Замын цагдаагийн газраас “Хамгаалах бүс Хамгаалалтын суудал” аяныг зарлаад байна. Үүнтэй холбоотойгоор зарим зөвлөмжийг хүргэе.
Хүүхдийн зориулалтын суудал хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэл хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэл хувиар хамгаалдаг байна.
ХҮҮХЭД УЙЛААД БАЙДАГ
Энэ бол хүүхдэд хамгаалалтын бүс, суудал хэрэглэхгүй байх шалтаг огт биш. Уйлж л байг. Уйллаа гээд хүүхэд үхэхгүй. Харин аваар осол болвол хамгаалалтын бүс, суудалгүй хүүхэд амь насаа алдах эрсдэлтэй. Тиймээс хүүхдийг уйлсан ч битгий тоо. Бүс зүүлгэх, суудал дээр суулгах дүрмээсээ битгий ухар. Хоёр, гурван удаа хүүхэд уйлсан ч удалгүй уйлаад ч нэмэргүй юм байна гэдгийг мэдэж, дүрэмтэй чинь эвлэрэх л болно.
ХҮҮХДИЙН СУУДЛЫГ УРД БАЙРЛУУЛЖ БОЛОХ УУ
Болохгүй. Аюулгүйн дэр задрахдаа нэлээд хүчтэй байдаг бөгөөд энэ нь хүүхдийн амь насыг хөнөөх хэмжээний. Хэрвээ та анзаарсан бол хүүхдийн амь насанд аюулгүйн дэр аюултай гэдэг санамж байгаа. Тийм учир хүүхдийг хойд талын хэсэгт тусгай хамгаалалтын суудал дээр нь суулгах эсвэл бүсийг нь бүслүүлээрэй.
ХЭДЭН НАСТАЙ ХҮҮХДЭД СУУДЛЫН БҮС ЗҮҮЛГЭЖ, ХЭДЭН НАСТАЙД НЬ СУУДАЛ АВАХ ВЭ?
Хүүхдийг автомашинаар зорчуулахдаа 0 наснаас нь эхлэн суудал ашиглана. Нас бүрт тохирсон суудлууд байгаа тул худалдаж авахдаа сайн асууж, зааврыг нь уншаарай. Хүүхдүүд унтаж явахад тохь тухыг нь бодвол гурав хүртэл насны хүүхдэд хэвтэх боломжтой суудал авах нь илүү тохиромжтой байдаг. Харин 130 см-ээс дээш өндөртэй хүүхдэд машины суудлын бүс таарч эхэлнэ. Заавал суудал гэлгүйгээр өндөр нам нь таарч байвал хүүхдэд суудал өндөрлөгчийг хэрэглэж болдог. Энэ нь харьцангуй үнэ хямд, авсаархан.
ХОЙД ТАЛД СУУЖ БАЙГАА ХҮҮХДЭДЭЭ ХЭРХЭН АНХААРАЛ ХАЛАМЖ ТАВИХ ВЭ?
Гадны улс орнуудад хурдны замд зогсож болохгүй тул хүндрэлтэй байдаг. Харин манай улсад зогсох боломжтой газар олон байдаг тул хүүхдэд анхаарал халамж тавихдаа заавал аваарын гэрлээ асааж байгаад зогсоорой. Явуут дундаа эргэж харах, хүүхдээ сатааруулж, халамжлах гэж оролдох нь аюултай. Мөн хүүхдээ өөрийн эсрэг талдаа суулгах юм бол хүүхэд чинь таныг харах, ярилцах боломжтой болно. Ер нь бол жолоочийн яг ард талын суудлыг хамгийн аюулгүйд тооцдог.
ХЭРХЭН СУУЛГАХ ВЭ?
Машинд эхлээд суудлыг бат бөх бэхэлсний дараа хүүхдийг суулгана. Хүүхдийг суулгахдаа тухайн машины суудлын зааврыг сайтар уншиж танилцан, зааврын дагуу байрлуулах нь маш чухал. Хэрвээ зааврын дагуу байрлуулж, хамгаалалтын бүс, бэхэлгээг хийгээгүй тохиолдолд хүүхдийн амь насанд хүртэл аюул учирч болзошгүй. Хэрэв таны хүүхдийн толгойн гуравны нэгээс илүү хэсэг нь суудлын түшлэгээс дээш гарсан байвал энэ нь суудал багадсан гэсэн үг.
СУУДАЛ ХУДАЛДАН АВАХДАА ЮУГ АНХААРАХ ВЭ?
Хэрэглэж байсан хуучин суудал худалдан авах нь тийм ч сайн зүйл биш гэдгийг зөвлөх байна. Гэвч хэрвээ та хүүхэддээ хэрэглэж байсан суудал авах гэж байгаа бол энэ нь дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
- Суудлыг үйлдвэрлэсэн хугацаа, үйлдвэрлэгчийн нэр, хэрэглэх заавар зэрэг нь байгаа эсэхийг шалгах /зөвхөн үйлдвэрийн суудал аюулгүй байдал, эрсдэлийг нарийн сайн тооцсон байдаг/.
- 5-аас бага жилийн эдэлгээтэй байх /Хүүхдийн машины суудлыг 6-аас дээш жил хэрэглэдэггүй/
- Эвдэрч, гэмтсэн хэсэггүй байх
- Тухайн суудал нь урьд өмнө нь аваарт орж байсныг та мэдэх боломжгүй бол аваад хэрэггүй.
Хүүхдийн суудал худалдан авахдаа хүүхдийнхээ жинг нэн түрүүнд бодолцох ёстой. Хүүхдийн суудлын зэрэглэлийг дараах байдлаар ангилдаг.
Хүүхдийн жин | Нас | Бүлэг |
Нярайгаас 10 кг хүртэл | 0-9 сар | 0 |
Нярайгаас 13 кг хүртэл | Нярайгаас 5-10 сар хүртэл | 0+ |
9-18 кг | 9 сараас 4 нас хүртэл | 1 |
15-25 кг | 6 нас хүртэлх | 2 |
22-36 кг | 12 нас хүртэл | 3 |
Харин хүүхдийн өндөр, жингээс хамаарч 4-өөс дээш насанд дараах суудлуудаас хэрэглэж болох юм. Энэ тохиолдолд машины суудлын аюулгүйн бүсийг давхар хэрэглэнэ.
Хэрвээ суудлын бүсгүй бол ийм аймшигтай зүйл тохиолддог: