Хайрлаж дурлахыг хүссэн бүсгүйчүүд заримдаа өөртөө тийм ч их таалагдаагүй залууг “онцгой” болгож харахыг өөрөөсөө албаддаг. Хэрэв дараах шинжүүдээс аль нэг нь та хоёрын харилцаанд байвал, чи хэзээ ч түүний тухай хөнжилдөө орон төсөөлж, мөрөөдөлдөө умбан суухгүй бололтой. Өөрөөр хэлвэл чи түүнд дурлахгүй. Далайд өөр өчнөөн олон загас байна, тиймээс өөр хүн хайж олоорой.
Түүнтэй цуг унтаж байгаагаар төсөөлөгдөхгүй байвал
Энэ бол анхны болзоон дээрээ хийх бяцхан туршилт: Түүнийг өөрийнхөө дээр нүцгэн хэвтэж байна гээд төсөөл дөө. Энэ чамд ямар мэдрэмж төрүүлж байна? Яг ингэж, тэгж мэдрэх ёстой гэсэн хууль байхгүй ч, ядаж чамд төвөгтэй, тухгүй, ичмээр, муухай мэдрэмж төрүүлэх ёсгүй. Ингэж төсөөлмөгцөө тэр зураглалаа толгойноосоо бушуухан арчиж хаяхын түүс болж байвал, бүр ч дор гэсэн үг. Хэрэв чи түүнтэй цуг тодорхой хугацааг хамт өнгөрүүлвэл та хоёрын хооронд секс байх нь ойлгомжтой. Тиймээс чамд түүнтэй цуг нэг оронд байна гэж бодохоос таагүй байвал, чи хэзээ ч түүнд дурлахгүй.
Чи түүний мессежинд хариу өгөхөө мартах шахаж байвал
Алив л дээ, бүсгүйчүүд бид чинь таалагддаг залуу руугаа хариу мессеж бичихийн тулд хуруугаа утастайгаа цавуудчихсан юм шиг л байдаг шүү дээ. Хэрэв чиний болзож байгаа залуугаас мессеж ирэхэд, дугаарыг нь хармагцаа унших тухай ч бодолгүйгээр “Дараа л хариулъя” гээд утсаа цааш нь тавьж байвал чи түүнд дурлах нь юу л бол.
Чиний толгойд өөр эрчүүдийн талаарх бодол байсаар байвал
Нэг, хоёр болзооны дараахан өөр эрэгтэй хүний тухай бодох явдал байлгүй яахав. Гэхдээ 4, 5 болзооны дараа ч чи идэвхтэйгээр, тууштайгаар шинэ залуучууд хайсаар байвал тэр чамайг өөртөө дурлуулж чадахгүй бололтой. Хэн нэгэнтэй хэдхэн удаа уулзсаны дараа ухаанаа алдтал дурлах албагүй ч, наад зах нь хэрвээ түүнд чиний сэтгэл татагдсан бол өөр хүмүүсийн тухай бодол толгойд чинь орж ирэхгүй байх учиртай.
Уулзалгүй удсан ч түүнийг санахгүй байвал
Аливаа харилцааг аажим аажмаар сайжруулахад буруудах зүйл үгүй. Түүний болоод өөрийнхөө хандлагыг мэдэхийн тулд хэд хоног холбоогүй байх нь зөв л арга. Гэхдээ бодит байдал дээр, хэрэв чи нэг залууг чин сэтгэлээсээ шохоорхож байвал өдөр бүр л түүнийг харахыг хүснэ. Хэсэг хугацаанд уулзахгүй байхаар шийдсэн ч, энэ хооронд байнга бодно. Хэрвээ уулзалгүй удах хугацаа чиний хувьд нүд ирмэхийн зуур өнгөрч байвал чи түүнд татагдаагүй байна.
Чиний хувьд тэр хэтэрхий их хичээгээд байгаа мэт санагдаж байвал
Уулздаг байсан залуучуудынхаа тухай эргэн дурсахуй: чамд бэлэг авч өгч, сайхан болзоо зохион байгуулж, уярмаар үгтэй мессежээр булж байсан эрчүүд байсан л байж таараа. Гэхдээ чамд тэдний энэ хичээл зүтгэл нь таалагддаг байсан. Хэрвээ чи хэн нэг залууд дурласан бол, түүний хийсэн ямар ч үйлдэл чамд хэтэрхий хичээсэн мэт харагдахгүй. Харин чамд онцгой сэтгэгдэл төрүүлээгүй эр романтик зүйлс бэлэглэж эхэлвэл чи нүдээ эргүүлээд л үл тоомсорлох нь мэдээж.
Чи түүний талаар найзууддаа тайлбар тавьж байвал
Бид найз бүсгүйчүүддээ шинээр танилцсан залуугаа танилцуулахын өмнө тэдэнд түүний эрхэлдэг ажил, хувцаслалт, гадаад төрх, бусад зүйлсийн талаар ярьдаг. Ингэхдээ чи түүний зарим нэг муу талуудыг сайжруулж ярих гэж хичээж, тайлбар тавьж байгаа эсэхээ анзаараарай. Хэрвээ чи үнэхээр түүнд татагдсан бол, чамд ингэх шаардлага гарахгүй байсан. Учир нь түүний бүх зүйл чамд өө сэвгүй мэт үзэгдэж, найзууд чинь ч бас тэгж харна гэдэгт чи эргэлзэхгүй байх байсан.
Гайхалтай болзоо ч гайхал төрүүлэхгүй байвал
Оддын доор хувийн тогоочийн гарын хоолыг идэж, хундага дарс тулгаж уух нь ч чамд догдлол авчрахгүй байвал, өөр юу ч чамайг нэг их догдлуулахгүй л болов уу. Хэрэв чи түүнд жаахан ч атугай татагдсан бол, гадаа хүйтэнд зүгээр л зугаалах төдий нь ч чамд гайхалтай мэдрэмж төрүүлнэ. Хүчлэх хэрэггүй, бас түүнд горьдлого төрүүлэх ч хэрэггүй.