Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяаг “VIP” ярилцлагадаа урилаа.
-Уртын дуучдыг талын энгээр дуулдаг гэлцдэг. Хорвоод хосгүй дуучин болох гараагаа хэзээнээс эхлэсэн талаар ярилцлагаа эхлэе?
-Би нэгдүгээр ангидаа долоон настайдаа орсон юм. Хүүхдүүд наймдугаар ангиа 16 настай төгсдөг байтал би 15-тайдаа дүүргэсэн л дээ. Тэгээд Багшийн сургуулийн хөгжмийн ангид ороход бусдаасаа нэгээр дүү байлаа. Харин хоёрдугаар курст байхдаа “Сэтгэлийн цагаан хун” дууг дуулсан. Нэг ёсондоо 16 настайдаа энэ дууг дуулсан хэрэг. Одоо дууныхаа бичлэгийг сонсоход хоолой маань шингэн, хэвээрээ л байна. Яагаад гэвэл, уртын дуучин хүн амьсгаа сууж, хоолойгоо задалдаг ч гэсэн ерөнхий юм нь байсаар л байдаг юм байна. Тэр үеийн дууныхаа бичлэгийг сонсохоор сайхан санагддаг. Би арван жилд байхдаа дуулах сонирхолтой хүүхэд байсан юм. Уралдаан, тэмцээнд өөрийн эрхгүй орчихсон байдаг байлаа. Баярын бичиг, диплом тоймгүй олныг авч байсан даа. “Ширмэнтуяа энхийн уриа” гэдэг нэртэй хамтлаг хүртэл байгуулж байлаа. Тэгээд дуулах хүсэлдээ хөтлөгдөөд Багшийн сургуулийн хөгжмийн ангид элсэн орсон. Олон сайн багшаар их зүйл заалгуулсан. Одоо бодоход дуулахад хамгийн их өгөөжтэй байсан нь дан, холимог хоор байжээ. Бидэнд хоор их ордог, үүгээрээ димломон дээрээ дүн тавиулна. Би Багшийн сургуулийн хөгжмийн ангиас насаараа олж авах юмаа сурсан гэж боддог.
-Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгаасаа ажлын гараагаа эхэлсэн байх аа?
-Соёл, урлагийн их сургуулийг уртын дуучнаар төгсөөд 1998 онд чуулгадаа орж байлаа. 14 орчим жил ажиллаад өнгөрсөн жил өөрийн хүсэлтээр “Улаанбаатар” чуулгад орсон. Хорь гаруй жил дуулж байна даа.
-Таныг 19-хөн насандаа “Морин хуур” наадмаас тэргүүн байр хүртэж байсныг монголчууд мэднэ. Тухайн үедээ олны анхаарлыг ихэд татаж байсан?
-1993 онд “Морин хуур” уралдаанд Жаргалсайханы хөгжим “Тэнгэрийн тамга” дуугаараа оролцсон юм. Соёл, урлагийн их сургуульд элсээд удаагүй байсан юм. Тэгсэн хөгжмийн зохиолч маань надад энэ дуу өгөөд, дуулаач гэсэн. Тэгээд “Морин хуур” уралдаанд “Тэнгэрийн тамга”-аас гадна “Сэтгэлийн цагаан хун”, “Бодол” дуугаа дуулсан. Тэгэхэд их сайн дуунууд өрсөлдсөн шүү. Харин сүүлийн шатанд миний хоёр дуу үлдээд, “Тэнгэрийн тамга”-аараа тэргүүн байрын эзэн болж байлаа. 19 настайдаа “Морин хуур” уралдаанаас тэргүүн байр авч байсан гэхээр том амжилт. Юугаа ч мэдэхгүй хүүхэд том, том уран бүтээлчтэй оролцоод түрүүлнэ гэдэг сайхан хэрэг байсан. Тэр үед тайзнаа дуугаа дуулахаар гарах гэхэд малгай ч үгүй л байсан. Ардын жүжигчин А.Нэргүй эгч дуугаа дуулаад гараад ирэхээр нь малгайг нь гуйж өмсөж байлаа. Тэр бүхнийг бодоход сайхан байна.
