Ч.ҮЛ-ОЛДОХ
Үлэг гүрвэлийн музейн захирлын сонгон шалгаруулалтад олон хүн өрсөлдөхөд хамгийн өндөр оноог Монголын анхны эмэгтэй анчдын нэг, Байгалийн түүхийн музейн чихмэлийн тасгийн эхлэгч Н.Жавзмаа гэдэг бүсгүй авчээ. Монгол Улс түүхэндээ анх удаа Үлэг гүрвэлийн музейтэй болох шийдвэр гаргаж, захирлаар нь түүнийг томиллоо. Алдагдсан Батаараа АНУ-аас авчирч, үзэсгэлэн дэглэснээр улсын төсөвт багагүй мөнгө төгрөг төвлөрүүллээ. Үлэг гүрвэлүүд “гэр”-гүй хэцүүдэж, Н.Жавзмаа захирал нь үзмэрүүдээ аваад Дархан-Уул, Багануурынханд толилуулахаар явлаа. Батаарын музейн байрыг МАН өгсөнгүйгээр барахгүй П.Алтжин хатагтайд барьцаалж зээл авсан байжээ гэхчлэн мэдээлэл олны сонорт хүрээд удаж байна. Тэр дотроос онцлох мэдээлэл бол Батаарын музейг мэргэжлийн үүднээс зөв авч явах төдийгүй цаана нь асар их хөрөнгө оруулалт, мөнгөний хуваарилалт харагдаад буй тус газрыг шударгаар удирдах цорын ганц хүн нь Н.Жавзмаа гэдгийг бүгд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байв. Тэр бүсгүй ч Батаарын музей байгуулахын төлөө, байр савтай болгоё хэмээн чадлаараа тэмцсэн билээ. Тэр нь ч талаар болоогүй.
Гэхдээ одоо Үлэг гүрвэлийн музейн захирал Н.Жавзмааг өвчтэй байх хооронд сонгон шалгаруулалт явуулж, ажлаас нь халчихаад байгаа юм. Түүнийг салбарын яамнаас явуулсан сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэхчлэн мэдээлэл цацагдах болов. Ямартаа ч Монголын Үлэг гүрвэлийн музейн анхны захирлаар ажиллаж байсан Намсрайн Жавзмааг “Polit-ийн нэг өдөр” булан энэ удаагийн дугаартаа онцолж байна. Хамгийн гол нь түүний ажлаас халагдсан нь бус өнөөдрийг хүртэл юу хийж бүтээв, Үлэг гүрвэлийн гэх тэрхүү музейг байгуулахад ямар гавьяа байгуулав гэдгийг онцлохыг зорьсон юм.
-Жаахан тиймхэн үед, бас таагүй асуултуудтай уулзаж байгаад уучлаарай. Үлэг гүрвэлийн музейн захирлаар жил гаруй ажиллаад халагдсан гэх мэдээлэл саяхнаас гарах боллоо. Чухам юу болсон юм бэ?
-Зүгээр дээ, эгч нь нэг хүний төлөө биш Монгол Улсынхаа төлөө зүтгэсэн. Батаарын музей байгуулахын төлөө чамгүй явлаа. Эргээд харахад хийсэн, бүтээсэн зүйлүүд ч багагүй байна. Тийм болохоор сэтгэл дүүрэн байгаа. Үр хүүхдүүд маань сүүлд миний хийсэн, бүтээсэн, зорьсон үйл хэргээр минь бахархана шүү дээ. Тэгээд ч би шударга ажилласан юм чинь. Гуньж гутрах, хэн нэгэнд гомдох, бусдыг муулах зүйл алга. Сүүлийн үед бодож байгаа нэг зүйл бол харин үнэн үг хэлдэг, шударгаасаа болоод найз нөхөд цөөнтэй, аливаад ашиг хардаггүй хүн жаахан гадуурхагддаг цаг ирж үү дээ. Ийм л байна.
-Таныг нэг иймэрхүү үг хэлнэ байх гэж уулзаагүй байхдаа л бараг таамаглаж байлаа. Би таныг сайн мэднэ л дээ…
-Яаж тэр билээ.
-Бүр жанжин Д.Сүхбаатарын удмын хүн, аав нь Намсрай гэж нутаг усандаа гайхагдсан шударга бор өвгөн, хүүхдүүд, шавь нарынхаа хайртай багш байсан гээд л…бас таныг аавыгаа дагаад анд явдаг байсан дурсамжуудыг одоо ч хүмүүс хэлэлцдэг юм байна лээ.
