Хонконгод болсон “Asian film awards-2017” наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон фото модель Б.ГҮНЗАЯАТАЙ ярилцлаа. Тэрбээр мисс Б.Гантогоогийн хамт “Азийн Оскар” гэгддэг наадамд оролцжээ.
-“Азийн Оскар”-т оролцох үеэр таныг гадаадын компанитай хамтран ажиллах гэрээ хийсэн гэсэн. Хаанахын ямар байгууллагатай хамтран ажиллахаар болсон бэ?
-“Asian film awards”-ын улаан хивсний ёслолд оролцоод ирлээ. Энэ ёслолын ажиллагааг “Азийн Оскар” гэж нэрлэдэг. Азийн киноны салбарын төлөөллүүд энэхүү улаан хивсний ёслолд оролцдогоороо онцлогтой. Энэ үеэр найруулагч, жүжигчин, дизайнеруудаас шилдгийг нь шалгаруулдаг. Миний хувьд Монгол Улсаа төлөөлөн дээрх ёслолд оролцсондоо баяртай байна. Би улаан хивсний ёслолд оролцохын зэрэгцээ олон сайхан мэдээтэй ирлээ. Мисс-Монгол аялал жуулчлалын холбооныхон миний олон улсын чанартай арга хэмжээнүүдэд гүүр болон ажилладаг. Энэ удаад уг холбооны тэргүүн мисс Б.Гантогоотой улаан хивсний ёслолд оролцсон. Ёслолын үеэр “Film awards” телевизийн захирал надад хамтран ажиллах санал тавьсан юм. Эднийхтэй хамтарснаар би Азид фото моделиор ажиллах боломжтой болж байгаа юм.
–Улаан хивсний ёслолын үеэр таны өмссөн даашинзыг онцолсон гэсэн. Хэний урласан даашинзаар та гангарсан юм бэ?
-Дизайнер Д.Отгонжаргалын урласан даашинзыг өмссөн. Улаан хивсний ёслолын үеэр би нүүр бардам байлаа. Учир нь, Монголын дизайнерууд ямар их авьяастай, чадварлагийг тухайн үед харуулж чадсан. Цаашид ямарваа нэгэн ажил, ёслолд оролцохдоо монгол дизайнеруудынхаа шилдэг бүтээлийг сурталчилна гэж бодож байна.
-Танд олон улсын тэмцээнүүдэд оролцож байсан туршлага бий. Монгол моделиуд бусдаас юугаараа ялгардаг вэ?
-Монгол охид маш үзэсгэлэнтэй. Улс орон маань хөгжихийн хэрээр загварын салбар ч шат ахиж байна. Энэ өөрчлөлт дэвшил дэлхийд биднийг авьяас чадвараа таниулах боломж олгож байгаа юм. Би олон улсын миссийн тэмцээнд ихэвчлэн эх орноо төлөөлөн оролцдог. Орон орны сайхан бүсгүйчүүдтэй тайзан дээр гарахад намайг “Монгол” хэмээн дууддаг болохоор улс орныхоо нэрийг өндөрт өргөхийн тулд маш их хичээдэг. Үүний тулд бусдаас ялгарах онцлог талаа илүү хөгжүүлдэг. Хичээж зүтгэсний дүнд оролцсон сүүлийн гурван тэмцээнд эхний гурван байрт шалгарсан. Эдгээрээс фото чиглэлд надад нөөц бололцоо их байгааг ажиглаж ойлгосон. Би өөрийгөө илэрхийлэхдээ бусдаас сайн гэж боддог. Тиймээс ч “Asian film awards”-д намайг онцлон урьсан гэж бодож байна.
-Цаашид ямар байгууллагад харьяалагдан авьяас чадвараа сорихыг хүсч байна?
-Хүн хүссэн зүйлдээ хүрэхийн төлөө өөрт байгаа бүхнээ дайчлах хэрэгтэй л дээ. Энэ бол миний зарчим. Миний үндсэн мэргэжил эрх зүйч. Одоо мэргэжлээрээ ажиллаж байна. Цаашдаа олон улс оронд жүжигчнээр өөрийгөө таниулах бодолтой байгаа.
