УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог дуучдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн МУГЖ, дуучин Э.Амартүвшингээ эх орондоо ирэхэд нь хүндэтгэлтэйгээр угтан авлаа.
Театрын хамт олон нь үүдэндээ жагсаж “браво, браво” хэмээн хашгиралдан, цэцгийн баглаа өргөн барьж халуун үнсэлт илгээж байв. Түүнийг театрын үүдээр оронгуут тус театрын симфони оркестр “Уран хас” бүжгийн жүжгийн удиртгал аяыг эгшиглүүлж хуран цугласан олон түүнд удтал алга ташиж хүндэтгэл үзүүлэв.
Тэрбээр дараа нь сэтгүүлчидтэй уулзаж ярилцсан юм.
-Уралдааны талаарх албан ёсны мэдээллийг өгөхгүй юу. Яг хичнээн орон оролцсон юм бэ, хэдэн уран бүтээлч ур чадвараа сорив?
-Сайн байцгаана уу, Монголын ард түмэн минь. Энэ сарын 1-11-ний хооронд болж өнгөрсөн Испани гаралтай дэлхийд домог болсон агуу их тенор Пласидо Домингогийн нэрэмжит “Operalia” уралдаанд оролцож тэргүүн байрын шагнал хүртээд ирлээ. Сэтгэл маш өндөр байна. Үнэхээр дэлхийн хэмжээний том уралдаан байлаа. Уг уралдааны ач холбогдол нь залуу авьяаслаг дуучдыг нээн илрүүлэх, тэднийг гаргаж ирэх, дэмжиж дэлхийд таниулах зорилготой. Жинхэнэ авьяастай агуу дуучид гэдэг агуу л байдаг юм байна гэдгийг нүдээр харлаа. Дуучин уран бүтээлч хүнийг дээдэлсэн сайхан уралдаан болсон. 1993 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион явуулсаар 20 жил болжээ. Тус уралдаанд дэлхийн өнцөг булан бүрийн сонгодог 1000 гаруй дуучид оролцохоор мэдүүлгээ өгдөг. Түүн дотроос шүүж 40 хүнийг авч үлддэг. Эрэгтэй 20, эмэгтэй 20 дуучныг шигшиж авдаг юм билээ. Дараагийн шатны шалгаруулалтаар 13 дуучин авч үлдсэн. 19 орны 40 дуучин энэхүү уралдаанд оролцлоо. Финалын шалгаруулалтад АНУ-ын 2 дуучин, БНХАУ-ын 2, ОХУ-ын 2, БНСУ-ын 2, Итали, Канад, Монголын нэг нэг дуучин тунаж үлдсэн.
-Нэгдүгээр байрыг Монгол, АНУ-ын дуучдад өгсөн гэж дуулсан?
-20 жилийн хугацаанд болохдоо анх удаа нэгдүгээр байрыг хувааж өгсөн юм билээ. Энэ нь шагналыг нь хувааж өгч байгаа хэрэг биш. Нэгдүгээр байрыг энэ хоёр дуучин дээр, доор гэлтгүй эн тэнцүү байгаа учраас бид ийм шийд гаргалаа гэж Пласидо Доминго өөрөө хэлсэн.
-Олон улсын уралдааны үеэр дэлхийн шилдэг продюссер, урлаг судлаач нар цугладаг гэж дуулсан. Гадны театр, байгууллагууд танд хамтран ажиллах санал тавьж байх юм уу?
-Одоогоор айхтар гэрээ контракт хийгээгүй ч санал тавьсан газрууд бий. Цаашдаа ямар газар ажиллаж болох вэ, ямар театрт дуулах боломжтой гэсэн яриа хэлцээ болсон. Боломж нэлээд нээгдсэн. Гэхдээ энэ бүгдийг одоо нэг их дэлгэмээргүй байна.
-Таны гол өрсөлдөгч байсан АНУ-ын дуучны дууг мэдээж сонсоо байлгүй. Танд ямар сэтгэгдэл төрж байв?
