Аргентиний хөлбөмбөгийн хамгийн шилдэг клубүүдийн нэг Ривер Плэйтийн хөгжөөн дэмжигчид нэгэн гайхалтай бүтээлийг урлаж, дэлхийн дээд амжилтыг тогтоох оролдлогыг хийсэн байна.
Нийслэл Буэнос Айросын хэд хэдэн гудамж дагуу тавин мянга гаруй Риверийн хөгжөөн дэмжигчид дэлхийн хамгийн урт тугийг өргөн зогсож, түүхэнд бичигджээ. Дэлхийн дээд амжилтыг албан ёсоор бүртгэдэг Гиннесийн номонд орох зорилготойгоор бүтээсэн уг туг нь 7800 метр урттай, 4,5 метрийн өргөнтэй юм байна.
Улаан цагаан өнгийн клубын албан ёсны өнгөөр бүтээсэн энэхүү бүтээлийн гэрэл зургийг нисдэг тэргээр аван Гиннесийн дэлхийн амжилтын шүүгчдэд илгээжээ. Клубын туг нь тус багийн хамгийн анхны цэнгэлдэх хүрээлэн байрлах Фигуэроа Алкортагийн өргөн чөлөөнөөс эхлэн одоогийн цэнгэлдэх болох Монументал байрлаж буй Таглегийн гудамж хүртэл байрласан ажээ.
Ривер Плэйт өнгөрсөн амралтын өдөр Годой Крузийг 5:0-ийн харьцаатайгаар талбайдаа бут ниргэсэн бөгөөд 10 тоглолтоос 15 оноотой хүснэгтийн дунд хэсэгт бичигдэж байгаа билээ.
Уундаа “CSPORTS TEAM”