-Би өөрийгөө тэгж зарлаад явдаггүй хүн байгаа юм. Үүх түүх мэдэж байхыг бодоход өөрөө намайг сайн судалжээ дээ…/инээв/.Ингэхэд нутаг хаана билээ.
– Сүхбаатарт өссөн болохоор би тэр нутгийн үүх түүх, хүмүүсийн удам судар гээд багагүй мэднэ л дээ. Тэр дотроо түүхт хүмүүсийн намтрыг багагүй судалсан…
–Тийм үү. Тэгвэл миний өвөг дээдэс, залуус та нарын ярьдгаар бол манай хамаатан Д.Сүхбаатар жанжин бол хувьсгалын төлөө зүтгэсэн хүн. Харин би бол Монгол Улсад Үлэг гүрвэлийн музей байгуулахын төлөө зүтгэсэн хүн дээ. Манайхан хэдэн үеэрээ шударга ёсны төлөө зүтгэж ирсэн ийм л хүмүүс. Тийм учраас өнөөдөр ажлаасаа халагдсан хэдий ч хийсэн бүтээсэн зүйлтэй гэж бодож өөдрөг бодолтой байгаа.
-Одоо асуултаа жаахан өөрчлөөд Батаарын музей хэчээн үзмэртэй болсон, тулгамдаж байгаа асуудал юу байсан болон цаашид байгаа тухай яривал ямар вэ?
-Тэгье л дээ. Манай музейд Батаараас гадна 22 үзмэр байгаа. Харин стандарт хангахгүй байранд байгаагаас Батаарын маань өнгө зүс гундсан, энэ тухай би бишгүй ярьсан даа. Уг нь бол үүнийг мэргэжлийн байгууллагын хүмүүс сэргээж байх ёстой юм. Даанч музейд тийм мэргэжилтэн, лаборатори нь алга. Одоо байгаа 22 үзмэрээ тэр байранд байлгаж боломгүй. ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтран хадгалалт, хамгаалалтад нь анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ бол тулгамдсан асуудлын нэг.
Батаар ба сор үзмэрүүд үзэсгэлэн нээлтээ хийлээ. 2014 оны долдугаар сарын 9
-Таныг ажлаас халах болсон шалтгааны нэг нь энэ мөн үү?
-Тийм байж болзошгүй. Тэгэхдээ би байр нь халаалт, дулаан байхгүй, ажиллах орчин хангагдахгүй, үзмэрүүдийг байлгахад тохиромжгүй байгааг байнга хэлж, дуугарч ирсэн хүн шүү дээ. Албан бичгийг бол байнга л хүргүүлж байлаа, салбарын яам, сайддаа. Тэгээд эцэст нь ажлаасаа халагдчихаад сууж байна.
-Гэхдээ ажлаас халсан шалтгаан нь сонгон шалгаруулалтын дүнтэй холбоотой гэсэн мэдээлэл цацагдсан. Тэр ямар учиртай юм бэ. Хамгийн анхны сонгон шалгаруулалтад бол та хамгийн өндөр оноог авсан ганц хүн нь. Түүнээс хойш бас дахиад сонгон шалгаруулалт зарласан юм уу?
-Өнгөрсөн хавар урлагийн зарим байгууллагын дарга, захирлын сонгон шалгаруулалт явуулсан. Уг нь бол төрийн үйлчилгээний жинхэнэ албан хаагчийг шалгаруулахдаа сул орон тоон дээр явуулж нөхөх журам байдаг. Гэтэл түүнийг зөрчиж сонгон шалгаруулалт явуулсан. ССАЖЯ-ны тэр шалгаруулалтад би тэнцээгүй гэсэн дүн авсан. Гэтэл хаа хамаагүй БОНХЯ-наас зарласан Хэрлэн голын сав газрын хамгаалалтын захиргааны даргын сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн байдаг юм. Нэг нь ТҮ, нөгөө нь ТЗ ангиллын шалгалт шүү дээ. Эндээс юу харагдаж байна гэхээр тэр шалгалт гэгч анхнаасаа “но”-той байсан нь илэрхий байжээ гэж үзэж болохоор байгаа юм. Тэгээд ч намайг түр орлон гүйцэтгэгчээр томилоогүй. ССАЖ-ийн сайдын гарын үсэгтэй ажилд томилох тушаалд “Үлэг гүрвэлийн музейн захирлаар томилсугай” гэж бий. Харин ажлаас халах тушаалд нь түр орлон гүйцэтгэгч гэсэн үг орж ирснийг гайхаж байгаа. Ямартай ч би Үлэг гүрвэлийн музей гэх хамгийн отгон музейг байгуулахад гар сэтгэл нийлсэн хамт олныг бүрдүүлж, тэднийгээ удирдаж ажилласан, бид багагүй зүйлийг хийж гүйцэтгэсэн. Бас чадсан гэдгийг хэлэх хэрэгтэй.
