Намайг үхэхээр минь гитартай минь цуг оршуулаарай. Гарсия Лорка
Эхлээд хаалга буун дуу дуугарав уу гэлтэй тасхийтэл хаагдаж, араас нь хадам эхийнх нь төмөрлөг дуу шөний тэнгэрийг цуу татах нь уу гэлтэй хархиртан цуурайтлаа. “Өмхий хар гуйлгачин. Манайд юутай ирсэн юм бэ, чи. Энэ новшоо аваад зайл” хэмээх хадмынх нь дуунд хөршийнх нь нохой уурсах мэтээр хуцаж гарав. Хүдэрээ гудамжаар нэг хөглөрсөн хувцас хунараа хуучин үүргэвчиндээ эв хавгүйхэн чихэж аваад гудамжны үзүүр лүү учиргүй хурдан харайлгав. Тэгтэл ард нь зүрхийг нь зүсэх мэтээр гитарийнх нь ёолох чимээ сонстлоо.
Хүдэрээ гүйхээ болиод огцом эргэж харав. Сарны гэрэлд түүний гитар гудамжны голд нэг л ер бусын хачирхалтай үзэгдэнэ. Хүдэрээгийн айсан, үзэн ядсан эмзэг сэтгэлд гитар нь нүцгэн бүсгүй мэт харагджээ. Тэгэх тэгэхдээ бүр нэгэнт амьгүй болсон бүсгүй хүний нүцгэн цогцос мэт санагджээ. Түүнд яагаад ч юм бэ бодит байдал, оюун санаан дахь этгээд мэдрэмж хоёр нь нэг л зүйл юм шиг бодогдов. Тэрээр нүдээ нухлаад ахин сайтар харлаа. Яалт ч үгүй бүсгүйн цогцос юмаа. Хүдэрээ энэ гитар шүү гэдгийг мэдэж байгаа хэрнээ яагаад ч юм бэ айж орхилоо. Хүмүүс үхсэн хүнээс айх хэрэггүй, амьд хүнээс л айх хэрэгтэй гэцгээдэг. Харин хүдэрээгийн хувьд бол энэ бүхэн шал өөр. Хүдэрээ үхсэн хүнээс учиргүй их айдаг. Яагаад гэвэл хүн хэрнээ эд юмстай адилхан хүйтэн хөшингө, сэтгэл хөдлөл, үг яриагүй болчихно гэдэг аймаар биз дээ. Амьд хүн бол эд юмсаас тэс ондоо. Амьд хүний халуун бие, сэтгэл зүрх тэр байтугай шунал хүсэл нь ч хүртэл нэг л дотно байдаг. Гэтэл эд юмс амь ороод ирвэл юу болох билээ. Ёстой хүн болгон л айсандаа болж галзуурч үхэх биз. Хүдэрээ гитар луугаа юунаас ч юм болгоомжлон нэг л аажуухан дөхлөө.
Хэрвээ ямар нэг алдаа гаргавал гитар нь амь орж өөдөөс нь босон харайчих юм шиг л санагджээ. Хүдэрээ зөөлхөн дөхсөөр гитараа авлаа. Айж, цочсондоо ч тэр үү түүний гар гитарт хүрэхдээ үл мэдэг салгалж байлаа. Хүдэрээг гитараа тоостой гудамжнаас шүүрэн авах тэр мөчид гитар нь нэг л дотнохон, нэг л гомдолтойгоор зөөлхөн дуугарлаа. Энэ дуу түүний бүх айдсыг үргээж орхив. Энэ бол яг үнэндээ гитарынх нь дуу алдалт , түүнд гомдсон гомдлынх нь үг юм шиг нэг л дотнохон санагдав. Ийм дотнохон гоморхлыг түүнд эхнэр нь нэг ч удаа гаргаж байгаагүй юм. Ер нь эхнэр нь Хүдэрээд гомдож байгаагүй байх. Хүдэрээг хадам эхийнх нь хэлдгээр түүнийг хадмууд нь хэнд ч хэрэггүй махан мануухай гэж боддог хойно эхнэр нь юу л боллоо гэж хүнд биш махан мануухайд гомдох билээ дээ. Энэ мөчид Хүдэрээ яагаад ч юм бэ эхнэрийнхээ тухай зурвасхан бодож амжив. Соёл Урлагийн Их Сургууль төгсдөг зунаа Хүдэрээ эхнэртэйгээ шөнийн клубт танилцсан юм. Шөнийн клубээс авгай авна гэдэг тэр хүний хувьд байж болшгүй алдаа болохыг Хүдэрээ даанч хожим ойлгосон. Тэгэхэд Хүдэрээ хамтлагийнхаа гоцлол дуучин байсан билээ. Төрсөн өдрөө тэмдэглэж байсан эхнэр нь тэр шөнө түүнийг худалдаад авчихсан юм. Хотод орох оронгүй тэнүүчлэх шахуу амьдарч байгаа түүнд үе тэнгийнх нь царайлаг бүсгүй танилцсан эхний шөнөө гэр хорооллын гэмээргүй тохилог хоёр давхар байшиндаа дагуулж авчран энгэрээ нээснээр л түүний хувь заяа шийдэгдчихсэн. Эхнэр нь түүнийг нэгэнт л худалдаад авчихсан болохоор тэр хамтлагаасаа гарч, эхнэрийнхээ эд юмсын бүртгэлийн тоог нэгээр нэмэгдүүлсэн хэрэг.
