Жүжигчин Сандра Баллокийн хувийн амьдрал хэзээ ч сарнайн дэлбээ дэвссэн зам шиг дардан сайхан байсангүй. Бараг л өргөст цэцэг цацчихсан зам гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Тэгвэл өдгөө тэрбээр Холливудтай ямар ч холбоогүй хүнтэй учирч, аз жаргалтай амьдарч байна. 51 настай жүжигчин өдгөө цорын ганц жинхэнэ хайраа олж чадсан болов уу.
Сандра удахгүй Брайан Рэндаллтай уулзсаны нэг жилийн ойгоо тэмдэглэнэ. Өмнө нь модель байсан, өдгөө гэрэл зурагчин болсон тэр залуу анх алдарт жүжигчний хүү Луигийн төрсөн өдрийн зургийг авахаар гэрт нь очжээ. Ингээд хэдхэн сарын дараа нууцлаг Сандра найз бүсгүй Женнифер Энистоныхоо хурим дээр Брайаныг дагуулан очсон гэдэг.
Женнифер Энистоны хурим ямар ч гэрэл зураг, папараццигүй, нууцлалын өндөр зэрэгт болсон учраас Сандрад залуугаа дагуулан очиход яг тохиромжтой байв. Гэвч даравч дардайна, булавч бултайна гэгчээр дурлалт хосын зургууд удалгүй дэлхийн хэвлэл мэдээллүүдээр цацагдаж эхэлжээ. Энэ цагаас л Баллок Брайаныг гэртээ нүүж ирэхийг урьсан гэдэг. Энэ хугацаанд Сандра 2010 онд өргөж авсан Луи хүүдээ Лайла хэмээх охин дүү өргөж авсан юм.
Хайр дурлалын тухайд Сандра өмнө нь дөрвөн жилийн турш жүжигчин Тэйт Донованы сүйт бүсгүй байсан ч хаягдсан юм. Бас Мэттью Макконахигаас болж Техас муж руу нүүсэн түүхтэй. Гэвч тэд сайн найзуудаас хэтрэлгүй үлдэцгээсэн гэдэг. Дуучин Боб Шнайдер, өөрөөсөө 16 насаар дүү Райан Гослингтой хэсэг уулзаж, Жесси Жеймсийн эхнэр болж таван жил хамт амьдарсан гээд хайр дурлалд аз тохиож байсангүй.
Өдгөө Сандра шинэхэн амрагтайгаа сүй тавихгүй, гэрлэхгүй байгаад ч гайхах зүйл үгүй. Сандра өнгөрсөн хугацаанд хэтэрхий олон шарх авчээ. Хамгийн сүүлд нөхөр Жесси Жеймс нь порно оддын жинхэнэ донтон байсан нь илэрсэн. Ямар чөтгөр нь Сандраг порно бизнесийн салбарт ажилладаг эмэгтэйчүүдтэй холбогдож, гурвын гурван хүүхэдтэй болсон эртэй учруулдаг байна аа. 2010 онд Сандра нөхрөө порно жүжигчинтэй явалдаж, араар тавьдгийг нь мэдсэн түүхтэй. Тухайн үед тэд хүүхэд үрчилж авахаар зэхээд байж. Сандрад мэдээж нөхрийн араар тавилт том цохилт болсон нь ойлгомжтой. Гэвч тэр хүүхэд үрчилж авах мөрөөдлөөсөө ухралгүй, Луи хүүгээ ганцаараа өсгөхөөр болсон юм.
Гэрлэлтээ цуцлуулсны дараа Баллок хэнтэй ч уулзаж учралгүй, үр хүүхдэдээ хамаг анхаарлаа хандуулж байсан билээ. Тэгвэл одоо тэрбээр сэтгэлд нийцсэн залуугаа олчихоод, хуягандаа нуугдсан яст мэлхий шиг хав дарж сууна. Тэр одоо хуримаа хийх болов уу.