-Анх тэр музейн захирлаар томилогдож байснаа дурсахгүй юу. Байргүй музейн захирал гээд л хэвлэлээр баахан бичсэн байх шүү?
–Намайг анх ажил авахад Үлэг гүрвэлийн музейн улсын бүртгэлийн гэрчилгээ байсангүй, өөрийн гэсэн байр, баг хамт олон нь ч бүрдээгүй, ийм л байсан. Музейнхээ гэрчилгээг авах гэж баахан хөөцөлдөж, өөрөөсөө хүртэл мөнгө төгрөг гаргаж байж авсан. Гэрчилгээтэй болсноор үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа юм. Дараа нь байрны асуудал гээд багагүй хэл ам болсныг хэн хүнгүй мэдэж байгаа байх. Эцэст нь арай гэж байрандаа орсон. Тэр хүртэл 40 хүнтэй баг бүрдэж, ажлын хамт олон болоод ажилласан даа.
-Батаарыг АНУ-аас анх авчирснаас эхлэн Дархан-Уул аймагт үзэсгэлэн гаргаж чамгүй мөнгө олж улсын төсөвт оруулсан гэдэг байх аа?
– Үлэг гүрвэлийн музейн тухай анх Засгийн газрын 11 дүгээр тогтоол гарч, бид тэр дагуу Батаараа хүлээж авсан. 2012 оны тавдугаар сарын 18-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэхэмжлэл гаргаж, АНУ-д гурван удаагийн шүүх хурал болсон шүү дээ. Түүний дүнд Батаарыг Монгол Улсын өмч гэдгийг шүүх тогтоосон. АНУ, Канад, Монголын палентологийн эрдэмтэд хамтарсан судалгаа хийж, тарбозавр батаар бол Монгол Улсын соёлын үнэт өв гэдгийг тогтоож өгсөн. Сарын дараа Төрийн тэргүүн нэхэмжлэл гаргаж, дараа жил нь буюу 2013 оны тавдугаар сарын 17-нд Батааруудаа эх орондоо авчирсан. Ингээд нэг сарын дараа буюу зургадугаар сарын 1-нд олон нийтэд дэлгэж үзүүлснийг хүмүүс санаж байгаа байх. Эхний нэг сар нь үнэ төлбөргүй үзүүлж, дараагийн хоёр сард музейг төлбөртэй болгосон. Ганцхан үзмэрээс бид гурван сарын дотор 120 гаруй сая төгрөг олсон. 400 гаруй мянган хүн үзсэн гээд тооцоход нийслэлд амьдардаг сая гаруй иргэний тэн хагас нь үзсэн байгаа юм. Дараа нь Дархан-Уул аймагт хорь гаруй хоног үзмэрүүдээ үзүүлэхэд хорь гаруй хоногт улсын төсөвт 128.7 сая төгрөг оруулж байлаа.
-Үлэг гүрвэлийн музейн захирал болохоос өмнө Байгалийн түүхийн музейд олон жил ажилласан байх аа. Яагаад музейтэй ажил, амьдралаа холбосон юм бэ?
-Би Болгар улсын Соёлын их сургуульд аялал жуулчлалын газар зүйн чиглэлээр суралцаж төгссөн. Дараа нь МУИС-ийг агнуур зүйч мэргэжлээр төгсч, ховор бөгөөд томоохон ан, аргал, янгирын эвэр, шилдэг олдворуудыг хадгалдаг Ангийн музейд томилогдсон. Миний ажлын анхны гараа тэр байлаа. Анх музейн тайлбарлагчаар очиж, дараа нь эрхлэгч болж сүүлд нь Байгалийн хишгийн ордны даргаар ажиллаж байгаад 2001 онд Байгалийн түүхийн музейн чихмэлийн лабораторид ажилласан. Тэнд ажиллаж байхдаа чихмэлийн мастер Д.Дагиймаа багшдаа шавиар орж, Байгалийн түүхийн музейд тавигдсан олон том чихмэлийг хамтарч хийсэн дээ. Дангаараа хийсэн бүтээлүүд ч бий.
-Та Монголын цөөхөн эмэгтэй анчдын нэг. Таны багш хэн бэ?
