“Ногоон” байшин гэдэг нь архитектурын салбарт сүүлийн үед бий болж буй чиг хандлага бөгөөд хүрээлэн буй орчинд ямар ч хоргүй, цахилгаан эрчим хүчний хэрэглээ бага, экологид ээлтэй барилга байгууламж юм. “Ногоон” барилга нийгэмд ашиг тустай төдийгүй яваандаа барилга байгууламжид тавих гол шалгуур үзүүлэлт, стандарт болох аж. Эрчимтэй хөгжиж буй “ногоон” технологийн сүүлийн үеийн ололт амжилт, эко санаачлагуудаас хамгийн гайхамшигтай агаад боломжит төслүүдийг танилцуулъя. Эдгээрийн зарим нь ердөө зураг, дүрслэл төдий байгаа бол зарим нь өдгөө баригдаж буй, тун удахгүй биет болох төсөл юм.
Lilypad Project (Сараана цэцэгт хавтан) хэмээх уг бүтээл одоогоор энэ цагийн хамгийн гайхамшигт “ногоон” төслийн нэг гэгдээд буй бөгөөд барихад хамгийн өртөгтэй, хамгийн боломжгүй гэгдэж буй ч бүхний анхаарлыг хамгийн ихээр татсаар байна. Уг төсөл хоорондоо асар өргөн сувгаар холбогдсон хөвөгч хот-арлуудыг бүтээхэд чиглэжээ. Францын архитектор Венсан Каллебогийн боловсруулсан экологид халгүй Lilypad хотхон нь дулаарлын улмаас орох байх газраа олж ядан яваа 50 мянган хүнийг ая тухтай нөхцлөөр хангах боломжтой аж. Уур амьсгалын хувьслын олон улсын багийнхны тооцоогоор гамшгийн бүсэд амьдрах хүмүүсийн тоо 25 саяд хүрч магадгүй гэнэ.. Шинэ суурингуудад оршин суугчдыг үндэс угсаагаар нь ялгаж, зааглах ямар ч дүрэм үйлчлэхгүй. Арал бүрийн дунд нийтийн усан сан байх ба цэвэр усны арвин нөөцтэй байх юм. Хөвөгч хот-арлууд адал явдлын жуулчдаас гадна байгалийн гамшгаас дүрвэгсэд хийгээд цагаачдад зориулагджээ. Эл аварга хот 2058 онд манай гаригт нэн тэргүүнд шаардлагатай орон байр болох аж.
GOGO