-Жүжигчин хүн тал бүрийн авьяастай байх хэрэгтэй. Та энэ талд хэрхэн бэлтгэж байна вэ?
-Би Монголынхоо жүжигчдийн тоглосон бүтээлийг үзэх дуртай. Одоо амжилттай яваа залуу жүжигчид дунд миний найзууд бий. Тэднээрээ би бахархдаг. Бас зөвлөгөө ч авдаг. Ер нь хүсэл эрмэлзэлтэй байхад болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Аливаа хүн нэг хувийн авьяастай байгаад хөдөлмөрлөж чадвал хүссэн зүйлээ бүтээж чадна гэдэг. Би ч хичээж чадвал мөрөөдлөө биелүүлэх боломжтой гэж бодож байна. Ирэх тавдугаар сард Монгол Улсаа төлөөлөн Солонгос руу олон улсын арга хэмжээнд явна. Цаг хугацааг нь дөхүүлж байгаад илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгье.
-Та өнөөдрийн өндөрлөгт хүрэхийн төлөө хэрхэн хөдөлмөрлөсөн бэ?
-Гэр бүлийнхэн маань намайг дэмждэг учраас би өдий зэрэгт хүрсэн. Олон улсын тэмцээнд оролцоход зардал маш өндөртэйгөөс гадна хариуцлага, тэвчээр шаарддаг. Иймээс би чөлөөт цаг гарвал өөрийгөө хөгжүүлэхэд бүхнээ зориулдаг.
-Загварынхан тайзны ард ямар үйл явдал өрнүүлдгийг бид мэдэхгүй. Мэдээж ширүүн өрсөлдөөнтэй байдаг болов уу?
-Энэ талаар өмнө нь хүмүүс ярьж байсан. Миний хувьд хүн хаана ч биеэ зөв авч явах ёстой л гэж боддог. Монголын загварын ертөнцөд нэг нэгэндээ атаархсан өнгө аяс ажиглагдах нь бий. Үүнээс л би хол байхыг хичээдэг. Хамгийн гол нь нэг нэгнээ дэмжвэл юунд ч хүрэх боломж байгааг хараасай гэж хүсдэг. Бидэнд бас сурах, бодох зүйл олон бий. Олон улсын тэмцээнд оролцохдоо хувийн зохион байгуулалт сайтай байх хэрэгтэй. Аливаа улс оронд очоод тухайн улсынхаа соёлыг судлах хэрэгтэйг ойлгосон. Тухайлбал, Германд л гэхэд цагаа ягштал баримталж, болж өгвөл товлосон цагаас өмнө очиж бэлтгэлээ хангах ёстой байдаг.
-Та боловсролдоо хэр анхаардаг вэ. Цаашид олон улс орны тавцанд гарах гэж байгаа болохоор гадаад хэлний мэдлэг чухал шүү дээ?
-Манай ээж багш, аав спортын хүн байсан. Ах, эгч нар маань тухайн салбартаа амжилттай ажиллаж байна. Гэр бүлийнхний маань зөвлөгөө надад маш үнэ цэнэтэй. Би Их засаг их сургуулийг эрх зүйч мэргэжлээр өнгөрсөн хавар төгссөн. Герман хэлийг жил хагас судалсан. Цааш гүнзгийрүүлэн судлах төлөвлөгөөтэй байна. Англи хэлээр өөрийгөө бүрэн илэрхийлж чадна. Үүнээс гадна илтгэл тавих нь миний сонирхдог зүйлийн нэг. Ээж маань илтгэлийн чиглэлээр мэргэшсэн улсын тэргүүний зөвлөх багш.
-Та найз залуутай юу?
– Найз залуугүй . Олон ажил төлөвлөсөн учир энэ талаар бодох боломж гардаггүй байлаа. Ер нь хосууд бие биенийхээ ертөнцийг ойлгож хүндэлдэг байхад л болно гэж боддог юм.
Б.Сэлэнгэ
www.unen.mn