“Хар санаа ба хайр сэтгэл”, “Надад өгөөгүй хайр”, “Зүүдний үргэлжлэл” зэрэг олон кино, жүжгийг дуугаар амилуулсан залуу уран бүтээлч Ц.Хулантай ярилцлаа. Түүнийг поп стилийн уран бүтээлээс гадна жааз дуу дуулдгийг уншигч та мэдэх биз ээ. “Залуу уран бүтээлч хүний хувьд өөрийгөө бага ч гэсэн ивээн тэтгэх хэрэгтэй байна. Тиймээс нэг бизнес эхлүүлээд байгаа” хэмээн ярих түүнтэй ийн хөөрөлдлөө.
–Дуучин Ц.Хулан сүүлийн үед хаагуур ямар ажил амжуулж явна вэ?
-Бие даасан хоёр дахь жааз хөгжмийн цомгоо гаргах гээд бэлтгэл ажилдаа орсон. Одоогоор 40 хувьтай явна. 2005 онд “My World” нэртэй цомог гаргасан шүү дээ. Мөн энэ сарын 13-нд Тусгаар тогтнолын ордонд болох “Hotspot” хамтлагийн ахлагч, дуучин Н.Наранбаатарын бие даасан анхны “Strangers in the night” классик жааз “амьд” хөгжмийн тоглолтод оролцохоор бэлтгэж байна. Энэ тоглолтод би дуучин Наагий болон “Jazz big band” хамтлагтай хамтран алдарт дуучин Louis Armstrong-ийн “What a wonderful world” дууг өөрсдийн хэв маягт оруулан дуулж сюрприз барихаар бэлдсэн. Бидний хэрхэн хоршихыг тоглолтын тайзнаас үзэгч та бүхэн мэдрэх болно.
–Шинэ цомгоо юу гэж нэрлэх гэж байна вэ?
-“My World-2”. Өмнөх цомгийнхоо үргэлжлэл болгож байгаа юм. Төлөвлөгөөний дагуу явбал ирэх аравдугаар сар гэхэд сонсогчдын хүртээл болно. Түүнчлэн монгол дуунуудаа ч цомог болгох гэж байгаа. Үүнд сонсогчдын сонсох дуртай кино, жүжгийн дуу багтана.
–Та саяхан “Нэг биений хоёр зүрх” нэртэй уран сайхны кинонд тоглосон. Тус киноны уран бүтээлчид танд санал тавьсан уу?
-Энэ киног “Sitsa” продакшны уран бүтээлчид хийсэн. Энэ продакшн өмнө нь “Цахирмаа” гэдэг кино хийсэн юм билээ. Олон киноны зураглаачаар ч ажилласан гэсэн. Найруулагч нь Тансаг продюсер нь Наранхишиг гээд гэр бүлийн хүмүүс байдаг. Миний найзууд байгаа юм. Энэ хоёр анх надад “Бид ийм нэг кино хийх гэж байгаа юм. Чамайг тоглуулах гэсэн юм” гээд зохиолоо үзүүлсэн. Би өмнө нь өөр ямар нэгэн урлагт өөрийгөө сорьж үзье гэж бодож байсан.
–Пробонд ороход ямар санагдаж байв. Дууныхаа клипэнд өөрөө тоглодог танд нэг их асуудал биш байгаа биз дээ?
-Гурван удаа пробонд орсон. Ер нь кино, клип хоёр тэс өөр юм билээ. Жүжиглэлт, нүүрний хувиралтаас эхлээд хэцүү санагдсан. Тэгээд ч миний дүр нэг дуучин бүсгүйн хувийн болон олны өмнө биеэ хэрхэн авч явж, дотоод амьдралаа тэднээс яаж нуудгийг харуулах ёстой байсан учир бүр ч хэцүү байлаа. Гэхдээ би өөрийнхөө хувьд жинхэнэ тултлаа жүжиглэсэн. Харин мэргэжлийн хүний нүдэнд сайнгүй харагдах байх.
