Өнгөрсөн бямба гаригт хоёр хүүгээ салхилуулахаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьсон юм. Аагим тэр халуун өдөр усан оргилуурын бяцхан цөөрөмд багачууд усаар байлдаж, зарим нь бүхэл биеэрээ үсрэн орж тун ч хөгжилтэй байсныг нэхэн санахад сэтгэлд хүүхэд нас эргэн ирэх шиг санагдах. Энд тэндгүй хөгжилтэй инээд хөөр цалгиж, юунд ч үл яарах тэр л мөч хормууд завгүй их ажилд дөрлүүлсэн амьдралд минь уужим амьсгаа авах завшаан болох мэт.
Тэрхэн мөчид тэр бяцхан хүүд зайрмаг ч атугай авч өгөхсөн гэсэн сэтгэл төрсөн ч аавд нь буруу сэтгэгдэл төрүүлэхээсээ эмээсэн юм.
Хүүхдийн жолооддог жижиг оврын удирдлагатай машин, цаасан шувуу, шааран бөмбөлөгнүүд, бас хөргөгчний хүйтэн ундаа, амтат зайрмаг, дөнгөж гаргасан хуушуур тэргүүтэн тэр өдрийг жинхэнэ диваажин болгож байлаа. Ёстой л өдөр болгон ийм бол гоё гэдэг шиг… Харин хүүхдүүдээ баярлуулах гэсээр хамаг мөнгөө шавхсан ээж аавууд “Картан дахь мөнгө ч дуусчихлаа. Одоо яах вэ” гэсээр бяцхан иргэдээ “аргалах” арга сүвэгчилнэ.
Яг энэ үед бидний хажуугаар ядруухан хувцастай аав, хүү хоёр хөтлөлцөн зөрж өнгөрлөө. Хүү нь 3-4 настай л болов уу. Хүүхдүүд удирдлагатай машин жолоодож, гартаа томдсон зайрмаг долоож явахад бяцхан тэр жаал аавынхаа гараас хөтлөөд чимээгүйхэн алхаж явлаа. Тэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг тойрч яваа бололтой. Тэрхэн мөчид тэр бяцхан хүүд зайрмаг ч атугай авч өгөхсөн гэсэн сэтгэл төрсөн ч аавд нь буруу сэтгэгдэл төрүүлэхээсээ эмээсэн юм. Учир нь тэдний нүдэнд ямар ч гомдол, эсвэл байгаа байдалдаа бухимдсан шинж үгүй байсан болохоор хөндлөнгөөс янз бүрийн зүйл хэлж дургүйг нь хүргэхээс зүрхшээсэн хэрэг л дээ.
Хүү хуушуураа идэнгээ жаргалтайгаар аавтайгаа элдвийг шулганан ярих нь өхөөрдмөөр. Аав нь хүүдээ “Хуушуур амттай байна уу, миний хүү” гэж асуухад жаал “Аанхаа. Гоё байна. Одоо хоёулаа өвөө дээрээ очно тээ” гэж өхөөрдөм хөөрхөн шулганах нь дуулдав.
Бид ч зөндөө тоглож, хүүгээ удирдлагатай машинд суулгаж, хуушуур, зайрмаг, ундаа тэргүүтнээр баахан уйдаагаа гаргаад буцаж машиндаа суухаар явж байтал өнөөх аав, хүү хоёр гадаах цагаан төмөр хашааны буланд сууж харагдлаа. Аав, хүү хоёр хэдэн хуушуур авчихаж. Хүү хуушуураа идэнгээ жаргалтайгаар аавтайгаа элдвийг шулганан ярих нь өхөөрдмөөр. Аав нь хүүдээ “Хуушуур амттай байна уу, миний хүү” гэж асуухад жаал “Аанхаа. Гоё байна. Одоо хоёулаа өвөө дээрээ очно тээ” гэж өхөөрдөм хөөрхөн шулганах нь дуулдав. Яг л тэр үед эцгийн хайр, сайн эцэг хүн гэж хэн бэ, аз жаргал хаанаас эхэлдэг юм бол гэсэн зурвасхан бодол тархинд харван орж ирлээ. Хариулт нь “Хүн ямар ч амьдралтай байж болно. Гол нь өөрөө өөртөө л сэтгэл хангалуун байж чадвал тэр л аз жаргал юм байна” гэсэн хоёрхон өгүүлбэр байв.
Үл таних тэр л хоёр хүн одоо ч надад аз жаргалаа дахин дахин мэдрэх шалтгаан болсоор байна. Аав, хүү хоёр алзахгүй гэдэгт ч би бас итгэж байна. Яагаад гэвэл тэд байгаагаараа байсан, бас байгаа бүхэндээ сэтгэл хангалуун үлдэж чадсан.
Аав, хүү хоёр хуушуураа идэж дуусахад аав нь халааснаасаа бор өнгийн ариун цэврийн цаас гаргаж ирээд хэсэгхэнийг тастаж аван хүүгийнхээ гар, амыг арчаад хогийн саванд хийчихэв. Тэр хэчнээн муу хувцастай, хэн хүний нүдэнд зузаан хэтэвчтэй эр гэж харагдахгүй ч гэсэн ядаж л хогоо гудамжинд хаядаг нэгэн биш байв. Хүүгийнхээ гараас хөтлөн зам хөндлөн гарахдаа “Аав, хүү хоёр гоё зугааллаа, миний хүүд таалагдав уу” гэхэд хүү жаргалтай харцаар эцгээ шагнаж харагдав. Тэр хоёрыг харсан тэр л мөч минь тэр өдөр, бас өнөөдөр, магадгүй маргааш ч гэсэн сэтгэлд үл мартагдах гэгээн дурсамжийн маань нэг нь болж үлдсэн. Үл таних тэр л хоёр хүн одоо ч надад аз жаргалаа дахин дахин мэдрэх шалтгаан болсоор байна. Аав, хүү хоёр алзахгүй гэдэгт ч би бас итгэж байна. Яагаад гэвэл тэд байгаагаараа байсан, бас байгаа бүхэндээ сэтгэл хангалуун үлдэж чадсан. Ийм л хүмүүс амьдралыг илүү уужим харж, нялх бяцхан үрсдээ жаргалтай байх шалтгааныг эртнээс суралцах боломж олгодог байж мэдэх л юм.
Хүн амьдралдаа сэтгэл хангалуун байж гэмээнэ хаана, ямар нөхцөлд амьдарч байгаагаасаа үл хамааран аз жаргалыг бүрэн дүүрэн мэдрэх боломжтой. Гол нь та одоо байгаа бүхэндээ талархаж яваарай.