МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс манай сайт цуврал болгон нийтэлж байна.
Виктор Хюго (1802-1885)
Бидний мэддэг Виктор Хюго буюу Виктор-Мари Хюго нь 1802 оны 2-р сарын 26-ны өдөр Францын Безансонд мэндэлжээ. Яруу найрагч дээр нь роман, жүжгийн зохиол бичдэг байсан тэрбээр францын уран зохиолын томоохон төлөөлөгчдийн нэг яах аргагүй мөн билээ. Түүний аав Наполеоны армийн цэргийн офицер, генерал хүн байсан бол ээж нь хаант засгийг дэмжигч үзэлтэй эмэгтэй байжээ.
1815-1818 оны хооронд Хюго хуулийн чиглэлээр суралцсан ч тухайн салбартаа хэзээ ч ажиллаж байгаагүй юм. Харин ээжийнхээ дэмжлэгээр уран зохиолын салбарт орсон агаад өөрийн болон найзуудынхаа шүлгийг хэвлэдэг “Консерватив уран зохиол” гэх сэтгүүлийг эрхлэн гаргадаг болжээ. 1821 онд түүний эх нас барж тэрбээр тухайн жилдээ Адель Фүшер гэх эмэгтэйтэй гэрлэж басхүү өөрийн анхны шүлгийн түүврийг хэвлүүлжээ. 1823 онд анхны роман нь гарч ар араасаа цувран хэд хэдэн жүжгийн зохиол хэвлэгдэж байв. Бидний мэдэх түүний хамгийн алдартай зохиолуудаас дурдвал “Инээмтгий хүн”, “Парисын Дарь-Эхийн сүм” (1831), “Шоовдор хүмүүс” (1862) зэрэг болно.
Хүч хэрэглэх нь үхэлд хүргэдэг. Хивсчин Лепольд Ренардыг прокурор хоёрдугаар шатны шүүхэд дууджээ. Түүнийг тойроод гол гэрчүүд болох хохирогчийн бэлэвсэн эхнэр хатагтай Фламэш, мужаан Луи Ладуро, ус түгээгч Жан Дюрдан нар байлаа. Сэжигтний хажууд хар хувцастай, жижигхэн биетэй, царай муутай, зохимжгүй хувцасласан эхнэр нь суух авай. Ингээд Ренард болсон явдлын талаар ярьж эхлэв.
– Бурхан минь, амьдралдаа би анх удаа огт санаандгүйгээр нэгэн золгүй явдалд холбогдчихлоо. Энэ хэргийн учир нь тодорхой, эрхэм ерөнхий шүүгч ээ. Би бол шударга, ажилсаг нэг л гудамжинд 16 жилийн турш хивс нэхэж байгаа хүн. Бүгд намайг таньдаг, хайрлаж хүндэлдгийг хөршүүд маань, алиалж наргих гэдгийг өдөр бүр хийгээд байдаггүй манаач ч батална. Ажилдаа дуртай, арвич хямгач зантай, шударга хүн, мөн зөв наргианд ч дуртай. Ер нь энэ шударга зан маань л намайг ийм байдалд оруулчихлаа. Үүнийг би огт хүсээгүй. Тиймээс өөртөө бардам байна. Таван жилийн туршид эхнэр бид хоёр ням гариг бүр Пуаси руу өдрийг өнгөрүүлэхээр явж байгаа юм. Бид тэнд очоод загас барих дуртайг эс тооцвол амарч зугаалахаар л явдаг. Гэхдээ бид загасчлах ямар дуртай гээч! Mэли намайг ийм дур сонирхолтой болгосон ч тэр өөрөө надаас ч илүү загас барих дуртай. Энэ хэрэг явдал түүнээс л болсон юм. Яваандаа та ойлгоно оо. Би бол сэтгэлийн хаттай, сайхан сэтгэлтэй, мөнгөнд тийм ч харам хүн биш.