-Миний аав Намсрай гэж хүн байсан, сумын сургуульд насаараа багшилсан хүн дээ. Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул. Би ярилтгүй бараг та сайн мэдэж байгаа болохоор миний өмнөөс хариулчих байх/инээв/. Миний үүх түүхийг сайн мэднэ гээд, зах зухаас нь ярьж байсан болохоор чинь ингэж хэлж байгаа юм шүү. Манайх цөөхөн охинтой, тэр дотроо би аавын охин байлаа. Аавыгаа ан хийхэд дагаж гүйдэг, өөрөө ч их сонирхолтой байсан. Аав бол намайг анчин болгох дургүй. Гэтэл би өөрөө анд хорхойтой байлаа. Ингээд анчин болсон юм. Харин нэлээн сүүлд агнуур зүйчээр суралцаж, багштайгаа хамт Хустайн байгалийн цогцолбор газарт очиж, зөвшөөрөгдсөн буга агнаж байсан. Тухайн үед тэнд анчны отогтой, зохион байгуулалттай ан хийлгэдэг байсан юм. Ер нь 160-аад оны үеэс манай улс спорт агнуурыг нэлээд хөгжүүлсэн. Тэр нь аялал жуулчлалын нэг том төрөл юм. Ан амьтан ч баялаг байсан болохоор өргөн дэлгэр байсан байх. Сүүлд ан амьтан ховордсон, нөгөөтэйгүүр аялал жуулчлалын төрөл олон болсноор байгалийн сайханд аялах, сонирхох, нүүдэлчний соёл иргэншлийг үзүүлэх чиглэлд анхаарах болсон.
-Ингэхэд таны мэргэжилтэй Үлэг гүрвэлийн музей хэр ойр байсан бол?
-Газарзүйч гэдэг дэлхийн хэмжээнд томд тооцогдох мэргэжил шүү. Яагаад гэвэл энэ маань байгалийн шинжлэх ухааны суурь мэргэжил юм. Байгалийн шинжлэх ухаанд амьтан ургамал, уур амьсгал, хөрс шороо гээд бүх зүйл багтаж байдаг. Тэр дотор палентологийн шинжлэх ухаан ч бас багтана. Ерөнхий шинжлэх ухаан дотроо багтаж байгаа салбарууд учраас Байгалийн түүхийн музей, Үлэг гүрвэлийн музей хоёрын аль нэгэнд нь ажиллаж чадна гэх юм уу эсвэл чадахгүй гэх зүйл надад байхгүй. Би олон жил, тодруулбал 22 жил музейд ажилласан. Дээр нь миний мэргэжил байгалийн шинжлэх ухааны мэргэжил учраас надад харин ч ойрхон, түүнээс гадна би орчин үеийн амьтан, тэр дотроо хөхтөн амьтан судалдаг бол үлэг гүрвэлийн музей эртний амьтныг судалдаг. Тэгэхээр ажил маань харин ч сонирхолтой байсан.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.
-Та бүхэнд бас ажлын амжилт хүсье.
Монголын Үлэг гүрвэлийн музейн захирлаар жил тойрон ажиллаад халагдсан түүнийг зочноор урьж, ийнхүү цөөн хором ярилцлаа. Саяхан л тэрээр “Лениний музейн үүдээр ороход В.И.Лениний цээж баримал бүхий гол хэсэг дээшээ гурван давхар хүртэл үргэлжилдэг. Тэр орон зайд музейгээ дэглэнэ. Ард нь фон болгож геохронологийн таблиц буюу он тооллын хүснэгтийг байршлуулна. Архейн эринээс кайнозойн эрин дуустал бүхий л галавт болж өнгөрсөн үйл явдлыг харуулна. Тэр бол дэлхийн түүх юм шүү дээ. Ер нь манай музей маш өвөрмөц байх болно. Одоо манайд байгаа музейнүүд шиг хүн үздэггүй, үхмэл юм хийхгүй. Бүх тоног төхөөрөмжийг орчин үеийн шийдлүүдээр хийнэ. Аудио, ЗD хэлбэрийг ашиглана” гээд л мөрөөдөж, түүнийгээ хэрэгжүүлэх гэж зорьж зүтгэж явсан юм. Түүний зорьсон зорилгын тал хагас нь ч болтугай хэрэгжсэн байх. Үлдэж буй зүйлүүдийг хэн хэрхэн хэрэгжүүлэх бол…Бас Үлэг гүрвэлийн музейн захирлаар хэн гэгч эрхэм хэзээ томилогдох бол гэхчлэн асуулт хөвөрч байна.
Эх сурвалж: www.polit.mn