-Хөгжмийн ангийг багш мэргэжлээр төгсөөд, Соёл, урлагийн их сургуульд уртын дуучнаар суралцсан хэрэг үү?
-1998 онд конкурсдаад Соёл, урлагийн их сургууль авсан. Намайг Багшийн сургуульд байхад дан найрлын Чагнаа гэж багш “Миний охин дуучин болоорой. Чамд ирээдүй байна” гэж хэлдэг байсан юм. Соёл, урлагийн их сургуульд уртын дуучнаар суралцмаар байсан ч нэг ч уртын дуу мэддэггүй байсан болохоор дуурийн дуулаачийн анги авсан л даа. Тэгээд сургуульдаа орсны дараа урваж, уртын дууны анги сонгосон юм.
-Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад манай нэртэй уртын дуучид ажиллаж байсан. Н.Норовбанзад агсантай хамт ажиллаж байв уу?
-Намайг чуулгад ороход Н.Норовбанзад гуай Соёл, урлагийн их сургуульд багшилж байсан юм. Шавийнх нь шавь Дэлгэр миний багш. Гэхдээ Н.Норовбанзад гуай багшлахынхаа хажуугаар чуулгад зөвлөхөөр ажиллаж, биднийг сонсож, зааж зөвлөж байсан. Тэгж хамт ажиллах боломж олдож байлаа. Н.Норовбанзад багшийн шавь нь А.Нэргүй эгч шүү дээ. “Би тэгвэл яах вэ, ингэж болох уу” гээд байнга асууж, зөвлөлддөг. Миний түшиг болдог хүн А.Нэргүй эгч гэх үү дээ. Манайд олон сайн уртын дуучин байна даа. Залуус ч гэсэн гарч ирж байна.
-Уртын дууны ая, данг тааруулж дуулна гэдэг тухайн дуучны ур чадвараас хамаарах нь бий гэдэг. Тэгэхээр сүүлийн үед ая, данг хэт их өөрчлөх явдал байна гэж яриад байгаа. Ер нь уртын дууны талаар ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлийн үед хүмүүс уртын дуугаа сонсдог, өргөн хүрээ хамардаг болсон гэж боддог. Нэг үед явцуу байсан тал бий. Гэхдээ уртын дуу манай ард түмний дунд ам дамжин дуулагдаж, хөглөгдөөд ирсэн. Уртын дуу маань өөрөө гайхамшигтай. Хөгжмийн онол дотроо маш их баялаг шүү дээ. Түүнийг сураад, хөгжүүлээд явна гэдэг тухайн дуучны хариуцлага. Манайхан ингэж яриад байдаг л даа. Ардын дуу ам дамжаад ирсэн юм чинь өөр, өөрийнхөөрөө дуулж болдоггүй юм уу гэдэг. Бас тэгж болохгүй юм. Гэхдээ Дэлгэр багшийн дуулдаг, миний дуулдаг “Замби тивийн наран” өөр. Нотоор дуулах ёстой гэсэн юм байхгүй ч, дуугаа яаж томох уу, шуранхайлах уу гэдэг нь хувь хүнээс шалтгаалдаг. Дууны цохилго нь хүмүүст нэг их мэдэгдэхгүй ч өөрөө агуу зүйл байдаг юм. Түүнийг л тухайн дуучин үргэлж баяжуулж авч явах ёстой.
-Та зохиолын дуу дуулах нь бий. Уртын дуучин хүн өөр чиглэлээр дуулахаар хоолойн өнгө өөрчлөгдөх тохиолдол байх уу?
-Дуу гэдэг амьсгааны урлаг. Амьсгаан дээрээ яаж зөв дуугарч чадах уу гэдэг байгаа юм. Миний дуунууд дотор хурдан ретмтэй уран бүтээл цөөн. Ардын дуу дуулахаар налайх гээд байдаг тал бий. Гэхдээ дуучин хүн уртын ч бай, зохиолын дууг аль алиныг нь эзэмшсэн байх хэрэгтэй. Ингэхийн тулд маш их хөдөлмөр шаардах нь мэдээж. Би аль, алинаар нь уран бүтээл хийж, дуулах гэж зүтгэж яваа гэж боддог. Н.Норовбанзад багш уртын дуунаас гадна зохиолын дуу дуулсан байдаг. Тэгэхээр дууг хүн голдоггүй ч дуу хүнийг голж явдаг. Тийм учраас байнгын дасгал сургуулилт хийх хэрэгтэй. Спортоор хичээллэдэг хүн байнга бэлтгэл хийснээр амжилт гаргадаг бол дуучин хүн 20 дууг нэг дор ядрахгүй дуулахын тулд байнга бэлтгэлтэй байх нь чухал.
