Улсын драмын эрдмийн театрт сүүлийн өдрүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
Театрын уран бүтээлчдийн нэг хэсэг нь хүүхдийн жүжгийн өдрүүд эхэлж байгаатай холбогдуулан сурталчилгааны зураг авахуулж, зарим нь удахгүй тоглох гэж буй жүжгийнхээ сургуулилтыг хийхээр тайз руугаа яарна. Уран бүтээлчдийн ийм хөдөлгөөнтэй үеэр “Гэгээн Муза” олон улсын наадмын драмын жүжгийн төрөлд шилдэг эмэгтэй гол дүрээр шалгарсан жүжигчин О.Дөлгөөн “туулай” болчихсон явахыг харлаа. Сахал, чих, нүүр будалтыг нь харахад яг л өхөөрдөм туулай шиг харагдах түүнийг түр саатуулж уран бүтээлийн яриа өрнүүлсэн юм.
-“Гэгээн Муза”-гийн эзэн болсонд баяр хүргэе. Сайн уран бүтээлч болох, Жульеттагийн дүрийг бүтээх гэсэн мөрөөдөлтэй байсан та зорилгодоо нэг алхам ойртлоо?
-Баярлалаа. “Гэгээн Муза” наадмын шилдэг эмэгтэй гол дүрийн шагналын эзэн болно гэж төсөөлөө ч үгүй байсан надад гэнэтийн үйл явдал болсон. Наадамд өрсөлдөж буй бүтээлийг УДЭТ-ын тайзнаа тоглож сонирхуулдаг. Энэ жил ОХУ-ын Буриад улсын уран бүтээлчид мөн У.Шекспирийн “Ромео Жульетта” жүжгээр өрсөлдөж байсан. Тодорхой шалтгааны улмаас тэдний бэлтгэсэн жүжгийг үзэх боломж гараагүй. Тийм учраас адилхан жүжгээр өрсөлдөж байгаа тэдний бүтээлийг үзэж чадаагүй болохоор эмээж байлаа. Тайзан дээр Музагаа авчихаад зогсох мөчид хүмүүст олон зүйлийн талаар яримаар санагдсан. “Энэ завшааныг ашиглаад” гэж байгаад хэлэх зүйл надад олон байлаа. Гэхдээ сандраад, тайзны ард олон хүн хүлээж байсан учраас хэлье гэж бодсон зүйлсээ ярьж чадаагүй. Ялангуяа “Хэрвээ би шагнал авбал заавал хэлнэ” гэж бодож байсан зүйлээ хэлж амжаагүй. “Мөрөөдлийн театр”-ын ах нар, хамт олондоо баярлалаа гэж хэлэх байсан юм. Тиймээс энэ завшааныг ашиглаад хэлье. Ер нь ямар ч зүйл сайн суурьтай бол хэр баргийн юмнаас айж эмээх шаардлагагүй байдаг. Түүн шиг миний жүжигчин болох суурийг тавьж өгсөн газар бол яахын аргагүй“Мөрөөдлийн театр”. Сургуулийнхаа тайзнаас өөр газар гарч үзээгүй намайг жүжгийн гол дүрд тоглож чадна гэж итгэл үнэмшлийг төрүүлж урам өгсөн театрынхаа ах нарт баярлаж явдаг.
-Харьцангуй богино хугацаанд сургуулилт хийж, Жульеттагийн дүрийг амжилттай бүтээлээ. Мөн хамгийн залуу Жульетта болсноороо та Монголын драмын жүжгийн түүхийн хуудсанд нэрээ бичүүлж байна?
-Бид жүжгийнхээ сургуулилтыг маш сайн хийсэн. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш зөвхөн “Ромео Жульетта” жүжгээ сургуулилсан. Тэр хугацаанд Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, О.Гэрэлсүх нартай уулзсан. И.Одончимэг эгч 30 нас гарсан үедээ Жульеттагийн дүрд тоглоход “Ийм залуугаараа сонгодог жүжгийн гол дүр авч байна” хэмээн ярьдаг байсан гэсэн. Тэгсэн Б.Шинэбаяр бид хоёр 24 настайдаа “Ромео Жульет-та” боллоо. Дэлхийд алдартай сонгодог жүжгийн ноён нурууг авч явах болсноороо бидэнд томоохон хариуцлага ирсэн. Тийм болоод тэр үү эхэндээ баярлахаас илүүтэй эмээж байсан юм. “Ромео Жульетта” жүжгийг тоглож дууссаны дараа үзэгчдийн алга ташилт зогсдоггүй байсан” гэж И.Одончимэг эгч хэлсэн. Түүнээс хойш олон жил уран бүтээл тоглоход тийм алга ташилтыг дахиж сонсоогүй гэж бас ярьсан шүү. Жүжигт тоглосноос хойш И.Одончимэг эгчийг ажилдаа ирэх бүрт УДЭТ-ын жижүүрт захиа ирчихсэн түүнийг нь О.Гэрэлсүх ахтай хуваагаад авдаг байсан тухайгаа хүртэл хуучилсан. Харин одоо захиа бичихгүй мессэж, фэйсбүүкээр хүмүүс сэтгэгдлээ бичдэг болжээ. Завгүйгээс болоод надад ирсэн зарим сэтгэгдэл, асуултад хариу бичиж амжихгүй байгаад хүмүүсээс уучлал гуйя.