–Та дуучин хүн. Уран бүтээлчийн амьдралыг биеэрээ мэдэрдэг. Тэгэхээр харин ч хялбар байгаагүй гэж үү?
-Үгүй. Яагаад мэргэжлийн жүжигчин гэж байдаг юм бэ. Тэд ямар ч дүрийг мэргэжлийн түвшинд гүйцэтгэж байгаа болохоор л тэгж хэлсэн хэрэг. Тэгэхээр тоотой хэдхэн мэргэжлийн бус хүн сонирхсон дүрээ товойлгож чадна. Миний хувьд кинонд зүгээр л тоглож үзэхийг хүссэн юм. Гэхдээ киноны нээлтэд очиход хүмүүс “Сайн тоглосон байна. Дараагийн кинондоо муугүй дүр гаргах нь. Чамд ирээдүй байна шүү” гэж хэлж байсан. Өөрийгөө дүрээ 100 хувь гаргаж чадаагүй гэдгээ мэдэж байгаа ч энэ үгэнд их урамшсан.
–Үүний дараа танд дахиж кинонд тоглуулах санал ирсэн үү?
-Үгүй. Завгүй учраас хүлээж авч чадахгүй. Цомгийн ажил, өөрийнхөө хэмжээнд жижиг ажил эхлүүлэх гээд гүйгээд байна.
–Жижиг ажил гэдэг нь бизнес үү. Ямар чиглэлээр вэ?
-Тийм. Гэхдээ одоогоор хэлмээргүй байна. Гүйцэд хөлөө олсны дараа хэлье. Ер нь урлагийнхан хувиараа бага ч гэсэн бизнес эрхэлж, тодорхой хэмжээгээр өөрийгөө ивээн тэтгэдэг. Жүжгийн дуу дуулах санал олон ирдэг. Өнгөрсөн жил ӨМӨЗО-ны нэг киноны дууг дуулсан. Мөн манай улсын кино уран бүтээлчид олон ангит киноныхоо дууг дуулуулсан. Нэг эгч хүртэл нөхөртөө зориулж баримтат кино хийсэн юм билээ. Тэр киноныхоо дууг ч надад өгсөн.
–Энэ мэтчилэн киноны дуу дуулдаг болохоор өөрийн эрхгүй дээрх кинонд тогломоор санагдсан юм болов уу гэж бодож байна?
-Хэдийгээр дуучин ч гэлээ кино дэлгэцэд дүрээ мөнхлөх нь сайхан юм байна. Өөрийгөө өөр аргаар нээлээ. Намайг хүмүүс их даруухан гэж боддог. Тийм бодолтой хүмүүст өөрийгөө таниулж чадсан шүү.
–Та уран бүтээлийнхээ санхүүг яаж зохицуулж байна вэ?
-Би голдуу кино, жүжгийн дуу дуулдаг. Тэгэхээр тэр дуунд шаардагдах санхүүг тус кино, жүжгийн уран бүтээлчид нь зохицуулчихдаг юм. Би хоёр дуундаа л мөнгө гаргасан. Харин одооноос хувиараа мөнгөө гаргаж хүссэн дуугаа дуулах гээд л бизнесээ эхлүүлэх гэж байна.
–Таныг уншигчид маань “Яагаад чимээгүй болчихсон юм бол. Гадаадад амьдарч байгаа юм болов уу” гэж байсан. Чухам яагаад уран бүтээлээсээ хөндийрчихөө вэ?
-Ер нь байнга л гадаадын орнууд руу явдаг. Уран бүтээлээсээ хөндийрөөгүй. Зарим дуучин шиг өдөр шөнөгүй телевиз, fm-ээр дуугаа цацахгүй болохоор тэгж бодсон байх л даа.
–Ямар ажлаар гадаад руу явдаг вэ?
-Жааз дуу дуулдаг болохоор ихэнхдээ гадаадын уран бүтээлчид намайг “Тэнд, энд хүлээн авалт болох гэж байна. Бидний хүсэлтийг хүлээн аваач” гэдэг юм. Заримдаа амрах журмаар.
