн замын халдварт өвчин тусах, эмчилгээгээ цаг алдалгүй хийлгээгүй, буруу эмчилгээ хийлгэж архагшуулах, олон удаа үр хөндүүлэх зэргээс шалтгаалж үргүйдэлд хүрдэг.
Ер нь эмэгтэйчүүдийн бага аарцгийн үрэвсэлт өвчнүүд нь үргүйдэлд хүргэж буй хамгийн нөлөөтэй хүчин зүйл болох нь тогтоогдсон. Эмэгтэйчүүдийн 39% нь 1-3 удаа, 24% нь 3-5 удаа, 3% нь 5-аас дээш удаа үр хөндүүлсэн, 60-65% нь умайн болон дайвруудын үрэвсэлтэй, 18% нь бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилсөн, 50% нь ямар нэгэн байдлаар мэс ажилбар хийлгэснээс хамгийн их буюу 15.4% нь умайн гадуурах жирэмслэлт, 10.9% нь өндгөвчинд мэс ажилбар хийгдсэн байна.Эмэгтэйчүүдийг үргүйдэлд хүргэдэг хүчин зүйлс:
• Гуурсан хоолойн битүүрэл, бага аарцгийн эрхтний наалдац, сорвижилт
• Дотоод шүүрлийн хямрал:
-Харааны товгор-өнчин тархины өндгөвчний тогтолцооны үйл ажиллагааны алдагдал
-Бүтцийн өвчлөлтөөс үүдэлтэй эм бэлгийн эсийн гадагшлах үйл явцын алдагдал
• Умайн эмгэгүүд:
-Умайн салстын эмэгшил
-Бүтцийн өөрчлөлтүүд
-Гажиг хөгжил
• Дархлалын хүчин зүйлс
-Умайн хүзүүний салиад үүсч эр бэлгийн эсийг саатуулдаг хүчин зүйлсЭрэгтэйчүүдийн үргүйдэлд хүргэдэг хүчин зүйлс:
• Үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн өөрчлөлтүүд
– Үрийн шингэнд эр бэлгийн эс байхгүй азоосперми
– Үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн хөдөлгөөний чадавхийн бууралт астенозоосперми
– Үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн тооны цөөрөл олигозоосперми
– Үрийн шингэн дэх эр бэлгийн эсийн хэлбэрийн алдагдал тератозоосперми
– Үрийн шингэний ялгаралтын алдагдал
• Үрийн шингэний өөрчлөлт, үрийн шингэнгүй болох асперми
Эдгээрээс гадна өөр олон шалтгаан байдгийг эрдэмтэд тогтоожээ. Үүнд:
1. Варикоцеле- төмсөгний хураагуур судас өргөсөх, үрийн шингэнийг дамжуулах сувгийн венийн судас өргөсөх. Энэ нь үргүйдлийн 15%-д нь тохиолддог.
2. Бэлэг эрхтний гэмтэл болон гажиг. Энэ нь үргүйдлийн 10-12%-д тохиолддог.
3. Халдварт өвчин 10%-д тохиолддог. Үүнд: заг хүйтэн, тэмбүү, хламидиоз, трихомоназ зэрэг хамаарна.
4. Бэлэг эрхтнүүдийн үрэвсэл.
5. Бэлгийн үйл ажиллагааны хямрал: хөвчрөл алдагдалт, үрийн шингэн хэт хурдан гарах гэх мэт.
6. Дархлалын хямрал. Эр бэлгий эсийг устгах бүхий тусгай бодсууд бий болдог.
7. Дааврын хямрал. Эр бэлгийн дааврын дутагдалтай байх.
8. Өөр нөлөөлөх хүчин зүйлсүүд бий. Архи, тамхи, мансууруулах бодис, зарим нэг эм, цацраг идэвхит бодис С амин дэмийн дутагдал зэрэг.
Судалгаанаас харахад нэг шалтгаант үргүйдэл 30% ба үргүйдлийн 50% нь 3-4хавсарсан шалтгаантай байна.Үргүйдлийн оношлогоо:
1. Эмнэл зүйн практикт орчин үеийн нарийн шинжилгээний аргууд нэвтрэн хэрэглэгдэж байгаа ч асуумж судалгааны ач холбогдол өндөр хэвээрээ байна.
2. Эмчийн үзлэг шинжилгээ хийнэ. ЭХО оношлогоогоор ихэнх мэдээллийг авна. Мөн үрийн сувгийг шалгана. Тодосгогч бодистойгоор рентген зураг авах, өндгөвчний үйл ажиллагааг хянах, дааврын болон лабораторийн шинжилгээ хийнэ. Энэ олон шинжилгээний дараа үргүйдлийн шалтгааныг тодорхойлж, тохирох шинжилгээг хийдэг.
Манай монголчууд эмчилгээ оношлогоонд удаан хугацаагаар явж чаддаггүй дутуу орхих хандлагатай байдаг. Тийм учраас та үнэхээр хүүхэдтэй болохыг хүсээд жирэмсэн болж чадахгүй бол энэ чиглэлийн эмчмлгээг удаан хугацаагаар хийлгэх хэрэгтэй.
Үргүйдлийн эмчилгээ:
Үргүйдлийг нөхцөлдүүлэгч шалтгаанаас хамааруулж эмчилгээг өвөрмөц, тодорхой дараалал бүхий үе шаттай байдаг. Жишээлбэл: бага аарцгийн эрхтний үрэвсэл, наалдац гурсан хоолойн битүүрлээс шалтгаалсан үргүйдлийн үед үрэвслийн эмнэл зүйн хэлбэрээс хамааруулж үрэвслийн эсрэг эмчилгээг дархлал дэмжих, хэт эмзэгшлийг бууруулах эмчилгээтэй хавсруулан хэрэглэнэ.
Бэлтгэсэн: У. Бурмаа