Бүсгүйчүүддээ нэг асуулт тавья: Харилцан итгэлцэл дээр үндэслэсэн хайр сэтгэлийн бат бэх холбоог хүсдэг л биз дээ?
Тэгвэл эрчүүд чамаас зугатан, өөр бүсгүй рүү явахад хүргэдэг зарим алдааг дурдъя.
Нэгдүгээрт, чи түүнээс бүхий л асуудлаар туслалцаа хүсдэг. Тухайн эр чиний амьдралын бүхий л аар саар зүйлд оролцож, бүгдийг хэлж өгөх хэрэгтэй болно. Үсээ ямраар будуулах, энэ даашинздаа тохируулан ямар дотоож сонгож авах, дургүй хүргэсэн хамт ажиллагчаа хэрхэн хашраах гэх мэт. Тэгвэл, ядаж л өөрийн, бүсгүй хүний ажил хэрэгтээ найз залуугаа хутгалдуулалгүй тайван орхи! Өөрийн ихэнх асуудлуудаа түүний оролцоогүй шийдэж сур!
Хоёрдугаар алдаа, чи өөрийгөө саатуулж чадахгүй байна. Эр хүн гэдэг, чиний хувьд ямар нэгэн алиалагч, эсвэл найз бүсгүй чинь ч биш. Тэр чиний, эмэгтэй хүний бүхий л хүсэл сонирхлыг хуваалцах албатай ч биш. Хэрэв чамд уйтгартай санагдаад эхэлбэл элдэв элий балай бодол орж ирэхээс өмнө амжин өөрийгөө сатааруулах сонирхолтой зүйл ол. Ядаж л жигнэмэг хийж болно шүү дээ.
Гурав дахь алдаа, чи ялимгүй жижиг “ялааг” ч “заан” болгож дэвэргэдэг. Түүний санамсаргүй амандаа бувтнасан үгийг ч өлгөж аван, дааж давшгүй гомдол цөхрөлийн хэмжээнд хүртэл аваачдаг. Хэрэв тэр “хайртай” гэдэг үгээ хэлэхээ мартсан бол бараг л дэлхий сүйрэх хэмжээний гамшиг мэт байдал үүсгэдэг. Эрчүүд бол тэртэй тэргүй, эмэгтэйчүүд шиг тийм ч их сэтгэл хөдлөл, олон таван үгтэй биш гэдгийг ямагт санаж явах хэрэгтэй! Байгалиас заяасан нь тэс хоёр өөр бодгаль шүү дээ.
Дөрөв дэх алдаа, чи түүнээс ганц минут ч холдохгүй зууралддаг. Өөрөөр хэлбэл, байнгын л хүзүүнээс нь зүүгдээд, наалдаад салдаггүй гэсэн үг. Тэгвэл, ийм үйлдлээ зөвхөн хажуу дэргэд хүн амьтан үгүй, “загас наадуулах” үедээ л гаргаж байх нь зүйтэй. Ер нь, олны нүдэн дээр хэн нэгэнд цавуу шиг наалдчихаад салахгүй байна гэдэг харахад төвөгтэйгээс гадна эрчүүдэд ч таагүй байдлыг бий болгодог.