–Дээхнэ нэг ярихад Малайзад явж байна гэсэн. Урилга хүлээж аваад явж байв уу?
-Үгүй. Ээжтэйгээ амрах гэж явсан юм.
–Та ер нь яагаад жааз дуу сонгосон юм бэ. Поп дуугаар урын сангаа баяжуулбал улсдаа олонд танигдаж, наад зах нь “халтуур” их олдох юм биш үү?
-Тухайн уран бүтээлч өөрийн гэсэн сонирхдог стилиэ дагадаг. Жишээ нь ВХ-ийг нийтийн дуу, “Нисванис”-ын Амгааг поп дуу дуул гэвэл шал утгагүй санагдана. Миний хувьд жааз урлагт дуртай, ийм жанрын бүтээлийг сонсч өссөн болохоор үүнийг сонгосон хэрэг. Тэгээд ч хөдөлмөрлөх арга, эрч хүчээр дүүрэн байдаг болохоор сайхан байдаг юм. Ер нь манай улсад поп дуучин олон байхад би ч гэсэн тийм шугам бариад явах шаардлага алга.
–Жааз дууны цомгийн борлуулалт хэр байдаг вэ?
-Нэг их өндөр биш. Би цомгоо Канад, Японд борлуулдаг. Тэд энэ жанрын дууг сонсох дуртай болохоор гүйлгээ сайн байдаг. Гэхдээ миний дуулж байгаа жааз дуу нэг их хүнд хэлбэрийн биш болохоор манайхан ч сонсоход тохиромжтой.
–Цомгоо гадаадад хэдэн ам.доллараар зарагддаг вэ?
-25-35 ам.доллар. Гадаад дахь борлуулалтыг миний анхны цомгийг продюсерлосон Женд Вая гэдэг америк найз маань хариуцдаг. Өөрөө ч жааз хөгжим сонсох дуртай. Манай улсад жил бүр “Их талын жааз” нэртэй наадмыг зохион байгуулдаг.
–Тэгвэл та манай улсын уран бүтээлчдээс хэн хэний цомог нь борлуулалтаараа өндөр явааг мэдэх үү?
-Ер нь манай улсын ардын урлагийн бүтээлүүд гайгүй байдаг. Зүгээр л анзаарахад уртын дуучин, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Норовбанзадын цомог борлуулалтаараа дээгүүр байр эзэлдэг юм билээ. “Алтан ураг”, “Жонон”, “Домог” зэрэг хамтлагийн бүтээлүүд ч байна. Ардын урлаг хөгжиж байгаад би маш их баярлаж байгаа.
–Та хөгжмийнхөө найруулгыг энд хийлгэдэг үү?
-Тийм.
–Манай улсын хөгжмийн найруулагчид жааз дууны хөгжмийг хэр өндөр түвшинд найруулж байна вэ?
-Ерөнхийдөө сайн. Би тэднийг ямар ч хөгжмийн найруулгыг хийж чаддаг гэж боддог. Мэдрэмж нь ч өндөр байдаг. Тэгээд ч одоо үед аль нэг дуугаа найруулуулах гээд гадаад руу явдаг цаг өнгөрсөн гэж боддог.
–Та жааз хөгжмөөр хэдэн оны, хэн хэний дууг дуулж байна вэ?
-Жааз дуу Америкаас үүсэлтэй. Тиймээс дан англи хэлэнд дуулагдсан, 1920-иос хойших оны дуунууд бий. Гэхдээ тухайн дуучдын хэмнэлээр дуулна гэж байхгүй л дээ. Үндсэн ая нь байгаа ч наад хэв маягийг нь өөрчилдөг. Жишээ нь манай улсын “Аяны шувууд” дууг хэн ч хэдэн янзааар дуулж болдог. Түүнтэй адил.
–Тэгвэл та тэдний дуулахаас өөрийгөө ямар ялгаатай дуулсан гэж бодож байна вэ?
