Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн гэх таагүй хэрэгт холбогдоод байгаа жүжигчин Х.Бат-Ундрал “Guys” хамтлагаасаа гараад хэдхэн сарын нүүрийг үзэж яваа. Сонсогч фэнүүдээ гайхашралд оруулж, олны дургүйцлийг төрүүлсэн онцгүй асуудалд огтхон ч холбогдолгүй гэдгээ тайлбарласан дуучин залуу маань саяхан хайртай бүсгүйгээ “ил” гаргаад амжсан.
“Catwalk” хамтлагийн дуучин, фото модель Э.Нарантунгалаг хэмээх халуухан бүсгүйтэй сүй тавьсан түүнийг урьд нь гэр бүлийн амьдрал зохиож явсныг мэдэх хүн тийм ч олон биш. Дур булаам бие галбиртай, авьяаслаг, царайлаг бүсгүйг өөрийн болгож “Цэцэг шиг чамайгаа үргэлж хайраар усалж амьдарна” хэмээн бал бурмын үгс илгээж суугаа Уугий энэ мэт шүүмжлэлийг сонссон нь мэдээж биз.
Тиймдээ ч саяхан албан ёсоор тайлбар хийж “Би өмнө нь эхнэртэй байсан гэдгээ нуухгүй. “Бие холдвол сэтгэл холдоно” гэдэг үг их үнэн юм билээ. Эхнэр маань Америкт очоод намайг гурван жил хүлээсэн. Даанч би уран бүтээлээсээ холдохгүй, эхнэр минь энд ирэхгүй гэсээр байгаад хоёр тийшээ болсон. Тэр хүний хувьд, намайг гурван жил хүлээсэн нь хангалттай хугацаа гэж би үздэг. Тиймээс хэн хэнд маань харамсах зүйл байхгүй” хэмээн ярьжээ.
С.Цахиур