Хэрэв таны нойр хүрч өгөхгүй хулжих, унтаж байгаад олон дахин сэрэх, эргээд унтаж чадахгүй байх, өглөө хэт эрт сэрэх, хангалттай хугацаанд унтсан ч амарч чадахгүй ядрах зэрэг зовиурууд өөрт чинь мэдэгдэж олон хоног үргэлжилбэл архаг нойргүйдэлд автаж эхэлж байна гэсэн үг.
Архаг нойргүйдэл нь олон төрлийн шалтгаанаар бүрэлдэж, төрөл бүрийн шинж тэмдэг, янз бүрийн зовиураар илэрдэг тул оношлогоо эмчилгээ хийхэд тийм ч амар хялбар бус, эмчилж байгаа эмчээс ч, эмчлүүлж байгаа өвчтөнөөс ч тэвчээр, цаг хугацаа багагүй шаарддаг нэлээд төвөгтэй эмгэг юм.
Нойргүйдэл нь ингэж архагшсан өвчитнүүд түүнтэйгээ өөрийн мэдэлгүй эвлэрчихсэн байдаг нь ажиглагддаг. Тухайлбал, унтаж амрахаар эрт орондоо орж илүү олон цагаар унтахыг хичээдэг байна. Гэвч угаас нойр хүрэхгүй тул утсаар ярих, телевиз үзэх, компьютер дээр ажиллах, дасгал хийх, юм идэх, тамхи татах, дэмий цаг ширтэх зэргээр унтаж амрах цагаа өнгөрүүлдэг. Энэ нь нойрыг улам сэргээж, унтахад тохиромжгүй орчинг бий болгодог. Нойргүйдэлттэй хүмүүс бусад хүмүүсийг бодвол орчин нөхцөлдөө илүү мэдрэмтгий болж, хий дэмий юманд автан, санаа сэтгэл нь тогтворгүйтэж, унтаж чадахгүйдээ санаашран, сэтгэлийн битүү зовлонд өртөх нь их.
Нойргүйдэлд ихэвчлэн ахимаг насныхан болон эмэгтэйчүүд илүү өртөмтхий байдаг. Ажил мэргэжлийн хувьд онгоцны үйлчлэгч, нисгэгч гэх мэт цагийн бүс дамнан ажилладаг, аялдаг хүмүүс болон ээлжийн ажилтай хүмүүс илүү өртдөг нь амьдралаас харагдаж байна. Эдгээрээс гадна зарим эмийн бодис (зарим төрлийн даралт бууруулах – бетаблокаторууд, даавар) каффейнтэй хүнс (кофе, шоколад, энергийн ундаа, хийжүүлсэн ундаа), тамхи хэрэглэх нь нойргүйдэлд хүргэнэ. Өвдөлт өндөртэй архаг хууч өвчнүүд, сэтгэл санааны хямрал, сэтгэцийн зарим өвчний үед хүн унтаж чадахгүй болдог. Мөн ажилгүйдэл, ядуурал, амьдралын буруу хэв маяг, эдийн засгийн буурай байдал зэрэг нийгмийн сөрөг үр дагавар нойргүйдэлд нөлөөлдөг.
Хэрхэн нойргүйдлээс ангижрах вэ?
Нойргүйдлээс ангижрах хамгийн үр дүнтэй арга нь нойрны эм хэрэглэх биш бөгөөд гол нь хэвшүүлж сурах хэдэн дадал чухал юм. Ингээд та бүхэнд Америкийн Нойрны Эмгэгийн Холбооноос гаргасан нойргүйдлээс ангижрах зөвлөмжийг хүргэж байна.
- Ор бол зөвхөн унтахад зориулагдсан – уг дүрмийг мөрдсөнөөр оронд ороход тулгардаг сэрүүн байх, цухалдах, санаа зовних зэрэг сөрөг мэдрэмжүүдийг арилгахад чиглэнэ. Уг мэдрэмжүүд нь орондоо ороход л өөрийн эрхгүй үүсдэг зуршил болсон байдаг. Иймд энэ сөрөг мэдрэмжүүдийг зуршил болсныг засахад чиглэгдсэн эмчилгээ юм.
