АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг 2000 онд Чикагод сонгуульд ялагдсаны дараа эхнэр Мишель нь түүнээс салах гэж байжээ. Найман жил ханилсан эхнэр нь түүнээс гэрлэлтээ цуцлуулах гэж буйг мэдсэн Барак Обама депресст гүн орсон бөгөөд найз нөхөд нь түүнийг амиа хорлох вий гэхээс эмээж байсан гэдэг. Барак Обамагийн амьдрал, Цагаан ордон дахь эхний жилийн тухай өгүүлсэн ‘The Amateur’ номондоо зохиолч Клайн түүний хувийн амьдралын хүнд хэцүү үеийн тухай бичсэн нь энэ аж. АНУ-ын хамгийн анхны хар арьст ерөнхийлөгчийн хувийн амьдрал ч шулуун дардан байгаагүй, салж, сарнихдаа тулсан үе ч тохиолдож байсан талаар тэргүүн хатагтай Мишель Обама ярьсан байдаг. Клайны номонд бичсэнээр Барак Обама, Мишель нар хоёр ч удаа гэрлэлтээ цуцлуулах гэж байжээ. Гэвч тэд үр хүүхэд, гэр бүл, улс орныхоо төлөө хамтдаа тэмүүлж, зорьж хүнд хэцүүг ардаа орхиж чадсан гэж ярьдаг гэнэ. 21 жил ханилсан АНУ-ын Ерөнхийлөгч, тэргүүн хатагтай том охиндоо 12 нас хүрэх хүртэл гар утас хэрэглэхийг зөвшөөрөөгүй бөгөөд амралтын өдрөөр “Facebook”, TV үзүүлдэггүй аж. Ерөнхийлөгчийн том охин Малиа 13, бага охин Саша нь одоо 9 нас хүрч байгаа юм байна.
Н.Рэй