Хамгийн сүүлд бөө удган болж гэнэ гээд л сураг чимээ тасраад байсан дуучин Т.Эгшиглэн “Зэвүүн яриа” нэвтрүүлгийн зочноор оролцлоо.
“Тэртээх ертөнцийн хөгжимчин” киноны дууг дуулсныг эс тооцвол “алга болж”, фэнүүдээ гонсойлгосон шалтгаанаа тэрбээр нягтлангийнхаа мэргэжлээр эх орондоо ажиллахын зэрэгцээ Америкаар аялаад ирсэн хэмээн тайлбарласан юм.
Нэг хэсэг дуулсан дуунууд нь бүгд л хит болдог байсан бүсгүйг бор дарсанд шимтсэн, элдэв бүдүүлэг авир гаргасан, оддын өвчин туссан хэмээн эсэн бусаар хэлэгдэх нь бий. Харин өөрийг нь янз бүрээр бичдэг байсан сайт хэвлэлүүдийн асуудалд оролцдоггүй байсан бол одоо өөрөөр ярих болно хэмээн анхаарууллаа.
Т.Эгшиглэнг “B продакшн”-аас гаралтай болохоор ч тэр үү дуучин Д.Болдтой холбодог талаар асуухад эрс үгүйсгэсэн бөгөөд уулзаагүй тав, зургаан жил болж байна хэмээн хариулав.
Дуучин бүсгүй “Энэ жил илүү ихийг хийх болно” болно гэсэн амлалтдаа хүрч чихэнд сонсголонтой олон сайхан уран бүтээл хийхийг хүсэн ерөөе!