Гэвч эхнэрийн маань хувьд, бурхан минь, тэр үнэхээр хатуу сэтгэлтэй, өчүүхэн, юм үзээгүй зантай, дээр нь тэр үнэгнээс ч илүү зальтай. Би түүнийг ямар ч сайн зан чанаргүй гэж хэлж байгаа юм биш ээ. Харин ч тэрбээр худалдаачин байхуйц чухал чанаруудыг өөртөө цогцлоосон нэгэн. Харин түүний ааш уу?! Та эргэн тойрны хүмүүсээсээ, бас дөнгөж сая намайг өмгөөлж ярьсан манаачаас ч асууж болно. Танд тэр энэ талаар хэлээд өгнө. Тэр “Чи дандаа л ингэж ч болохгүй, тэгж ч болохгүй гэж байх юм” гээд миний эелдэг занг өдөр бүр шүүмжилдэг. Эрхэм ерөнхий шүүгч ээ, би хэрэв түүний үгэнд орсон бол сард багаар бодоход гурван удаа нударга зөрүүлэх байсан байх…
Хатагтай Ренард түүний яриаг таслан:
– Тэгээд ярьж л бай! Гайгүй дээ, чамайг! гэв.
Тэр эелдэгхэнээр эхнэр рүүгээ эргэн хараад:
– Нэгэнт л чи мэдүүлэг өгөөгүйгээс хойш чамайг би буруутгаж болно биз дээ гэлээ.
Чингээд шүүгч рүү эргэн харсанаа:
– Би үргэлжлүүлье. Эхнэр бид хоёр ням гаригийн үүрийн гэгээнээр загасчлахаар бямба гаригийн орой бүр Пүаси руу явдаг байлаа. Энэ бол бидний зуршил. Гурван жилийн өмнөх тэр зун би нэгэн цүнхэл олсон юм. Сүүдэр газар ойролцоогоор хоёр метр хагас эсвэл магадгүй гурван метр гаруй үргэлжилсэн, эрэг доогуураа илүү гүн, загасчдын диваажин болсон Загасан хөндийг олж нээсэн. Эрхэм ерөнхий шүүгч ээ, би тэр хөндийг өөрийн юм шиг л үздэг. Яагаад гэвэл, би Христофор Колумб шиг тэр хөндийг олж нээсэн шүү дээ. Нутгийн ард түмэн бүгд л тэр Загасан хөндийг мэддэг. Тэд нар энэ бол Ренардын газар гэж үг дуугүй хүлээн зөвшөөрдөг, тэдний хэн нь ч, тэр байтугай бусдын газрыг хулгайлдаг гэдгээрээ алдартай ноён Пльюмо хүртэл миний хөндий рүү ирж зүрхэлдэггүй. Үүгээрээ би түүнийг доромжлоогүй юм шүү.
Би өөрийнхөө газарт эзэн нь юм шиг л очдог байлаа. Бямба гаригийн орой Пуасид очингуутаа л би эхнэртэйгээ хамт Далила руу явдаг байсан. Далила бол миний Норвегид байхдаа Фүрнэзийн үйлдвэрт хийлгэсэн хөнгөхөн, бат бөх завь байгаа юм. Бид Далила руу явсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээд үе үехэн дэгээ тавьдаг байлаа. Яаж хамгийн сайн дэгээ тавихыг зөвхөн би л мэднэ. Найзууд маань үүнийг сайн мэднэ л дээ. -Та надаас юугаар дэгээ тавьдаг вэ гэж асуух байх. Гэхдээ би хариулж чадахгүй ээ. Энэ бол миний нууц. -Найзууд маань энэ талаар надаас олон зуун удаа асуусан. Тэд миний нууцыг мэдэхийн тулд архи, шарсан төмс, амталж шарсан загас хүртэл өгч байсан. (Ямар ч ховор загас байсан миний дэгээнд орчихдог юм.) Аан тийм, нээрээ тэд бас хүч ч хэрэглэж үзсэн… Ер нь бол зөвхөн эхнэр маань л энэ нууцыг мэднэ… Бас надаас өөр хэнд ч тэр энэ талаар хэлэхгүй… Тийм биз дээ, Мэли?
Шүүгч түүний яриаг таслаад :
– Та болсон явдлын талаар ярихгүй юу гэв. Сэжигтэн хариуд нь:
– Тэгье ээ, тэгье. Долоодугаар сарын наймны бямба гаригт бид таван цаг 25 хоромын турш галт тэргээр явсан. Бусад бямба гаригуудын л адил бид оройн хоолны өмнө дэгээгээ шидэхээр явлаа. Цаг яг сайхан тохирч байлаа. Эхнэртээ би “Хонгор минь, хонгор минь маргааш шүү дээ” гэж хэлэхэд надад тэр “Мэднэ ээ, мэднэ. Бид байнга л ингэж хэлдэг шүү дээ” гэж хариулсан. Дараа нь бид оройн хоол идэхээр буцаж ирлээ. Чухам энэ л бүх зүйлийн эхлэл болсон юм, эрхэм ерөнхий шүүгч ээ. Сэтгэл хангалуун байсны дээр ам цангасныг ч хэлэх үү, би гэдэг хүн Мэлигээс “Гадаа сайхан байна. Нөгөөхийгөө уувал яасан юм бэ?” гэж асуусан. Нөгөөх гэж цагаан дарсыг бид ингэж нэрлэдэг юм. Хэрэв дарснаас их уувал шөнө унтаж чадахаа больдог. Та үүнийг ойлгож байгаа биз дээ?