Хийх арга: зөвхөн нойр хүрсэн үед орондоо орох; өдрийн цагаар нойр авахаас зайлсхийх; цагийн хуваарь баримталж орондоо орох; орыг зөвхөн унтахадаа ашигла ; хэрвээ орондоо ороод унтаж чадахгүй 20-с дээш минут болсон бол орноосоо босч дахин нойр хүрэх хүртэл хүлээгээд дахин орондоо орох гэх байдлаар унтах хүртлээ давтан хийх хэрэгтэй. Хэрвээ та 20 минутын хугацаанд унтаж чадахгүй нь ойлгомжтой байгаа бол заавал 20 минут хүргэлгүй өмнө нь орноосоо босох нь зүйтэй.
- Тайвшруулах дасгал – үечилсэн булчин суллах дасгал, ургуулан бодож төсөөлөх, хэвлийн амьсгал зэрэг нь бие болон сэтгэлийг тайвшруулна.
Хийх арга: үечилсэн булчин суллах дасгалыг булчинг бүлэг бүлгээр нь доороосоо дээшээ, ээлжилж 5 секунд булчингаа чангалаад, суллах байдлаар биеийн бүх булчинд хийнэ.
- Сэтгэл засал – нойрны талаарх сөрөг бодлуудыг арилгахад чиглэн, “ би эм уухгүйгээ унтаж чадахгүй” , “би унтаж чадахгүй ч гэсэн орондоо хэвтэж амрах хэрэгтэй”, “хэрвээ унтахгүй бол миний амьдрал сүйрнэ” гэх мэт сөрөг бодлуудыг эерэг бодлоор солих хэрэгтэй.
- Нойрсох таатай нөхцөл бүрдүүлэх – унтлагын өрөөгөө нойрсоход тааламжтай болгон тохижуулах, мөн тайван сайн нойрсоход туслах амьдралын зөв дадал зуршлыг хэвшүүлэх.
Хийх арга: зөв цагийн хуваарийн дагуу амьдрах, эрүүл зохистой хооллолт, дасгал хөдөлгөөн хийж идэвхитэй байх, чимээгүй тайван унтах орчин бүрдүүлэх, өдрийн цагаар зүүрмэглэж нойр авахгүй байх, никотин, архи дарс зэрэг сэргээшийн төрлийн юм хэрэглэхгүй байх, хэт их шингэн уухгүй байх, унтахын өмнө нойр хулжаах юм хийхгүй байх .
- Тэмдэглэл хөтлөх – өдрийн турш унтсан хугацаа болон сэрүүн байсан хугацааг тэмдэглэснээр хэдийд нойр хүрдэг, хэзээ унтвал сайхан унтаж амардаг зэрэг өөрөө мэдээгүй зүйлсээ мэдэж авах боломжтойгоос гадна эмчид уг тэмдэлэлээ үзүүлснээр оношлогоо болон эмчилгээ хийхэд илүү хялбар болгодог. Тэмдэглэлдээ унтсан, сэрсэн цагууд, орондоо орсон, орноосоо боссон цаг, унтах орчин, сэрүүн байх үеийн үйл явдлуудаас бичнэ.
- Эмийн эмчилгээ. Хүмүүс өөрийн дураар нойр хүргэх зорилгоор антихистамины бэлдмэл буюу харшлын эсрэг бэлдмэлүүдийг хэрэглэх нь олонтаа. Демидрол, хлорфенамин зэрэг нь нойр хүргэх үйлдэлтэй байдаг ч энэ нь уг эмийн үндсэн үзүүлэх үйлдэл нь биш бөгөөд харин ч гаж нөлөө нь болохыг мэддэггүй хэрэглэдэг. Эдгээр эмүүдийг нойргүйдэлд хэрэглэх талаар үр дүн болон аюулгүй байдлын талаарх судалгаа бараг байхгүйн дээр гарах гаж нөлөө нь маш таагүй байдаг. Мөн хүмүүс спиртийн төрлийн ундааг нойргүйдэлд хэрэглэдэг нь зөв сонголт биш юм. Учир нь үйлдлийн хугацаа нь богино, бөглөрөлтөт нойрон дунд амьсгал тасалдах хам шинж үүсгэх эрсдэлтэй, хамаарал, дасал үүсгэдэг зэрэг муу тал ихтэй. Бамбайн ханд, мелатониныг нойр хүргэх багахан үйлдэлтэй болохыг судалгаагаар тогтоожээ. Иймд та нойрны эм хэрэглэх хэрэгтэй бол заавал эмчид хандах хэрэгтэй.
Зөвлөгөөг бэлтгэсэн: Дотрын эмч Б.Чинтогтох