-Контр тенор гэж эмэгтэй хүнийрхүү хоолой байдаг. Дуучин өөрөө 13 настайгаасаа эхлээд энэ хоолойгоор дагнаж хичээллэсэн гэж байсан. Түүнийг дуулахыг сонсоход үнэхээр гайхалтай. Яг л хөгжим шиг. Түүний техник, мэдрэмж, хоолойны чадал биширмээр. Энэ уралдаан өндөр чанартай уралдаан гэдэг харагдаж байгаа юм л даа. Оролцсон 40 дуучин гэхэд бүгд дэлхийн том том уралдаанд оролцож бие биенийхээ өмнө, хойно гарч явдаг уран бүтээлчид байсан. Өрсөлдөгчид үнэхээр чанга байсан. Яг очоод оролцож байгаа уран бүтээлчдийг хараад сүрдсэн. Сэтгэл маш их түгшсэн, өөрийгөө бүхий л талаар дайчилж оролцлоо.
-Уралдаанд ямар ямар дуу дуулсан юм бол?
-Эхний шатанд С.Рахманиновын “Алеко” дуурийн ари дуулсан. Полячи дуурийн Бородог дуулсан. Энд бас нэг зүйлийг онцлоход Доминго эхнэр Марта Доминготойгоо хамт шүүсэн. Уралдааны үеэр Испанийн хошин дуурийн дууны уралдаан зарласан байсан. Испани үндэсний ари дуулсан. Хоёрдугаар шатанд Дж.Верди “Риголетта”-гийн ари дуулсан. Гуравдугаар шатанд Доминго өөрөө ямар дуу дуулахыг сонгож хэлж өгсөн л дөө. Тэгээд надад Риголетта чинь чамд их сайхан таарч байна. Би чамайг их бага залуу хүүхэд өдий насандаа Риголетта дуулж чадах юм байхдаа гэж бодож байлаа. Гэтэл чи үнэхээр сайхан дууллаа. Төгсгөлийн шатанд Пласидо Доминго өөрөө симфони оркестроо удирдаж би Риголетта дуурийн ари дуулсан.
-Таныг мэргэжлийн том том шүүгчид, дэлхийн сонгодог урлагийн акулууд юу гэж хэлж байх юм бэ?
-Манай Сэргэлэн дарга гурав дахь шалгаруулалтыг нь өөрийн биеэр очиж үзсэн. Тэгэхэд “Танай дуучныг Риголетта дуулж байхад биеэр нэг юм гүйх шиг болсон” гэж шүүгч хэлсэн байна лээ. Пласидо Доминго, Марта Доминго нар надад хандаж хэлэхдээ “чиний хоолойд хэлэхийн аргагүй гоё өнгө сонсогдож байна. Маш хүчтэй том хоолой юм гэж байсан. Хэлний тал дээр жаахан бэрхшээлтэй байна. Ер нь сонгодог дуучин англи, итали хэл сайн сурах хэрэгтэй. Англи, итали хэл сурчих юм бол дэлхий чиний өмнө байна шүү” гэж хэлсэн.
-Тэргүүн байр эзэллээ хэмээн зарлах тэр агшинд ямар сэтгэгдэл төрөв?
-Анх сонсоод нэг их итгэж өгөхгүй байсан. Харьцангуй их тайван байсан л даа. Нэг их баярлахгүй гайхаад ч байх шиг. Домингод түрүүлчихлээ гэж үү хэмээн бодогдоод байсан. Дэлхийд домог болсон Пласидо Доминготой ойртож үг солих, гар барих, хамт зургаа авахуулах, хоолонд орж, бэлтгэл сургуулилт хийнэ гэдэг сонгодог урлагийн залуу уран бүтээлчдийн хувьд нэр төрийн хэрэг. Мөрөөдөл биелдэг л юм байна гэдэг шиг гайхалтай сайхан сэтгэгдэл төрж байлаа. Анх уралдаанд очингуут оролцогчдоо хараад сүрдэх, гар, хөл чичрэх, айж эмээх асуудал тулгарсан шүү. Сүүлдээ гайгүй болсон доо.