-Хамт ажилладаг хүмүүс, найзууд тань таныг хамгийн эелдэг, найрсаг эмэгтэй гэлцдэг юм билээ. Ингэхдээ “миний мэддэг бүх од дундаас” гэж огт хэлдэггүй шүү?
-Өө, би яг уйлах нь ээ. Хамт ажиллаж буй хүмүүсээ халамжлах нь надад үнэхээр сайхан байдаг. Гэхдээ миний энэ халамжтай зангийн цаана хэн нэгэн хэзээ нэгэн цагт надад ч халамж анхаарал тавих юм бил үү гэсэн итгэл найдвар байдгийнх биз ээ. (Инээв.) Ер нь од ч бай, үгүй ч бай, энэ нь төөрөгдөл биз. Ямар утгаар хэлсэн бэ гэхээр хэрвээ хүн алдартай болбол тэр өөдгүй хүн, эсвэл бузар булай болдог. Холливудад бүх жүжигчин бие биеэ үзэн яддаг, саванд хийсэн аалзнууд шиг бие биеэ хэмлэж иддэг гэдэгт итгэдэг. Үнэндээ бол тийм биш. Бүсгүйчүүд бид өөрсдийг нь ангуучилдгаас залхаж, бүгдээрээ л энэ системийг үзэн яддаг. Гоо сайхны тэнэг стандарт, нас бие гүйцсэн жүжигчин бүсгүйд тохирох дүр биш гэх мэтчилэн. Бид бүгдээрээ амьдрал, карьерыг нь балладаг иймэрхүү замбараагүй зүйлтэй тэмцэх эрмэлзлээрээ нэгдчихсэн улс. Миний хувьд Холливудад орохдоо хэн байсан, тэр хэвээрээ л байгаа.
-Танд ч бас залуу охид шиг замхарч явсан үе бий биз дээ?
-Байлгүй яах вэ. Коллежид арайхийн орсон. Одоо ч гэсэн намайг яаж коллежоос хөөгөөгүй юм бэ гэж гайхдаг шүү. Өчнөөн л тэнэг алхам хийж явлаа. Шоронд орохоос бусдыг нь хийжээ. Би хувь заяандаа маш их талархдаг. Харин таван жилийн өмнө л жинхэнэ амьдралыг мэдэрсэн. Салалт, ээж болох гэсэн хоёр асуудал эвлүүлдэг тоглоомын дутуу хэсгийг олж, бүтэн зураг бүрэлдэх шиг болгосон. Үнэндээ зүгээр салалт ч биш, хууран мэхлэлт, ар нуруу руу хийсэн цохилт гэж хэлж болно. Би энэ аймшигт үеийг аль болох хурдан мартахыг хүсч байна. Дотроо аль болох тайван байсан тулдаа тэрхүү цохилт намайг унагааж чадаагүй. Бяцхан Луи л намайг аварсан. Хүүхэд л намайг биеэ барихад, босч ирэхэд тусалсан. Эмэгтэй хүнийг ээж болохоос өөр юу ч хүчирхэг, ухаалаг болгож чаддаггүй юм билээ. Яагаад гэвэл ээж болсон би өөрөө ямар хүн болохыг хүсдэг, түүнийгээ хүүхдүүддээ харуулахыг хичээдэг.
-Та дахиад нэг хүүхэд өргөж авахыг маш их хүссэн ч айж байсан гэсэн?
