Моника Белуччигийн амьдралын түүх бол нугасны муухай дэгдээхэйний үлгэрийн жинхэнэ бодит биелэл хэмээн түүний аав өгүүлж байсан удаатай. Өнөөгийн үзэсгэлэнт бүсгүй болсон охин нь хүүхэд ахуйдаа жигтэйхэн царай муутай “матар” байсан талаар ярихдаа эцэг нь огтхон ч ичиж зовдоггүй гэнэ.
Моника жаахан охин байхдаа хэзээ ч урт үстэй байсангүй. Түүний үсийг ялимгүй ургаад эхлэнгүүт эцэг эх нь тайрчихдаг байсан аж. Өнөөгийн урт үстэй гоёмсог төрхийг нь харахад эрэгтэй хүүхдийнх шиг богино халимагтай байсан гэж төсөөлөгдмөөргүй. Тэрээр 12 настайгаасаа өөрийн гадаад төрхөндөө анхаарах талаар суралцаж эхэлсэн аж. Үүнийхээ ачаар өнөөгийн гайхалтай секси төрхийг бүтээж чадсан бололтой.