-Дэлхийд алдартай сонгодог жүжгийг амилуулахад гол дүрийг хамтран бүтээсэн жүжигчинтэй яг нэг хүн байх шаардлага гарсан байх. Үе тэнгийн жүжигчинтэй ийм мундаг бүтээлд хамтран ажиллахад ямар санагдсан бол?
-Манай Б.Шинэбаяр мундаг шүү дээ. Хөдөлмөрч, мэрийлттэйн дээр мэдрэмжтэй жүжигчин юм шиг санагдсан. Бас дууны өнгө нь хүмүүст их таалагддаг.
-Та хоёрт үзэгч, фэнүүдээс ямар бэлэг өгч байна вэ?
-Охид надад зориулан хийсэн бэлгээ өгдөг. Б.Шинэбаярт зургийг нь зураад хүртэл өгдөг гээд бод доо. Жүжгийн дараа хувцас солих, нүүрийнхээ будгийг арилгах гэж удна. Гэтэл тэр болтол бэлгээ өгөх гээд хүлээгээд зогсдог үзэгч ч байдаг. Тэр утгаараа бидний тоглосон жүжиг хүмүүсийн сэтгэлд хүрсэн уран бүтээл болж байгаа юм болов уу гэж бодсон.
-Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатартай хамтран ажиллахад амаргүй байв уу?
-“Мөрөөдлийн театр”-ын зарим уран бүтээлийн найруулагчаар Н.Наранбаатар ах ажилладаг байсан. Ер нь бол маш чадварлаг найруулагч. Энэ хүнтэй ажилласнаар маш их зүйл сурсан. Н.Наранбаатар найруулагч хамтран ажиллаж буй уран бүтээлчдээ өгөөжтэй, үргэлж зааж сургаж байдаг хүн дээ.
-Хэдэн жилийн өмнө тантай ярилцаж суухад Жульеттагийн дүрийг бүтээх миний мөрөөдөл гэж хэлж байсан. Мөрөөдлийнхөө нэг хэсгийг биелүүлсэн таны дараагийн зорилго юу вэ?
-Жульеттагийн дүрийг бүтээх миний багын мөрөөдөл байсан. Яг одоо тийм дүрд тоглох юмсан гэсэн хүсэл алга. Харин сүүлийн үед эсрэг дүрд тоглож үзэхсэн гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд ихэвчлэн эерэг дүр бүтээсэн болохоор эсрэг дүрийг гаргаж чадах болов уу гэж өөрөөсөө асуух болсон. Уран бүтээлч хүн насан туршдаа суралцдаг. Бас мөрөөдөл хязгааргүй, маш олон гоё сонгодог зохиолууд бий. Дээр нь Монголын зохиолчдын жүжгүүд байна. Тиймээс бид ямар ч дүрийг голох эрхгүй. Би мэргэжилдээ маш их хайртай. Тухайлбал, яг одоо би бүжингийн дүрийг бүтээхээр бэлтгэж байна.
-Зарим жүжигчин дэлгэцийн бүтээлд тоглох нь тайзан дээр гарахаас амархан гэж ярьдаг. Харин та оюутны ширээнээс тайзан дээр гарч уран бүтээлд тоглосон азтай гэж хэлж болох уран бүтээлч. Энэ нь магадгүй тантай нэг гараанаас гарсан уран бүтээлчдээс ялгарах таны давуу тал юм болов уу?
-Тийм байж болох л юм. Ер нь тайзны уран бүтээлд тоглоход дэлгэцийн бүтээл орхигдох гээд байдаг юм байна. Яагаад гэвэл, бидэнд цаг зав бага гардаг. Гэхдээ өөрөө цагаа зохицуулж чадвал чөлөөтэй л дөө. УДЭТ-т орсноос хойш ажлынхаа хажуугаар “Биелэгдэшгүй төлөвлөгөө” кинонд тоглосон. Ер нь театртаа ажиллахын зэрэгцээ дэлгэцийн бүтээлд тоглох амаргүй санагдсан. Дээр нь гэрийн эзэгтэйн үүргээ биелүүлэхгүй бол болохгүй шүү дээ. /инээв/ Гэхдээ болохгүй гэвэл бүх зүйл бүтэхгүй. Ажил их байх тусам хүн олон зүйлийг хийж амжуулдаг юм шиг санагддаг. Ер нь мэргэжлийн жүжигчин хүн учраас тайз болон дэлгэцийн бүтээлийг аль алиныг нь орхигдуулахгүй гэж бодож байгаа.