-Хоёр дахь хүүхдээ Луи шигээ хайрлаж чадах болов уу гэж айж байсан. Дахиж ээж болох аз жаргалыг амсах эрхгүй гэж бодож байлаа. Гэвч Лайла миний амьдралд орж ирэхэд надад дахиад нэг зүрх ургах шиг л болсон. Би энэ бяцхан охиныг бүх сэтгэл зүрхээрээ хайрлаж байгаа мөртлөө Луид бас урьдын адил асар их хайртай хэвээрээ байдаг. Тун гайхалтай мэдрэмж шүү. Хоёр хүүхэд маань нэгэн дээвэр дор өсөхөөр бие биеэ гэж заяасан мэт байдаг. Мэдээж би Луиг эмэгтэй дүүтэй болоход хэрхэх бол гэж эмээж байлаа. Аяллын туршид хүүдээ эрэгтэй юм уу эмэгтэй дүүтэй болно гэдгийг байнга сануулж байсан. Тэр ч дүү хүсч, үүнийгээ хэлж байлаа. Луи, Лайла хоёр анхны өдрөөсөө л салахаа больсон. Ямар ч бие биедээ атаархах, тэмцэлдэх юм байхгүй. Би нэг л зүйл хэлье. Хүүхдүүд маань надад ирэх ёстой цагтаа ирсэн гэдгийг. Би тохиолдлын зүйл байдаг гэдэгт итгэдэггүй.
-“Оскар”-аас долоон шагнал түүсэн “Gravitation” кино гарсны дараа та ойрын үед кинонд тоглохгүй, Луи хүүтэйгээ хамт байхыг хүсч байна гэсэн шүү дээ. Гэтэл удаа ч үгүй Жорж Клунийн “Бидний брэнд хямрал” кинонд тоглохоор болсон байсан. Тэр ч танаас залхдаггүй бололтой?
-(Инээв). Би аль эртнээс жилдээ ганц нэг л кинонд тоглодог болсон шүү дээ. Хувийн амьдралаасаа шалтгаалаад ажиллах эсэхээ шийддэг болсон гэсэн үг. Харин Жоржтой ажиллахад тааламжтай санагддаг учраас өөрийгөө барьж дийлээгүй. Тэр “сансар”-тай зураг авалтад оролцоход хэчнээн их тусалж байсан гээч. Ингэхэд “Gravitation”-ы хувцсаа үдэшлэгийн даашинзнуудтайгаа хамт хадгалдгийг минь мэдэх үү. Луи заримдаа машинаар явахдаа тэр хувцсаа авч яваач гэж гуйдаг. Хэрвээ тэгэх юм бол сургууль явах замд Луи хажуу талын суудал дээр дуулга энэ тэрийг нь өмсчихсөн сууж байх ч юм бил үү гэж боддог. Тэгэхээр би юу ч төлөвлөөгүй, бас биеэ барьж дийлээгүй гэсэн үг.
-Ингэхэд Жорж Клунитэй хэрхэн танилцсан билээ. Та хоёр удаан найзалж байгаа гэсэн?
-Энэ бол эртний явдал. Залуудаа бид хоёр бараг ихэнх цагт ажилгүй суудаг байлаа. Үнэнийг хэлэхэд бид гурвуулаа үерхдэг. Жорж, Грант Хеслов, тэгээд би. Нэгэн үдэшлэг дээр Клуни нэг жүжигчнийг яаж дууриаж байгааг харсан юм. Үнэнийг хэлэхэд тэр үдэшлэгт надтай хамт ирсэн залуу надтай цаашид уулзах бодолгүй байсан. Харин би Жоржтой танилцаад, найзлаад эхэлмэгц тэр өөрөөр эргэж эхэлсэн. Тэгээд л Клунийн ачаар би тэр залуутайгаа үерхсэн юм даа. (Инээв.) Клуни тэр залууд “Хэрвээ чи түүнийг эргүүлэхгүй бол би найрлаа шүү” гэж хэлсэн гэсэн. Мэдээж тэр тоглоом шоглоомоор хэлсэн байх л даа. Эсвэл үгүй ч юм уу, хэн мэдэх вэ.
-Таныг Жоржтой яагаад дотно харьцаа үүсгээгүй юм бол гэж хүмүүс гайхдаг?
-Жоржийн хэлж байгаагаар ийм найз бүсгүйтэйгээ найзын биш харьцаа үүсгэж, алдана гэдэг тэнэглэл гэсэн. Магадгүй би түүний дурлалт бүсгүйчүүдийн нэг нь болсон бол өдийг хүртэл ийм дотно нөхөрлөхгүй байсан биз.