-Та багшийнхаа тухай танилцуулахгүй юу. СУИС-ийн багш, профессор Ц.Ерөөгийн гарын шавь гэж сонссон?
-Уран бүтээлч хүн байнга бэлтгэл сургуулилт хийдэг л дээ. Гэхдээ би уралдаанд зориулж бүтэн сар Ерөө, Солонго багштайгаа бэлтгэл хийсэн. Миний амжилт багштай минь холбоотой. Концертмейстр Солонго багш маань байна. Энэ хоёр хүндээ хязгааргүй их баярлаж байгаагаа илэрхийлье. Гадны уран бүтээлчид, шүүгчдийн зүгээс хаана дуулах мэргэжлийг эзэмшив гэж асуусан. Монголд СУИС-д 5 жил суралцсан гэхээр, та 26-хан настай, яаж энэ дууны техник, ур чадварыг ийм сайн эзэмшсэн байна вэ гээд асуугаад байдаг. Урьд өмнө Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнд ч мөн адил иймэрхүү асуулт тавьж л байсан. Энэ бүх амжилтын үндэс бол ердөө миний багшийн ач буян. Мөн энэ сайхан театрын маань хамт олон, аав, ээжийн минь ач буян. Аав, ээж хоёртоо их баярлаж байна. Яаж хүүгээ ийм авьяастай төрүүлээ вэ гэж.
-Дуучин болно гэдгээ хэдэн настайгаасаа эхэлж мэдэрсэн бэ?
-8 дугаар ангиас хойш хоолой бүдүүн болоод эхэлсэн. Жаахан байхдаа нарийн хоолойтой цангинаж дуулдаг хүүхэд байсан юм билээ. СУИС-д шалгуулахад багш маань сайхан баритон байна гээд өөрийн гар дээрээ авсан даа.
-Амартүвшинд ер нь дэлхийн хэмжээний өөр уралдаан үлдээгүй юм биш үү?
-Уралдаан үлдээгүй гэж ярьж болохгүй. “Operiall”-аас дутахааргүй бараг илүү гарахаар 2, 3 уралдаан бий. Явна даа. “BBS WORLD” гэж том уралдаан бий. Оролцоно доо. Ер нь уралдаан тэмцээнээс айгаад байх хэрэггүй юм билээ. Энэ удаагийн уралдаанд оччихоод жаахан халирах сэтгэл төрсөн шүү. Ямар ч том юманд ирчихэв дээ гэж бодогдсон. Гэхдээ олон сайхан хүмүүсийн дэмжлэг, хамт олны итгэл бүгдийг сэтгэлдээ тээж явлаа. Ер нь Монгол хүний хоолой, авьяас билэг нь тал нутаг шигээ цэлгэр, ууж байгаа ус, идэж байгаа хоолноосоо шалтгаалаад өөр юм шиг санагдсан. Энэ сайхан агаар, хөх тэнгэр, цэвэр сайхан мах гээд бидэнд нөлөөлөх хүчин зүйл их байх шиг санагддаг. Монголдоо буугаад ирэхэд ямар сайхан шаргалтсан нар туссан улс юм бэ. Манайд нар илүү их тусдаг юм биш үү.
-Танай хамт олон таныг үнэхээр сайхан угтлаа. Сэтгэл хөдлөөд бараг уйлах шахсан шүү. Бахархах, омгорхох сэтгэл төрж байлаа. Таны хувьд?
-Хүн чинь их сонин. Айх, гайхах давхцахаар сааталд орох шахдаг юм билээ. /инээв/. Миний хамт олон бол миний амжилтын нэг хэсэг. Энэ театрын ариун сүмдээ бид жаргал, зовлонгоо хуваалцаж үе үеийн алт, мөнгөн үеийн алдартнуудаасаа байнга сурч байдаг.
-Доминго Риголетта дуурийг яагаад өөрийг тань дуулж чадах болов уу гэж бодсон юм бол?