-Та“Мөрөөдлийн театр”-аа орхисон шийдвэрээ зөв болсон гэж бодож байна уу?
-Харамсдаггүй. Миний туйлын зорилго сайн жүжигчин болох. Ямар ч байсан сайн уран бүтээлд тоглох, хүний сэтгэлд хүрсэн дүр бүтээх зорилготой учраас мөрөөдөлд хүрэх замаасаа гараагүй. Хүүхэд сургуулиасаа шилжихээр хуучин хамт олноо санадаг шиг зүйл байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ одоо ч гэсэн“Мөрөөдлийн театр”-ынхаа хамт олонтой холбоотой байгаа. Театрынхаа ах нарыг УДЭТ-т ирэхээр“Манайхан ирж байна” гээд хэлчихдэг. Тэгэхээр Драмын театрынхан“Чи аль театрын хүн юм бэ” гэж асууж байдаг л юм.
-Энэ их ажлын ачааллын хажуугаар өөртөө яаж цаг зав гаргадаг вэ?
-Чөлөөт цаг ховорхон олдо но. Тиймээс цаг гарвал гэр бүлийн-хэнтэйгээ хамт байхыг эрмэлздэг. Гэрийн эзэгтэй болохоор гэрээ цэвэрлэх, салхинд гарах хамгийн сайхан байдаг. Одооноос боловс-ролдоо анхаарч гадаад хэлний сургалтад явах гэж байна.
-Танд ганц хүний жүжгийн төрөлд хүч үзье гэсэн бодол бий юү?
-Одоохондоо олон зүйлд анхаарлаа хандуулаад хэрэггүй гэж бодож байгаа. Ер нь цаашид хийхээр төлөвлөсөн зүйл бий. Тэрийг тухайн үед нь яривал илүү сонирхолтой байх болов уу.
-“Гэгээн Муза” наадмын үеэр өмссөн таны даашинз бүсгүйчүүдийн нүдийг булааж байсан. Та өөрөө даашинзныхаа загварыг гаргасан уу?
-“Урлах эрдэм” дээд сургуулийн дизайнер М.Энхжаргалаар даашинзаа оёулсан. Дизайнер маань загвараа гаргаж, залуу уран бүтээлч гэдэг утгаар цагаан өнгө сонгосон. Жульеттад тоглосон учраас даашинзны загварт өд оруулж өгсөн гэсэн. М.Энхжаргал маш чадварлаг дизайнер. Шинэ жилээр өмссөн миний даашинзыг урлаж, хүмүүс надаас хэн гэдэг дизайнераар урлуулсныг сураглаж байсан юм.
-Хүмүүс сонирхлоороо ямар нэгэн зүйл цуглуулдаг. Танд тийм цуглуулга бий юү?
-Хөргөгчин дээр наадаг соронз цуглуулах сонирхолтой. Гэхдээ одоо хүүхэд тоглоод бараг байхгүй болсон.
-Одоо хүү тань хэдэн ой хүрч байна вэ?
-Хоёр ойтой. Нөхөр бид хоёр хүүгээ гардаж харж байгаа. Хүү цэцэрлэгт орсон болохоор харьцангуй амар болсон. Дээр нь манай нөхөр хувийн бизнес эрхэлдэг болохоор хүүгээ цэцэрлэгт нь өгч, аваад байдаг юм. Би чөлөө авч, тасалж, хоцорч, өвдөж болдоггүй ажил хийдэг учраас нөхөртөө зарим зүйлээ даатгачихаад л явж байна даа.
-Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнарантай таныг хамаатан гэж сонссон?
-Ардын жүжигчин Г.Мягмарнаран манай хүргэн ах байсан юм билээ. Манай өвөөгийн дүүгийн хүүхэдтэй гэрлэсэн хүн.
-Одоо таны тоглож байгаа жүжгийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр тоглох уу?
-С.Михалковын “Бардам туулай” мюзикль инээдмийн жүжгийг Хүүхдийн баяраар бяцхан үзэгчдэдээ толилуулахаар бэлтгэж байна. Жүжигт би бүжингийн дүрд тоглосон. Өнөөдөр жүжгийн сурталчилгааны зургийг авч байгаа манай театр хөл хөдөлгөөнтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.Сэлэнгэ
unen.mn