Харшил зөвхөн зун цагт гараад байдаггүй ажээ. Хүйтний улиралд ч харшил хүмүүсийг зовоодог юм байна. Арьс харшлын эмч нарын яриагаар бол халуун, хүйтний харшилт өвчин тэр дундаа хүйтний чонон хөрвөс гэдэг өвчин элбэг тохиолддог аж. Энэ нь бүдүүн гэдэсний үйл ажиллагааны алдагдалтай, цусан дахь иммуноглобулины дутагдалтай хүмүүст ихэвчлэн тохиолддог. Бүдүүн гэдэс бие махбодид дулаан зохицуулалтын үүрэгтэй байдаг. Тиймээс энэ өвчнийг тусах магадлалтай болж байгаа юм. Хүйтний чонон хөрвөс өвчин олон төрөл байдаг.
Жишээлбэл: хоол хүнсний, нарнаас шалтгаалсан эмийн бодисоос харшилсан гэх мэт. Эдгээрийн шинж тэмдэг нь адил байдаг учраас хоорондоо андуурагдаад байдаг. Ялангуяа хоол хүнснээс харшилсан чонон хөрвөс өвчин хүний биед явагдахад тухайн хүн даарснаас болж хүйтний харшилтай болчихлоо гэж ярьдаг. Шинж тэмдгүүд нь арьсан дээр гүвдрүүт, бүлцрүүт тууралтууд гарна. Ихэвчлэн нүүр, гар, шилбэ, гуяны дотор тал хамгийн их өртдөг. Энэ нь хүйтнээс халуун, халуунаас хүйтэн газар руу орох үед тод мэдэгдээд дулаацахаар өөрөө аяндаа алга болдог. Энэ нь сорилын оношлоогоор ялгагдаад гараад ирдэг гэдгийг эмч нар онцолж байгаа юм.
Харшлын өвчнүүд хавсарч тохиолдох нь элбэг байдаг. Арьсны харшлын өвчин амьсгалын замын өвчинтэй хавсарч тохиолдох магадлал өндөр. Удамдаа харшлын өвчтэй хүмүүс ингэж хавсарсан байдлаар тохиолдох нь их. Мөн нүдний салстын үрэвсэл, амьсгал боогдох шинжүүд давхар илэрч болдог ажээ. Ямар ч өвчинд хүндрэл гэж байдаг. Энэ өвчний хувьд амьсгал боогдсоноос болж хаван үүсэж амь насанд нь аюул учирч болно. Тиймээс эрт эмчлэх, урьдчилан сэргийлэх хэрэгтэй юм байна.
Зарим хүн нэгэнт хүйтний харшилтай болсон бол хүйтэн юм ууж, идэх зэргээс хүртэл харшилдаг гэж ойлгодог. Тэгвэл бодит байдал дээр тийм биш юм байна. Гадна орчны температурын нөлөө л чухал аж. Харин төрсний дараа гам алдсан эхчүүдэд халуун хүйтний харшил илрэх тохиолдол байдаг. Хүйтний чонон хөрвөс өвчин бүрэн эдгэрдэг үү, жил бүр сэдэрдэг үү гэж олон хүн асуудаг. Тэгвэл эмч нар жил бүр сэдэрнэ гэсэн ойлголт байхгүй, эмчилгээ бүрэн хийж чадвал дахихгүй байх боломж бий гэж хариулж байна. Энэ нь хувь хүний биеийн онцлогоос хамаардаг ажээ. Хүйтний чонон хөрвөс олдмол өвчин. “Удамшлын шалтгаан нөлөөлдөг боловч төрөлхийн гэж байхгүй. Даарч хөрдөггүй хүн гэж байдаггүй, тийм учраас даарч хөрсөн хүн бүхэн тусна гэж ойлгож болохгүй. Хооллолт, хувцаслалт, чийрэгжүүлэлт чухал. Биеийн эсэргүүцлээ дэмжиж витамин, амин дэм үүдийг сайн хэрэглэх хэрэгтэй.
Харшил гарсан л бол заавал эмчид хандах шаардлагатай. Тос түрхэх нь уг өвчнийг тогтонги болгочихдог. Хүйтний чонон хөрвөс өвчин бол гаднаасаа биш дотроосоо эмчлэгддэг өвчин. Тиймээс дур мэдэн эсвэл эмийн санчийн санал болгож буй тосыг хэрэглэж болохгүй. Мөн халуун ногоо ихтэй, хурц хоол, архи айраг, шар өнгийн жимс, жүүс хэрэглэх хориотой байдаг” гэж мэргэжлийн эмч нар зөвлөж байна.Эх сурвалж http://www.info.mn