ГХЯ-ны Зөвшилцөл танхимд өнөөдөр “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал боллоо. Тус хурлаар Г.Амартүвшин ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн хоёрдугаар сарын 12-14-ний өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулагдсан Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 52 дахь удаагийн бага хуралд оролцсон тухай мэдээлэл өгсөн юм. Тус хуралд 30 гаруй орны төрийн тэргүүн, 70 орчим Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд гээд нийт 600 гаруй өндөр түвшний төлөөлөгчид оролцсон хурал болсон. Уг бага хуралд Сирид үүсээд буй нөхцөл байдал, дүрвэгсдийн асуудал, Украиныг тойрсон хямрал, Ази Номхон далайн бүс нутаг тэр дундаа Хятадын өмнөд хэсэгт үүсээд буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо солилцсон талаар онцолсон юм.
Үүний дараа тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
-АНУ руу хууль бусаар хил нэвтэрсэн үлэг гүрвэлийн олдворуудыг дөрөвдүгээр сарын 2-нд буцааж өгөхөөр болсон гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?
–Үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах тухай хэлэлцээрт Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл гарын үсэг зурсан. Одоогоор хэзээ ирэх нь тодорхойгүй байна.
-Австри улсаас Монголчуудыг гаргах тухай мэдэгдсэн. Энэ тал дээр Монгол Улс ямар байр суурьтай байгаа вэ?
–Австри улсад цагаачилсан бүх иргэдийг буцаан гаргах тухай шийдвэр гаргасан. Одоогийн байдлаар Монгол иргэдийг албадан гаргасан гэсэн мэдээлэл бидэнд ирээгүй байна. Энэ шийдвэр нь тус улсын өөрийн эрхийг хүрээнд гарсан. Тиймээс бид нөлөөлөх боломжгүй.
Cүүлд ирсэн мэдээллээр Австри улсад 2,500 Монгол иргэн оршин сууж байна.
-Гадаадын оронд Монголоос хэдэн иргэн цагаачилсан тоо баримт байдаг вэ?
–Хамгийн сүүлийн үеийн тоогоор 125 мянган иргэн гадаад улсад оршин сууж байна. Үүнээс албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байгаа иргэн нь 33,172 бөгөөд ажил хийж буй нь 29,646 гэсэн тоо бий.
-Гадаадын иргэнтэй гэр бүл болсон иргэдийн талаарх судалгаа бий юу?
–2016 оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар 1,070 Монгол иргэн гадаад иргэдтэй гэр бүл болсон байна.
-Ойролцоогоор хэд орчим насны хүмүүс байдаг вэ?
-90 хувь нь 20-30 насны эмэгтэйчүүд байдаг.
-Сирид үүссэн нөхцөл байдалд Манай улс ямар байр суурьтай байгаа вэ?
–Монгол Улс Сирид үүсээд буй нөхцөл байдлыг аль болох даамжруулахгүй, шийдвэрлэхдээ Олон улсын хамтын нийгэмлэгийн оролцоотойгоор гэсэн байр суурьтай байгаа. Гал зогсоох болон, дүрвэгсдийн асуудлыг анхааралтай ажигладаг.
Т.Болор