Тэгэхдээ зүгээр ч нэг эд юмс биш эхнэрийнхээ тэргийг барьж хүссэн газарт нь хүргэдэг, шөний сүүдэр, золбин нохдын боргооноос хамгаалдаг манкурт боол нь л байсан юм. Хүдэрээг эхнэр нь эхэндээ хүн шиг л хайрлаж байсан байх, тэгээд төд удалгүй ганц нэг жилийн дараагаас аашаа хувиргаж эхэлсэн. Ялангуяа хадам ээж, эгч хоёр нь түүнийг хүн гэж нэг удаа үзэж байгаагүй. Махны худалдагч хийдэг хадам эгч нь нэг удаа бүр олон хүний дунд түүн лүү хутгаар чичлэн: -Хөөе ажил ч үгүй, амьдрал ч үгүй махан мануухай минь, чи хүний хоол зүгээр цусалж ханахгүй байна уу. Миний дүү чамайг тэжээх гэж хоёр гурван ажил хийж тамаа цайж байна. Зайлаарай чи хэмээн зүхэж хараасан юм. Хүдэрээ энэ тухай эхнэртээ хэлэхэд “ Чи манайхныг яах гэж элдвээр муу хэлж явдаг юм. Чамайг л сайн сайхан яваасай гэж л тэгж байгаа байлгүй. Чи хүний сэтгэлийг ойлгохгүй байна уу” гэж хашихичин зандарч билээ. Үнэндээ Хүдэрээ Эхнэртээ чин сэтгэлээсээ хайртай байсан болохоор юу ч гэж хэлж чадалгүй өнгөрч байсан юм…
Ганцаардаж, орох байхаа олж ядсан Хүдэрээ гудамжинд өөртэйгөө цуг хөөгдөж хаягдсан гитараа үүрээд хэдэн хувцсаа бариад гэр хорооллын айдас хүйдэстэй гудамжнаас их хотын гэрлийг чиглэн толгойгоо гудайлган алхлаа. Тэрээр ганцхан зүйлийг сайн ойлгов. Тэр нь юу вэ гэвэл түүнд үлдсэн ганц үнэтэй эд нь гитар, түүнийг тулж түших ганц халуун амь, амьсгал нь гитар нь болж үлджээ. Нэг ёсондоо Хүдэрээ өөрөө амьгүй болж, гитар нь амь оржээ. Ингээд бодоход түүнд эхнэр нь амьд хүн биш цэвдэг хүйтэн эд зүйл байсан нь тодорхой болчихов. Эд зүйлийн эх нь, эгч нь, эргэн тойронд байгаа тэр хүмүүс нь мэдээж бас л эд юмс. Энэ бүхнийг ургуулж бодоод тэр учиргүй ганцаараа хөхөрлөө. Энэ бүхэндээ урамшсан тэр “Тэд бол эд юмс. Ямар үнэтэйг нь би мэдэхгүй. Ямар үнэтэй байх нь ч сонин биш. Би эд юмст шуналгүй. Харин би бол мануухай. Тэднийг бодвол харин ч хүн дүрстэй. Миний гитар бол амьтай. Миний гитар бол орчлонгийн хамгийн сайхан хүүхнээс ч үзэсгэлэнтэй. Амьд гитартай, амьгүй мануухай явж байна. Амьгүй мануухайг амьд гитар нь амь оруулна. Харж л байгаарай, та нар” хэмээн шөнийн хотыг сэртэл хашхирлаа. Энэ үед харин түүний дуунаас цочсон мэтээр дорноос үүр цайж эхэллээ.
GOOLINGOO