-Хүн бүр өөр өөрийн гэсэн орчинтой. Би тэд нар шиг дуулаагүй. Дуулж ч чадахгүй. Тиймээс би өөрийнхөөрөө дуулснаараа онцлог.
–Гавьяат жүжигчин Б.Дашдондог “Харанга” хамтлагийн дуучин Ц.Чулуунбат нар “Манай улсад Маралжингоо, Ц.Хулан зэрэг дажгүй хоолойтой хүүхэд байна. Тэд даанч сүүлийн үед уран бүтээл хийхээ байлаа. Залхуураад байдаг юм болов уу” хэмээн ярьж байсан. Тэдэнд та юу гэж хариулах вэ?
-Наад зах нь санхүү хүнд шүү дээ. Нэг дууг клиптэй нь хийхэд доод тал нь таван сая төгрөг зарцуулагддаг. Үүнээс гадна миний дотоод сэтгэлд нуугдаж байгаа ая, хөгжмийн найруулгыг тэр бүр хүн хийж чадахгүй байна. Тэгэхээр өөрийнхөө сэтгэлд хүрэхгүй аятай дууг дуулаад яах юм бэ. Дэмий мөнгө үрэх болно. Харин хүнээс мөнгө гуйж чаддаг дуучид болсон болоогүй дуу хийгээд явж байна. Миний хувьд хэн нэгэнд очоод “Би ийм дуу хийх гэсэн юм. Та хэдэн төгрөг хандивлаач” гэж хэлж чадахгүй.
–Та жүжиг, киноны дуу дуулж байх үедээ залуусын сонсох дуртай дуучны нэг байсан. Харин одоо тэд өөрөөр хүлээж авдаг болчихлоо. Тэр үеийг одоо эргүүлэхэд нэлээд хугацаа шаардагдах байх даа?
-Үүнд би санаа зовохгүй байна. Саяхан нэг телевизийн шууд нэвтрүүлэгт орсон чинь олон оролцогч утсаар холбогдсон. Өмнө нь би тийм их сонсогчтой гэдгээ мэддэггүй байсан болохоор тэр үед их гайхсан. Бас баярласан. Тиймээс одооноос би тэднийхээ сонорыг сайхан уран бүтээлээр мялаахыг хүсч байна. Одоо гарч байгаа хүүхдүүдийг харахад хэдхэн дуундаа клип хийчихээд “Фэнүүддээ зориулаад дараах дуугаараа ая барья” гээд л ярьж байх юм. Хамраа сөхөх нь энүүхэнд. Энэ байдлыг нь хараад миний “бөгс” улайж байгаа юм чинь. Тэд яг үнэндээ урлагийн оргил руу хэрхэн мацдагийг мэдрээгүй шүү дээ. Хэдэн продюсерийн гар дамжсан зүгээр л дуу дуулах сонирхолтой хүүхдүүд байхгүй юу.
–Тодорхой хэлбэл хэнийг хэлж байна вэ?
-Ямар tacy билээ. Хэдэн охинтой хамтлаг байсан.
-“Extacy” юу?
-Тийм. Үүнээс гадна нэр нь мэдэгдэхгүй олон хамтлаг байна аа. Тэд наад зах нь хүн хүндэлж мэддэггүй. Аль нэг студид таарахдаа дайрчих шахаад л өнгөрөх юм. Гэтэл тэдний араас орж ирсэн гавьяат жүжигчин Т.Ариунаа “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн нар намайг дуугарч амжаагүй байхад “Миний дүү сайн уу. Уран бүтээл өндөр үү. Ах, эгч нараасаа зөвлөгөө авбал хэлж өгч болно шүү” гэдэг. Боловсролтой, өөрсдийгөө мэдэрсэн хүмүүс ийм байдаг. Урлагт дөнгөж хөл тавьж байгаа тэдгээр хүүхэд дээд үеийнхнийгээ хүндэлж, зөв харьцаж явах хэрэгтэй. Бид тэднийг “Та нар тийм бай, ингэж болохгүй” гэж хэлэхгүй ч урлагийн халуун тогоонд хэдэн удаа хайруулаад ирэхээр ухаарах байлгүй дээ.
