Улс үндэстэн бүр өөрийн гэсэн мэндлэх хүндлэх ёс, уламжлал, дэг жаягтай байдаг. Гаднын улсуудад сурч боловсрох, ажиллаж амьдрахаар зэхэж буй хүмүүст зориулж орон орны сонирхолтой соёлын зүйлсийг тоймлон хүргэж байна.
Япон
-Япончууд ихэвчлэн хоол бага идэх хандлагатай. Хос зүйл аз авч ирдэг гэж үздэг. Харин зовлон гамшиг ирнэ гэж итгэдэг тул дөрвөн ширхэг зүйл бэлэглэдэггүй. Дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой зүйл ярихад маш эмзэг хүлээж авдаг. Өөрийн савхаар нь хүнд хоол авч өгвөл дургүйцдэг. Цагаан өнгө үхлийг бэлгэддэг гэж үздэг. Тиймээс бэлгийг цагаан өнгөөр боодоггүй. Үнэгийг элбэг баян, доргыг заль мэхийг илэрхийлдэг хэмээдэг.
Хятад
-Сарьсан багваахайг аз авч ирдэг амьтанд тооцдог. Харин тогоруу, яст мэлхий зэрэг амьтад нь “тэнэг” гэсэн санааг илэрхийлдэг. Өөрийн хэрэглэж байсан савхаараа бусдад хоол авч өгөх зуршилтай. Ханын цаг оршуулгыг илэрхийлдэг гэдэг тул бэлэглэдэггүй. Өчүүхэн зүйлд ч алга ташдаг. Худалдаа хийдэг хүмүүсийн хооронд хувийн нөхөрлөлийг их чухалд үздэг.
Англи
-Англи, Их Британи, Нэгдсэн вант улс гэсэн нэрний ялгааг сайтар харгалзан хэрэглэх хэрэгтэй. Англи, Уэлс, Шотланд гурвыг нэгтгэсэн нь Их Британи (Great Britian) гэдэг. Үүн дээр Ирландыг нэмсэн нь нэгдсэн вант улс (The United Kingdom) юм. Тэмдэг нэрийг хэрэглэхдээ Английн нутгийг хязгаарлахгүйгээс гадна Английг English гэснээс British гэх нь зохистой байдаг байна. Албан ёсны зоогийн үед хатан хааны төлөө хундага өргөж дуусаагүй байхад тамхи татдаггүй. Цагаан сараана цэцгийг үхлийг бэлэгддэг гэж үздэг. Энэ улсад хатан хаант ёсыг шүүмжлэх, улс төр, шашны тухай сэдвээр ярихгүй байх хэрэгтэй.
Герман
Сахилга журмыг хатуу баримталдаг. Аливаа ажилд шинжлэх ухаан талаас, тогтсон журмын дагуу, шударга хандахыг чухалчилдаг. Цэцгийг боохгүй бэлэглэдэг. Мөн тэгш тоотой цэцэг бэлэглэхийг цээрлэдэг. Муу ёрын тоо нь 13 юм байна.
Малайз, Индонез
Хүн амын 90 орчим хувь нь лалын шашинтай тул гахайн мах иддэггүй. Нохойг бохир амьтан гэж үздэг тул нохой тэжээдэг айл байдаггүй. Зүүн гарыг бохир гар гэж үздэг. Тиймээс хоол идэх, гар барих, юм дамжуулахдаа зүүн гараа ашиглавал дургүйцдэг. Хүний толгойд хүрэхийг хатуу цээрлэдэг.