Орчин цагт хүний чадвар чансааг голлон үздэг болсон гэдгийг загварын тайз бэлхэнээ харуулж байна. Хэрэв чи чадвартай, хүсэл сонирхлынхоо төлөө тэмцэж чаддаг л бол загварын өндөр хэмжүүрт тайз нээлттэй болжээ.
Загварын тайзан дээр зөвхөн туранхай, гоолиг хүүхнүүд гунхдаг гэх үзлийг өөрчилж, махлаг бүдүүн хүнд ч гэсэн гоо сайхан, үзэсгэлэнт төрх байдаг юм шүү гэдгийг баталсаар сүүлийн үед махлаг буюу плас сайз моделиуд олноор гарч ирлээ.
Гэвч махлаг бүсгүйчүүдийг бие бялдрын хувьд гутаан доромжлох хэсэгхэн хүмүүс байсаар ирсэн. Тесс Холидэй гэх загвар өмсөгч бүсгүй тарган махлаг бүсгүйчүүдийг элдвээр хэлдэг хэсэг хүмүүст хариу барьжээ.
Тэрбээр 1,3 сая дагагчтай инстаграм хуудсандаа дотуур хувцастай хагас нүцгэн зургаа оруулсан юм. Угаалгын өрөөнд хар майк, хар өнгийн торон дотуур өмд өмсөж үсээ задгайлсан зургаараа тэрбээр олон үггүйгээр өөрийгөө илэрхийлж чаджээ. Өөртөө итгэл 31 настай модель бүсгүй гадаад төрх, биеийн галбиртаа огтхон ч санаа зовдоггүй бөгөөд харин ч өөрийн биеийг хайрлах тухай олонд уриалдаг аж.
Тэрбээр өөрийн бие галбирыг тарган туранхай аль нь байхаас үл хамааран хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг ямагт сануулдаг бөгөөд хоёр хүүхдийн ээж билээ.
И.МӨНХЦЭНГЭЛ
Эх сурвалж: WWW.ZONE.MN