–Та цаашдаа жааз дуугаар уран бүтээлээ туурвих гэж байна уу. Поп дуу дуулах уу?
-Аль алиныг нь дуулна. Миний хувьд нэг хэлбэрт баригдана гэдэг уйтгартай санагддаг.
–Та гавьяат жүжигчин Б.Дашдондогоос эхлээд олон хүнтэй хамтарч дуулдаг байсан. Ер нь байнга нэг портнёртой дуулъя гэсэн бодол байна уу?
-Үгүй. Нэг хүнтэй дуулаад байвал сонсогч нарт ч уйтгартай байх болно. Жишээ нь ВХ, Маралжингоо, Агиймаа, Эгшиглэн, Quiza нар хамтарч дуулдаг. Тэдний дуу эхэндээ сайхан санагддаг байлаа. Гэтэл сүүлийн үед яг адилхан болчихож. Сонсогчид ч нэг их тоохоо байж. Тэд өөрсдөө бол дуугаараа “алаад” байгаа юм шиг үзүүлбэр үзүүлээд байгаа. Гадаадын дуучид ч нэг дуулсан хүнтэйгээ олон удаа хамтарч дуулдаггүй. Ямар нийтийн дуучин С.Жавхлан, Т.Баясгалан биш.
–Өөрийг тань гадаадаар дуулдаг болохоор уншигчид маань ч хэдэн орны хэлтэй бол гэж бодож байгаа байх…
-Англи хэлтэй. Дуучин хүн аливаа орны хэлийг сурахдаа хурдан байдаг. Намайг япон дуу дуулахаар зарим хүн “Яг япон үндэстэн шиг дуулж байна” гэдэг юм. Мөн куба, хятадаар дуулсан. Хятадаар дуулах үнэхээр хэцүү юм билээ.
–Таны хувийн амьдралын талаар ярья. Охин тань хэд хүрч байгаа билээ?
-Том болж байгаа шүү дээ. 12 настай. “Эрэл” сургуульд наймдугаар ангид сурдаг.
–Охиноо хэзээ аавтай болгох гэж байна даа?
-Одоохондоо тийм зүйл бодохгүй байна. Тэгээд ч залуу насанд нөхрийн хэрэг алга. Өмнөхөө хийгээд л явж байвал болоо. Ээж, охин хоёртойгоо амьдарч байна.
–Ямар машин хөлөглөж байна вэ?
-Машинаа саяхан зарчихсан. Японоос Harier юм уу Cluger авах гээд захичихсан байгаа.
–Өөрөө нэлээд жин хассан бололтой?
-Үгүй шүү. Хүмүүс намайг тэгээд байгаа юм. Уг нь жаахан ч гэсэн турах юмсан гэж боддог юм. Жингээ үзэхээр урьдынхтайгаа яг адилхан. Нас жаахан яваад нүүрээрээ шуугдаад байгаа байх. Тэгэхээр хүмүүст турсан юм шиг харагдаж байгаа байх.
–Өөрийн тань үндсэн мэргэжил юу билээ?
-Би чинь зургийн анги төгссөн шүү дээ. Гэхдээ монументаль чиглэлийнх. Би дахиж мэргэжил эзэмшье гэж боддоггүй. Харин гоо сайхан эсвэл тогоочийн курст суралцахыг хүсч байна. Энэ чинь амьдралд хэрэгтэй.
–Гэрээ өөрөө тохижуулсан уу?
-Тийм. Гэхдээ албан ёсоор зураг гаргаж байж тохижуулаагүй ээ. Дэлгүүрүүдээр явж байгаад л галын өрөөнд энэ, том, жижиг өрөөнд тэр тавилга зүгээр юм байна гээд л авсан.