-Үнэнийг хэлэхэд та хүүхдүүддээ маш их санаа зовдог байх. Юу хэлэх гээд байна вэ гэхээр тэд африк гаралтай америкчууд. Дээрээс нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэгдэл өнөөдөр ч бүрэн арилаагүй байна шүү дээ?
-Би өдөр бүр айж эмээдэг. Дэлхий ертөнц дахиад галзуурсан мэт болжээ. Хэдэн арван жилээр бүтээсэн зүйлс нүдэн дээр нуран унаж байна шүү дээ. Мэдээж би хүүхдүүдээ аюулгүй байдлыг мэдэрч өсөөсэй гэж хүсдэг.
Хэрвээ би чаддаг бол бүхий л амьдралынхаа туршид тэднийгээ далавчин дороо бөөцийлж явах сан. Гэвч тэгэх боломжгүй. Би хүүтэйгээ эдгээр асуудлаар шударгаар ярилцдаг. Хэн нэгэн өөр хүн түүний нүдийг нээж, энэ бүхнийг таниулаасай гэж би хүсэхгүй байна.
-Танд дахиад гэрлэх бодол байна уу. Хүүхдүүддээ эцэгтэй болгохын тулд ч юм уу?
-Итгэлгүй байна аа. Гэхдээ найдвартай харилцаатай байхад амар байдаг. Инээд хөөр, хайр, дурсамжтай аз жаргалтай өдөр, цаг мөчүүд гээд л. Луи гарч ирснээс хойш би уламжлалт гэр оронг бүрдүүлсэн гэхэд болно. Хүүхдүүдийн шуугиан, хуваарь, хүүхдийн тоглоомоор дүүрсэн орон гэр. Бүх зүйл ийм хэвээрээ байгаасай гэж би хүсдэг.
-Та бүгдийг зовоодог Холливудын гоо сайхны талаар дурдсан. Олон охин загвар өмсөгчидтэй адилхан болохыг хичээж, өөрийгөө бие, сэтгэлээ зовоодог. Энэ талаар?
-Надад тэд тэнэг, харамсалтай санагдаж байна. Миний хувьд хэзээ ч гоо үзэсгэлэнт бүсгүй байгаагүй. Секс бөмбөг гэдэг үг надад лав тохирохгүй. Гэхдээ үүнийхээ ачаар л би Холливудад буюу галзуу бизнест амархан өсч томорч, өтөлж байна шүү дээ. Яагаад гэвэл бүх зүйл миний нөхцөлөөр л болсон. Хэн ч намайг ийм зүйл хийх ёстой гэж албадахгүй. Дэлгэцэнд би хөгшин харагдана уу, царай муутай байна уу, алинд нь ч санаа зовохгүй. Бүгдэд нь ийм аз тохиохыг хүсье.
-Залуу насандаа эргэж очиж болдог бол өөртөө ямар зөвлөгөө өгөх байсан бэ?
-Аливаа юманд санаа бага зовж бай гэж зөвлөх байсан. Би сайн ээж мөн үү. Би үүнийг хүртэх хэмжээний сайн, хангалттай хөдөлмөрлөсөн бил үү. Хүүхдүүддээ ээж нь байж чадаж байна уу. Иймэрхүү зүйл миний бүтээлч чадварыг бардаг байлаа. Харин одоо би өөрийгөө захирч чаддаг болсон. Хүү минь намайг ингэж санаа зовдгоос ангижруулсан. Өмнө нь би өөрийнхөө тоглосон киног үзэж чаддаггүй байлаа. Хийсэн бүх зүйл таалагддаггүй байсан гэхэд болно. Азгүйдэл тохиох вий гэсэн мөнхийн айдас дунд амьдардаг байлаа. Өглөө босоод л сэтгэл гутралд автчихна. Харин нас ахиад ирэхэд би өөртөө “Өнгөрсөн жил би юунаас айж байсан юм бол. Огт санахгүй юм. Хэрвээ санавал энэ айдсыг шууд мартана” гэдэг болсон. Тэгээд л урагшаа ахина даа.
Эх сурвалж: