Гурван засгийн газар дамжин хоёр дахиа батлагдаж байж энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжихээр болоод буй Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн талаарх 5 гол өөрчлөлтийг хүргэж байна.
1. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДЭХ НЬ ГЭМТ ХЭРЭГТ ТООЦОГДСОН
Эрүүгийн хуульд анх удаа гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцон хуульчилснаар гэм буруутай этгээд гарцаагүй хариуцлага хүлээх, хүчирхийллийн хохирогч болсон хүн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалагдах нөхцөл бүрдсэн. Хүчирхийлэл үйлдэгчид шаталсан, ялгамжтай, хийсэн үйлдэлд нь тохирсон хариуцлага хүлээлгэнэ. Хүчирхийлэл үйлдэгчийг зан үйлд нөлөөлөх сургалтад хамруулна.
2. ХУУЛИЙН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭГ ӨРГӨТГӨСӨН
Хохирогчдын дийлэнх хэсэг хуулийн хамгаалалтын гадна үлддэг байдал өөрчлөгдсөн. Гэр бүлийн гишүүдээс гадна тодорхой шалтгааны улмаас тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүн, салсан эхнэр, нөхөр, өмнө нь хамтран амьдарч байсан хүн, дундаасаа хүүхэдтэй хүмүүсийг нэмж хамааруулсан.
3. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ИЛРҮҮЛЭХ СУВГУУДЫГ ТОДОРХОЙЛСОН
- Эмч, бүх шатны боловсролын байгууллагын багш, нийгмийн ажилтан, бусад төрийн болон төрийн бус байгууллагын ажилтан, алба хаагч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдсэн бол цагдаагийн байгууллагад мэдээлэх үүрэгтэй.
- Хувь хүн, хуулийн этгээд гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэх эрхтэй.
- Хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэнийг мэдсэн хэн ч байсан заавал мэдээлэх үүрэгтэй.
- Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлснийх нь төлөө хариуцлага хүлээлгэхгүй.
- Мэдээлэгчийн нууцлалыг хамгаална.
4. ХОХИРОГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮЛЭЭХ ҮҮРГИЙГ ТОДОРХОЙ БОЛГОСОН
Цагдаагийн албан хаагч нь хүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан болон учирч болзошгүй талаарх мэдээллийг хүлээн авсан даруй таслан зогсоох, орон байранд нэвтрэн орох, хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах, галт зэвсэг, хүчирхийлэл үйлдэхэд ашигласан зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хураан авах зэрэг ажиллагааг явуулна.
5. ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛНА
Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч, энэ талаар мэдээлсэн гэрч Гэрч, хохирогчийг хамгаалах албанд хандаж, амь нас, эрүүл мэндээ хамгаалуулах боломжтой болсон.
А.ТӨГӨЛДӨР, IKON.MN