Хувь заяан эрхээр зан араншин огт тохирохгүй хүмүүс нэгэн гэр бүл болдог. Та ч бас тэдний нэг байж болох юм. Тийм бол хэрхэн амьдрах ухааныг зөвлөж байна.
Нийтэч ба зожиг. Нийтэч хүмүүс ганцаардлыг үзэн ядаж, нөхцөл байдлыг байнга солих дуртайгаас гадна эрүүл мэндийн тухай огт үл санаа зовж, зөвхөн өнөөдрөөрөө амьдардаг. Харин зожиг хүн хэнтэй ч үл харьцах ба голдуу чимээгүй, юм унших дуртай. Тэдэнд найз нөхөд бараг үгүй ба дадал зуршлаа огт сольж чаддаггүй. Тиймээс түүнийг хүмүүжүүлэх зэрэг хоосон мөрөөдлөөс салж, сул муу талуудыг ойлгож өршөөх, харилцан буулт хийх замаар аз жаргалтай амьдарч болно.
Нямбай ба салан. Салахад хамгийн амархан хос. Хос хоёрын нэг нь тун нямбай, эмх журамд дуртай бол хаа сайгүй тарааж хаясан хувцас, дуртай газраа хооллосон аяга тавгийг хараад дүрэлзэн уурладаг. Ийм хосууд байнга хэрүүл тэмцэлтэй байна. Ийм хосуудын хувьд гэртээ цэвэрлэгч үйлчлэгчтэй болж чадвал элдэв асуудал үүсдэггүй байна.
Дээд зиндааныхан ба үнсгэлжин. Хувь заяаны тохиолоор ядуу айлын охин бүх юмаар бүрэн хангагдсан баян, чинээлэг залуутай суух явдал ч цөөнгүй. Ийм гэр бүлд эрх мэдэлтэй нь эрх мэдэлгүйгээ дарамтлах, эдийн засгийн хараат байдалд оруулах нь бий. Гэхдээ ийм гэр бүл нэг их салаад байдаггүй. Хэрэв хос хоёр үнэхээр чин сэтгэлээсээ хайртай бол сайн сайхан амьдрах боломж бий.
Эрдэмтэн ба барилгачин. Харамсалтай нь боловсролын түвшингээр ялгаатай хосууд зөрчил ихтэй байдаг. Тэд партнёрынхоо боловсролын түвшинг мэдсээр байж романтик сэтгэлээр суучихаад нэгийгээ хэмлэж байдаг. Ийм хосуудын зарим нь маш хурдан салдаг байхад нөгөө хэсэг нь гэр бүлийнхээ хүний амьдралыг там болгон зугаацах дуртай. Тиймээс, хэрэв танд боловсрол нь үнэхээр чамлалттай санагдаад байвал гэр бүлийнхээ хүнийг сургалтанд хамруулах, эчнээгээр суралцуулах гээд мэдлэг боловсролын дээшлүүлэхэд өөрөө анхаар.