Загварын ертөнц яагаад өнөө хэр нь Александр Маккуинийг тахин шүтсэн хэвээр байна вэ?
Түүнийг нас барснаас хойш аль хэдийнэ таван жил өнгөрсөн. Гэвч урьд нь хэзээ ч түүний нэр хүнд одоогийнх шиг өндөр байсангүй. 2009 оны намар, өвлийн коллекцоо бүтээж байх үеийнх нь гэрэл зургуудыг дотны найз Ник Ваплингтон нь дарсан бөгөөд тэрбээр Александр Маккуиний шүтэн бишрэгчид болон ойр дотны хүмүүст зориулан эдгээр зургаараа үзэсгэлэн гаргасан юм.
Парист толилуулсан намар, өвлийн The Horn of plenty коллекцоо танилцуулахаас сарын өмнө буюу 2009 оны хоёрдугаар сард Маккуин “Энэ коллекц бол зүгээр л тохуурхал” хэмээн мэдэгдэж байжээ. “Эдгээр хувцсанд аюулгүй гэхээр зүйл нэг ч байхгүй. Энэ бол Маккуиний онгод болсон охидыг шоглож, хэзээ ч амьдарч байгаагүй төсөөллийн бүсгүйчүүддээ зориулсан коллекц. Энэ бол “Тиффанид барьсан өглөөний зоог”-ийн Одри Хепбёрн. Энэ бол Dior. Энэ бол өдрийн хоолоо идэж буй Valentino-ийн охид… Хүмүүс эдгээр бүтээлийг хараад “Энэ яг юу вэ? Энэ юу вэ? Энэ юу юм бэ? Энэ яг юу гээч нь вэ?” гэж асуугаасай гэж би хүсч байна”…
Мэдээж Маккуин энэ зорилгодоо гайхалтайгаар хүрч чадсан. The Horn of Plenty загварын шоу 15 минут ч хүрэхгүй хугацаанд болоод өнгөрсөн ч өмнөх 15 жилд загварын ертөнцөд гарсан хачин жигтэй болгоныг өөртөө шингээсэн байсан юм. Моделиуд хүний харж болох хамгийн жигтэй хувцаснуудыг өмссөн байх бөгөөд тэдгээр нь тэнгэрт хүргэм өндөр өсгийт, будаг шүршсэн коланы лааз, уруу нь харуулсан борооны шүхэр гээд хэзээ ч толгойд орж ирэмгүй зүйлсээс бүрдсэн байв. Загварын тайз нь бараг л хогийн цэг шиг харагдах бөгөөд дугуйны хаймар, эвдэрхий телевиз, хагарсан угаалтуураар тайзаа гоёжээ. Тус шоуны талаар Нью-Йорк Таймсын сэтгүүлч “Үнэхээр гайхалтай, учир нь олдохоо байсан өнөөгийн загварын ертөнцийг алгадаад авах шиг л сайхан санагдлаа” гэсэн бол Vogue сэтгүүлийн фэйшн редактор Миранда Алмонд “Энэ шоу миний загварын ертөнцөд итгэх итгэлийг дахин сэргээлээ” хэмээн дуун алдаж байжээ. The Horn of Plenty коллекц маш олон талаараа тухайн цаг үеийн шилдгүүдийн нэгт тооцогдож байна. Тэр үед 40 нас хүрч байсан Маккуин энэхүү коллекцоо “Миний залуу насны сүүлчийн ажил” гэж тодорхойлсон бол өдгөө энэ коллекц 2010 оны хоёрдугаар сарын 11-нд амиа хорлохоосоо өмнө түүний гаргасан хамгийн сүүлчийн намар, өвлийн коллекц гэдгээрээ ч алдаршиж байна.
Амьдралдаа эхний бөгөөд эцсийн удаа тэр өөрийн коллекцийг бүтээх ажлын явцыг гадны хүнд харуулан баримтжуулж, гэрэл зургуудыг нь авахуулсан бөгөөд тэрхүү азтай хүн нь урлагийн гэрэл зурагчин, түүний найз Ник Ваплингтон байсан юм. Тэд энэ ажлаараа зурган ном гаргахаар төлөвлөж байжээ. Damiani компани 2013 онд Working Process номыг нь хэвлэсэн бөгөөд өнгөрсөн тавдугаар сарын 10-нд уг номд багтсан 130 зургаар үзэсгэлэн дэлгэжээ.
Үзэсгэлэнд Александр Маккуиний Savage Beauty коллекцийг мөн дэлгэсэн бөгөөд уг коллекц нь Нью-Йоркийн Метрополитан урлагийн музейд хадгалагдаж буй бүх цаг үеийн хамгийн том бөгөөд хамгийн амжилттай загварын үзвэрээр шалгараад байгаа юм.