-Таныг Д.Амгаа зааны охин гэдгийг тань мэднэ. Овгоо өөр хүнээр нэрлэдэг нь ямар учиртай юм бэ?
-Ээж маань төрсөн эгчдээ өргүүлсэн хэрэг. Уг нь Д.Амгаа зааны төрсөн хүүхэд нь. Ээжийн маань эгч гурван бандитай, охингүй байсан. Тэгээд ээжийг жирэмсэн байхад нь охин гарвал авна гээд байсан юм билээ. Тэгээд өргүүлсэн гэсэн. Гэхдээ би өргөмөл гэж боддоггүй. Харин ч их баян хүн. Хөдөө өсч, үнээ, гүү сааж, ажлын дөртэй болсон. Оюутан болоод хотод орж ирээд Д.Амгаа аавындаа байдаг байлаа. Амгаа ааваасаа ажил хөдөлмөр гэж юу байдгийг сурсан. Манайх цайны газар ажиллуулдаг байлаа. Би хичээлдээ явж ирээд цайныхаа газарт ажиллана. Нэг зүйлийн талаар ярих дуртай байдаг юм. Манайх урдаас тонн, тонноор нь гурил оруулж ирдэг байсан. Түүнийг нь контейнерт хураана. Тэгсэн нэг өдөр гражид хураагаад буцаагаад зөөх болдог байна. Манайх дөрвөн охинтой л доо. Тэгээд нэг, нэгээрээ 25 кг шуудай гурилаа үүрээд зөөх боллоо. Тэгэхээр нь би хоёр шуудайг үүрээд, 50 килограммыг юу ч бодолгүй зөөсөн юм. Тийм л чадалтай байж дээ. Д.Амгаа аав маань манай охид муухан эр хүнээс дээр гэж хэлдэг байлаа. Би аливаа юмыг хийж байхад хараад зүгээр сууж чаддагүй тийм хүмүүжил олж авсан. Үүгээрээ бас хүүхдээ хүмүүжүүлдэг юм байна.
-Аав тань дуулах уу?
-Д.Амгаа аав дуулдаггүй, дуунд дуртай. Манай ээжээр насаараа гоёж байгаа гэж хэлдэг. Ээж маань сайхан дуулна. Д.Амгаа зааны гэргий Цэвэлмаа эгч хачин сайхан дуулна гэдгийг хүмүүс андахгүй дээ. Ер нь ээжийн талынхан сайхан дуулна. Аавын ах нь уртын дуучин хүн бий. Би бөх, дуучны удамтай хүн дээ.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Гурван хүүхэдтэй. Хоёр охин, нэг бандитай өнөр гэр бүл. Хүү, охиноо жил дараалан гаргасан. Хамгийн том маань 15-тай.
-Хүүхдээ урлагийн хүн болгох төлөвлөгөө бий юү?
-Тийм мэргэжилтэй болгоно гэж бодож болдоггүй юм байна. Манай том охин жүжигчин болно гэж эргэлт буцалтгүйгээр шийдсэн. Би болгохгүй гэж хичээсэн ч дийлсэнгүй. “Миний охин жүжигчин болохоор гэрийн бараа харахгүй, өөр мэргэжил сонговол яасан юм бэ” гэж хоёр жил ятгалаа. Тэгээд хамгийн сүүлд нь “Ээжээ би эргэлт буцалтгүй шийдвэр гаргасан шүү” гэсэн. Юу юм гэсэн чинь “Жүжигчин болно” гэлээ. Охин маань энэ жил 11 дүгээр анги төгсөж байгаа.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
С.БАЯСГАЛАН /info/