АНУ-ын Вашингтон хотноо 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Титмийн эзнээр Пуэрто-Рико улсын мисс Стефани дел Валле тодорчээ.
Ийнхүү Пуэрто-Рико улс хоёр дахь удаагаа “Дэлхийн мисс”-ийн эзэн болж байна. 40 жилийн өмнө тус улсаас анхны титмийн эзэн тодорчээ. Стефани дел Валле 19 настай юм.
Тэрбээр 1996 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр мэндэлсэн билээ. Түүний биеийн өндөр 174 см юм. Гоо бүсгүй АНУ-ын “Пасе” их сургуулийн олон улсын харилцааны чиглэлээр суралцдаг аж. Тэмцээний эхнээс л титмийн эзэн болох магадлалтай арван гоо бүсгүйн нэгээр нэрлэгдэж байжээ. Тэрбээр шүүгчдээс хамгийн өндөр оноо авч, ийнхүү эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.
Стефани англи, испани, францаар хэлээр ярьдаг бөгөөд эцсийн шатанд өмссөн түүний даашинз “Хамгийн гоё даашинз” өргөмжлөлийг хүртжээ. Уг даашинзыг Пуэрто-Рикогийн алдарт зохион бүтээгч Карлос Алберто урласан байна. Тэд 2013 оноос хамтран ажиллах болжээ.
Харин дэд байранд Доминиканы Бүгд Найрамдах улсын гоо бүсгүй гуравдугаар байранд Индонезийн гоо бүсгүй орсон байна.
Харин титмийн эзэн болох магадлалтай таван орны гоо бүсгүй жагсаалтад тэргүүлээд байсан Филиппинийн гоо бүсгүй Катриона Элиса Грайг тавдугаар байранд оржээ. Тэрбээр үзэгчдээс хамгийн өндөр саналыг авч, шууд эцсийн шатанд үлджээ.
Б.Дэлгэрцэцэг