Эхнэр маань “Өөрөө л мэд. Тэгээд маргааш өглөө босож чадахгүй юм болно биз” гэж билээ. Тийм ээ, түүний зөв байсан. Чин үнэнийг хэлэхэд үнэхээр л алсыг харж, ухаалаг хэлсэн байсан шүү. Харин би гэж нэг хүн өөрийгөө барьж дийлэлгүй лонхон дахь дарсыг цөмийг нь залгилсан юмдаг. Эндээс л бүх зүйл эхэлсэн. Би өнөөх үзэмний дарсаа бүгдийг нь ууснаас болоод шөнийн хоёр цаг хүртэл унтаж чадалгүй хөрвөөсөөр байгаад арай гэж нэг юм унтлаа. Унтаад харин ч нэг эрлэгийн элч дуудсан ч сэрэхээргүй нам унтсан байв. Эхнэр маань намайг өглөө зургаан цагт сэрээлээ. Би тэр даруй орноосоо огло үсэрч босоод өмд, хүрмээ хурдхан өмсөж, балга ус залгилаад Далила руу явсан. Гэвч хэтэрхий оройтжээ. Би Загасан хөндийдөө иртэл аль хэдийнэ хүнийх болчихсон байлаа. Урьд нь хэзээ ч ийм зүйл тохиолдож байгаагүй шүү дээ, эрхэм ерөнхий шүүгч ээ. Гурван жил өнгөрөхөд ийм зүйл огт болж байгаагүй юм. Яг л нүдний минь өмнө миний юмыг надаас хулгайлж байгаа мэт тийм мэдрэмж надад төрсөн. Би “Арай ч дээ” гэж уулга алдлаа. Эхнэр маань харин над руу “Чи сүрхий уугаад л байсан, согтуу толгой минь! Одоо сэтгэл чинь ханав уу, болхи амьтан минь?” гээд уурсаж гарлаа. Энэ бүгд үнэн байсан учраас би үг дуугарсангүй .
Тэр хүнийг юу ч барьж чадалгүй тэндээс яваад өгч магад гэж бодоод ойролцоохон очиж зогсов. Хэд гурван загас үлдсэн байж болох юм. Тэрээр туранхай, намхавтар хүн байсан бөгөөд цагаан цамц, том нарны малгай духдуулсан байлаа. Түүний ард эхнэр нь бололтой махлаг авгай юм нэхээд сууж байлаа. Биднийг ойролцоо байрлахыг хараад тэрээр: “Өөр газар олдохгүй байгаа юм байх даа?” хэмээн үглэсэн. Харин эхнэр маань дургүй нь хүрэхдээ “Аливаа газар ирэхдээ хүн ирдэг эсэхийг нь асууж, сураглаж баймаар юм” гэв. Би элдэв хэрүүл маргаан хийхийг хүсэхгүй байсан учир Мэлид “Дуугуй бай. Тэгж л байг, орхи гэм. Харзная” гэсэн. Тэгээд бид завиныхаа хажууд улиас моддын дор нөгөө хоёрын яг хажууханд нь загасчлахаар суув.
Чухам одоо л эрхэм ерөнхий шүүгч ээ, би гол зүйлдээ оръё.
Таван хором хэртэй болов уу, үгүй юу хөршийн маань уурга хоёр гурав нахилзаад бараг миний гуяны дайтай, түүнээс үл ялиг жижиг ч байж мэдэхээр том загас гаргаад ирэх нь тэр. Тэр даруй миний зүрх салганаж, би гэдэг хүн цус харвахаа дөхөв. ”Чи тэрийг харав уу, согтуу хар архичин минь?” гээд эхнэр маань үглэж гарлаа. Энэ хооронд Пуасигийн худалдаачин, загас сонирхон баригч ноён Брю хажуугаар өнгөрөхдөө надад хандан чангаар “Ноён Ренард, таны газрыг хүн авчихсан юм уу?” гэхэд нь би “Тийм ээ, ноён Брю. Энэ хорвоо дэлхийд аливаа юмыг хэнийх гэдгийг нь мэддэггүй иймэрхүү хүмүүс байдаг юм шүү дээ” гэж хариулсан юм. Нөгөөх чинь харин огт сонсоогүй мэт дүр үзүүлсний дээр түүний тарган авгай хүртэл огт ажирсангүй. Гэнэт ерөнхий шүүгч яриаг маань хоёр дахь удаагаа таслаад:
– Анхаараарай! Та энэ шүүх хуралд оролцож байгаа бэлэвсэн хатагтай Фламэшийг доромжилж байна шүү гэв.
