“Арсенал”-ын довтолгооны шугамыг ганцаараа нуруун дээрээ үүрч явсан Робин ван Перси багтайгаа гэрээгээ сунгахаас татгалзсан нь “Их буучид”-ыг хүнд цохилтод оруулсан. Өнгөрөгч улиралд Премьер лигийн мэргэн буучаар тодорсон голланд эр “Эмирэйтс” цэнгэлдэхэд үргэлжлүүлэн тоглохоос татгалзсан энэ мөчид “Арсенал”-ынхныг цочроосон бас нэг явдал болсон нь Уолкоттын мэдэгдэл. Ван Перситэй тун дотно нөхөрлөдөг тэрээр голланд довтлогчийг багтаа үлдэхгүй гэж мэдэгдсэний дараа “Би ч гэсэн эндээс явна” хэмээсэн байна. Долоо хоногт 55 мянган фунт халаасалдаг Тео Уолкоттод “Арсенал”-ын удирдлагууд цалинг нь 80 мянга хүртэл нэмж, 4 жилээр гэрээг нь сунгах санал тавих гэж буйгаа мэдэгдэж байсан юм. Уолкоттын энэ мэдэгдэл түүнийг авахыг хүсч байсан олон багийн шүлсийг асгаруулах нь дамжиггүй.
newsapp