Их эзэн Чингис хааны мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ сарын 31-ны өдөр буюу өнөөдөр тохиож байгаа билээ. Түүхт энэ өдрийн талаар цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэгч сэтгүүлч Х.Уламбаяр Чингис хаандаа зориулан захидал илгээсэн байна.
Тэрээр: Өглөөний мэнд Темка өвөө. Танд насан баярын мэнд хүргэе. Бид хэд яахав байж л байна. Энэ улс таны үеэс их өөр болсон. Та тэнгэрт халиад л бид учраа олоогүй. Өөр хоорондоо тэмцэлдэж алалдсаар өдийг хүрлээ. Нэг хэсэг шарын шашин, манжийн эрхшээлд орсон. Саяханыг хүртэл бүгд шахуу мэдлэг боловролгүй, арьс өнгөний өвчтэй байлаа. Гэхдээ бас дандаа тийм байсангүй ээ. Бид сургууль, эмнэлэг, үйлдвэртэй болсон. НҮБ-д хүртэл багтсан. Бүр сансарт ниссэн ш дээ. Та мэдээгүй байх. Ам бүл 3 саяуулаа болсон. Нэлээн золиос гарсаан. Нуугаад яахав. Тэгээд дараа нь нийгэм өөрчлөгдсөн. Хэдэн гудамжны дуракууд төрд гарсан. Хүмүүс ажилгүй болж, хүүхдүүд гудамжинд гарсан. Таны “сархад” гэж дууддаг идээнд нэвт орцгоосон. Яахав тэгээд гадны зээл тусламжаар л гол зогоож ирлээ. Та өршөөгөөрэй. Монголд баян хоосны ялгаа тэнгэр газар шиг болсон. Манай дундаж давхарга гадагшаа гарцгаасан. Энэ нийгмийг жигшин зэвүүцээд гэх юм уу даа. Нээрээ өвөө бид одоо дахиад л зээл авах гэж байгаа. Таны үед Загалмайтнууд болон Тангуд гэж нэрлэж байсан зүгээс. Яахаараа бусдаас гуйж царай алддаг юм гэж уурлах байх та. Таны үлдээсэн тэр их газар нутаг лиценз болоод дуусаж байгаа. Та ойлгохгүй байх. Лиценз гэдэг нь дураараа ухаж төнхөх эрх гэж байгаам. Тэр Эрдэнэт, Оюу толгой, Таван толгой дашийн шог болсоон. Нэг гэр бүлийн өмч юм уу 2040 оноос өмнө ашгаа өгөхгүй гэсээн. Нэг хэсэг малын мах кг нь 10 мянга хүрч айлгасан. Одоо үнэ нь буучихсан ч бидэнд авах мөнгө нь алгаа. Аан тийм доллар гээд нэг цэхэр ногоон цаас гарч ирсэн. Тэрний үнэ ханш нь дийлдэхгүй хэцүү л юм. Бид сүүлдээ таныг нэрийг барьж зоос олдог болсон. Чингис архи, Чингис буудал, Чингис бонд гээд л. Ядаж л таныг байхад худлаа хэлсэн, хулгай хийсэн хүнийг өчиггүй цаазалдаг байсан. Харин бидний үед тийм хүмүүс төрд гараад баяждаг болсоон. Нөгөө Алунгоо эхийн 5 хүүдээ багц сум өгдөг сургааль одоо нийлж байгаад ууж иддэг, хулгайлж луйварддаг бодит явдал болсон. Та битгий уурлаарай. Бидний ихэнх ядуувтар, өлсгөлөн, бухимдалтай яваа. Заримдаа таныг байсан ч болоосой гэж ярьцгаадаг. Ядаж Жамух шиг эрийн хугархай ч үлдэнгүй. Таны үед манай боол байсан улсууд одоо биднийг хараад хөх инээд нь хүрч байгаа. Одоо яая гэхэв дээ сайн цаг ирнэ гэж хүлээхээс. Нээрээ та яг хэдэн сарын хэдэнд төрсөн юм бэ? Төрсөн оныг чинь хүртэл маргаантай гээд хэрэлдэх юм. За тэр яахав ядаж тэмдэглэж байгаа нь их юм тэ? Би чаавас юу хийх вэ дээ. Жаахан гэдэсний бууз чимхээд л суужийн. Өнөөдөр чинь баярын өдөр. Бүгд л амарч буй сурагтай. Мөхөс хүш нь амрахгүй ээ. Ажилчин анги болсон. Надаар өөр тайван дөө. Сайхан баярлаарай өвөө. Буузаа тавьлаа. Түр баяртай… хэмээжээ.