– Уучлаарай. Уучлаарай, зовлон маань намайг ийн хэлэхэд хүргэлээ хэмээн Ренард уучлал хүсэн хариуллаа.
Арвантаван хором ч өнгөрөөгүй байтал өнөөх чинь дахиад л загас гаргаад ирэх нь тэр. Хэдхэн хормын дараа бас нэгийг… Би гэж хүн нүдэндээ нулимстай хоцорч байгаа юм чинь. Төд удалгүй сэтгэл нь үймэрсэн эхнэр маань над руу дайрч эхэлсэн дээ. “Хогийн новш, тэр чиний загасыг хулгайлж байна, харав уу? Чи тэндээс юу ч авч чадахгүй, тэр бүү хэл мэлхий ч авахгүй, юу ч шүү, ойлгов уу? Санасны чинь гарз, би мэдэж байна” гээд л загнаж гарлаа. Би дотроо үд хүртэл хүлээе, тэр муу хулгайч өдрийн хоолоо идэхээр явж л таарна. Тэгэхээр нь би өөрийн газрыг эргүүлэн авна даа гэж бодож байлаа. Та ойлгож байгаа биз дээ, эрхэм ерөнхий шүүгч ээ? Би бүтэн сайн болгонд үдийн хоолоо тэнд иддэг юм л даа. Тиймдээ ч үргэлж завиндаа хоол хүнсээ авч явдаг. Үд болсон. Гэтэл нөгөө хулгайч чинь үдийн хоолоо идэх зуур сэтгүүл эргүүлээд л, тэгснээ дахиад нэг загас барьчихдаг байгаа. Мэли бид хоёр түргэхэн шиг үмх талх идчихээд загаснуудаа ийнхүү алдаж байгаадаа үхтлээ гол харлаж билээ. Тэгээд би хоолоо шингээх санаатай сэтгүүл эргүүлж гарлаа. Бүтэнсайн болгонд би Жил Бласыг голын хөвөө дэрлэн сүүдэр бараадан уншдаг юм. Та мэднэ дээ, тэр өдөр Коломбин өгүүллээ бичдэг. Би Коломбиныг мэддэг царайлж эхнэрийнхээ дургуйг хүргэдэг зуршилтай байв. Үнэн хэрэгтээ би түүнийг огт мэдэхгүй, харж ч байгаагүй. Гэхдээ л тэр эмэгтэй хүн гэхэд сайн өгүүлэл бичдэг санагдсан. Надад тэр таалагддаг. Ийм хүмүүс ховорхон шүү. Би эхнэрээ жаахан явуулж эхэлсэнд тэр учиргүй уурлаж, улам ширүүлэхээр нь амаа хамхив. Энэ мөчид манай хоёр гэрч болох ноён Луи Ладуро, Жан Дюрдан нар голын нөгөө эргээр ирж явсан бөгөөд бид бие биеэ алсаас танилаа.
Нөгөө жижиг эр ч буцаад загасчилж эхлээд л загасыг уургалж гарав. Эхнэр нь “Энэ газар үнэхээр сайхан юм аа. Цаашид байнга ирж байя, Дэзирэ!” гэх нь сонсогдов. Миний нуруугаар хүйт даах шиг л болсон. Эхнэр маань “Чи эр хүн биш, чи ерөөсөө хүн биш, туулайн зүрхтэй хулчгар амьтан” хэмээн давтсаар байв.Тэгэхэд нь би “Би ер нь явсан нь дээр юм шиг байна. Тэгэхгүй бол юу ч хийж магад” гэсэн. Түүний нүд улаанаараа эргэлдэн над руу исгэрээд “Чи эр хүн биш ээ. Чи өөрөө зугтаад энэ газраа өгч байгаа юм уу? Яв!яв!” гэж хэлэн хор шар малтлаа. Тэгэхэд үнэхээр хэцүү санагдсан ч би тэссэн. Энэ үед нөгөө эр зоодой загас барьчихав. “Би хэзээ ч ийм загас харж байгаагүй! Хэзээ ч шүү!” Миний эхнэр бодлогошронгуй сууж байснаа дахиад л орилоод эхэллээ. Тэр “Та нар заль гэж юу байдгийг хар даа. Хулгайлсан загасаа эргүүлж өг, бид энэ газрыг олсон. Тохиролцохыг хүсвэл загаснаас олсон мөнгөнийхөө хэсгийг ч болов хуваалцах нь зүйтэй.” гэв.