Ваплингтон The Horn of Plenty коллекцийг өөрсдийнхөө хувьд нэгэн эрин үеийн эцсийн бүтээл гэж үздэг, өнгөрсөн 15 жилийн турш Александр Маккуиний загварыг өмсөж байсан моделиуд, гоёл чимэглэлийн дархад, үс болон нүүр будалтын стилистүүдийг бүгдийг дахин дуудаж маш том ажил эхлүүлсэн байдаг. “Александр Маккуин энэ ажилдаа бүхий л сэтгэл зүрхээ зориулж, хүмүүст шагшин магтуулахыг хүсч байсан. Харин одоо үүнийх нь төлөө загварын ертөнцийн хүн бүхэн түүнд талархаж байна. Тэдний нэг нь би байсан юм” хэмээн Ваплингтон дурсчээ. Уг коллекцийн нүүр будалтын гол санаа нь 1980-аад оны клубын соёлоос үүдэлтэй. Taboo ба түүнтэй төсөөтэй 25-30 жилийн өмнөх клубүүд Маккуинд үргэлж шинэ санаа сэдэл өгдөг байжээ.
“Түүний царай маш сонин болон хувирч, харин би 20 минутын дараа нэг жижигхэн харанхуй өрөөнд дуудагдсан юм. Маккуин буйдан дээр тамхи татан хэвтэж, түүний урланд ажилладаг хүмүүс хатагтай Маккуин хэмээн дууддаг бүсгүй хажууд нь сууж байлаа. Тамхи нь унтарчих вий гэхдээ би асаагуурыг нь барин ойртон суув. Тэр зурган дээр өөрийгөө маш муухай гарч гэж сэтгэлээр унасан байсан юм. Хэтэрхий бүдүүн харагдаад байна гэлүү дээ. Тэгээд би бүх зурагаа авч дуусаад, тэндээсээ сонгож засвар хийхээсээ өмнө түүнд нэг ч зураг үзүүлэхгүй байхаар шийдсэн юм” хэмээн Ваплингтон дурссан юм.
Маккуиний ааш авир маш хэцүү бөгөөд түүний урлан бараг л сэтгэл мэдрэлийн эмнэлэгт байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх үе цөөнгүй байжээ. Заримдаа Филип Глассийн The Hours киноны ая бүтэн өдрийн турш явна, эсвэл бүтэн өдрийн турш байж боломгүй мэт санагдах чив чимээгүй орчин… Түүний урлан ийм л байдаг байв. Парисын шоуны өмнө түүний ажилчид урлан дээрээ бараг нүүн ирж, хэдэн ч өдрөөр хамаагүй ажилчин зөгийнүүд ч ичихээр нойр хоолгүй ажилладаг байлаа. Америкийн Vogue –ийн эрхлэгч Анна Винтур шоунаас өмнө дизайнеруудын урлангуудаар зочилдог байсан бөгөөд түүнийг ирэхээс өмнө Маккуиний урлангаас амьтны хүрээлэнгээс ч дор дүр зургийг харж болно.
Гэхдээ Маккуин номд хэвлэгдсэн ихэнх зурган дээрээ инээмсэглэж харагдах нь түүний ажлыг мэддэг хүмүүст их л сонин санагддаг байх. Харин энэ тухайд Ваплингтон “түүний зургуудад нэг ч худал зүйл байхгүй, нэг ч тавилт байгаагүй” гэсэн юм.
Маккуин амьдралынхаа сүүлийн хэдэн сард ойрын жилүүдэд байгаагүйгээрээ аз жаргалтай байсан юм. Бүх зүйл маш сайхан өрнөж байв. Мэдээж тааламжгүй өдрүүд бас бий л дээ. Тэр хорт хавдартай ээждээ очоод ирэхдээ сэтгэлээр уначихсан байдаг ч түүний хувьд ховор гэж болох сайхан өдрүүд үргэлжилсээр байсан юм.
“Маккуин амьдралынхаа сүүлийн хэдэн сар аз жаргалтай байсны шалтгаан нь Лондонгийн их сургуульд урлагийн чиглэлээр сурах зөвшөөрлөө авсантай нь холбоотой байх. Тэр дизайнаас илүү урлаг руу орохыг хүсч байсан. Уран зураг бол түүний мөрөөдөл байсан юм. Миний бодлоор, тэр загварын ертөнцөөс урлагийн ертөнц рүү зугтах замаа хайж байсан нь тэр болов уу” хэмээн Ваплингтон өгүүлсэн.
The Horn of Plenty шоуны дараа Ваплингтон, Маккуин хоёр хагас жилийн турш хамт сууж, авсан зурагнуудаа эвлүүлэн номоо бэлдэж байжээ. Ваплингтон номдоо зориулж хогийн цэгүүд, нуранги, хиймэл цэцэгсийн зураг авсан бөгөөд эндээс тухайн үеийн эдийн засгийн хямрал илхэн харагдана. Александр Маккуинийг нас барахаас хэдхэн хоногийн өмнө тэд номын зургуудаа сонгож дуусчээ.
Ваплингтон үзэсгэлэнгийнхээ нээлтэн дээр “Александр Маккуин өөрийнхөө зургуудыг Tate Britain-нд тавигдсаныг хараад баярлах байсан. Тэр урлагийн замналаар яваад хэзээ нэгэн цагт өөрийгөө энд үзэсгэлэнгээ гаргаад зогсож байгаагаар үргэлж төсөөлдөг байсан юм. Одоо энэ бүхэн биелэлээ олж буй нь гайхамшигтай хэрэг юм” хэмээжээ.