-Риголетта дуурь бол миний дуулах нас биш.Риголетта дуурийг 40 гарч байж хоолой нэлээд суурьшмал, задарч байж дуулдаг гэдэг л дээ. Гэхдээ би уралдаан тэмцээнд дуулаад л оролцоод байгаа. /инээв/
Хэвлэлийн бага хурлын үеэр СУИС-ийн багш, профессор Ц.Ерөө гарын шавьдаа баяр хүргэхээр ирсэн байв. Түүнтэй цөөн хором ярилцлаа.
-Манай Сонгодог урлаг үнэхээр дэлхийд өрсөлдөхүйц хөгжсөн гэдгийг уран бүтээлчид маань илтгэж байна шүү дээ. Дэлхийн уралдаан тэмцээнээс шилдгийг нь түүгээд байгаа нь монгол хүний генид байна уу, манай сонгодог урлагийн сургалт дэлхийн хэмжээнд хүрчихэв үү?
-Монгол хүний гени давамгай гэдгийг үгүйсгэдэггүй. Бидний үеийн уран бүтээлчид социализмын үед хуучнаар ЗХУ-д өндөр боловсрол эзэмшсэн. Тэгээд ДБЭТ-т ажиллаж, амьдарч байсан үе үеийн алдартнуудтай нэг тогоонд чанагдаж байсны ач буян түүчээлэгдээд явж байгаа гэж ойлгодог. Бид хэн нэгнээс сурч байсан бол эргээд бид өөрсдөө багш болжээ. Миний шавийн онцлог бол зорьсондоо хүрэх маш их тэмүүлэлтэй. Юмыг дундаас нь шантарч хаяна гэж үгүй. Дуурийн дуулаачийн мэргэжил бол хүнд шүү дээ. Төрмөл авьяас гэж байдаг юм. Найруулагч, удирдаач, дуучин гээд өчнөөн залуус сургууль төгсөөд л байгаа биз дээ. Тэр дундаас цоорч гарах нь цөөн байдаг. Ардын жүжигчин, төрийн шагналт, хөгжмийн зохиолч Чулуун гуай гэж мундаг хүн байлаа. Энэ хүн бол сургууль соёл төгсөөгүй ч төрөлхийн авьяас түүнд заяасан. Би төрөлхийн төрмөл авьяасыг их хүндэлдэг. Би шавиа төрмөл авьяастай гэж боддог шүү. Түүн дээр хөдөлмөр, тууштай зан чанар нэмэхэд амжилт дэндүү ойрхон байдаг. Даан ч тэр нь тун ховор заяадаг шиг.
-Та шавиа дуулдаг болохыг нь анх яаж мэдэв?
-Хүүхдийн ордонд “Дуулах өв” гэж уралдаан болсон. Тэр үед хөдөөний хүүхэд 9 дүгээр ангид байсан. Би “чи дуулах дуртай юу. Сургуулиа төгсөөд СУИС-д орохыг хүсвэл энэ утсаар яриарай” гээд өгсөн. Тэр үед болоогүй ардын жүжигчин Уртнасан, МУГЖ Бүтэд хоёр маань бас миний хүү дуучин болох уу гээд тус тусдаа очсон байгаа юм. Эргээд бодоход бид энэ хүүхдийг бүгдээрээ дуучин болно гэдгийг таньсан. Тэгээд л 10 дугаар ангиа төгсөөд СУИС-д шалгуулж тэнцээд багш дээрээ ирсэн дээ.
-Та шавиа СУИС төгсөхөд нь дагуулаад ДБЭТ-т ажилд оруулах гэж Сэргэлэн даргатай уулзаж байсан гэл үү?
-Өө шавиа дагуулаад Сэргэлэн даргаас гуйж байгаа юм. Манайхыг ийм сайн дуулдаг хүүхэд төгслөө ажилд аваач гэсэн. Тэгээд л ДБЭТ-т дуучнаар ажилд оруулсан.
Д.Догсмаа/Montsame/