Торон цамцат бүдүүн авгай “Та нар өөрсдийнхөө гэж бодож байгаа загаснууд биднийх л дээ, хатагтай минь. Надад бусдын мөнгөнөөс ашиг олдог загасны хулгайчдад өгөх загас байхгүй шүү” гэхэд “Та загасны хулгайчид гэж биднийг хэлэв үү?” хэмээн эхнэр маань орилов. Ингэж л тэдний маргаан эхэлсэн юм даа. “Тэд үүнийгээ мэдэж байгаа, луйварчид, хууран мэхлэгчид” гээд голын нөгөө эрэгт байсан манай хоёр гэрч шоолон инээлдэж “Хөөе, дуугаа намсгаач! Нөхөртөө загасчлахад нь саад болоод байна” хэмээн ёжилсон.
Торон цамцтын нөхөр бид хоёр юу ч сонсоогүй царайлж, байрнаасаа огт хөдлөлгүй ус руу тонгойн сууж байлаа. Гагцхүү “Чи муу худалч, завхай хүүхэн. Толгойны өвчин. Яв, зайл. Өөдгүй амьтан” гэж орилохыг л сонсож байв. Гэнэт миний ард чимээ гарахыг сонслоо. Эргээд хартал нөгөө бүдүүн авгай эхнэр рүү маань уулгалан дайрч, халхавчаараа цохиж байлаа. Пан! Пан! Мэлиг хоёр ч удаа цохилоо. Тэр уурлан, зөрүүлээд цохиод авав. Мэли тарган авгайг үснээс нь зуурч аваад баруун, солгойгүй алгадаж гарлаа.
Би тэдний дундуур орохыг хүссэнгүй. Эрчүүд, эмэгтэйчүүдийн асуудлыг хольж болохгүй. Тэгтэл нөгөө нөхөр чинь эхнэр рүү маань улангасан дайрлаа. “Өө, үгүй ээ! Энэ ч арай дэндэнэ ээ, найз минь!” гээд би шувуухайд шангий нь өгч хамар, гэдсэнд нь сайн гэгч нударгалав. Тэр гар, хөлөө сарвалзуулан гэдрэгээ Загасан хөндийн яг гол руу ойчлоо. Тэр үед надад боломж байсан бол би түүнийг гарцаагүй аврах байсан, эрхэм ерөнхий шүүгч ээ. Гэтэл тэр авгай эхнэрийн маань дээр гарчихсан байлаа. Би бусдыг усанд живж байхад туслах хэрэгтэй гэдгийг мэднэ л дээ. Тэгээд ч би түүнийг живчихнэ гэж ер бодоогүй. “Жаахан сэрүүцэж аваг”! гэж бодоод хүүхнүүдийг салгахаар гүйж очиход намайг цохиж, хумсаараа маажиж бүр хазаад халгаасангүй. Аа яа яа, ямар муухай ааш вэ! Товчхондоо нөгөө хоёр нойтон хамууг салгах гэж би тав, магадгүй арван хором ноцолдсон байх. Эргээд хартал нөгөөх чинь байдаггүй. Голын ус яг л нуур шиг цэлэлзэж байлаа. Тэндээс хүмүүс: “Түүнийг авраач ээ, гаргаач” гэж орилцгоож байсан ч хэлэх амархан шүү дээ. Би сэлж чаддаггүй, шумбана гэж бүүр ч байхгүй.
Азаар аврагч болон завьтай өөр хоёр эрхэм ирж, арав гаруй хормын турш хайсны эцэст миний хэлдгээр торон цамцтай намхан эрийг Загасан хөндийн ёроолоос буюу найман тохой гүнээс олсон юм. Намайг шүүж буй хэргийн үнэн энэ дээ, эрхэм ерөнхий шүүгч ээ. Би ямар ч буруугүй.” гэв. Гэрчүүд бүгд үүнийг мэдүүлгээрээ нотлосон тул хэргийг хааж, сэжигтэнг суллажээ.