“Амьдралын төгсгөлд очиход бид өөрсдөөсөө хоёр л энгийн асуултыг асуудаг. Би үнэхээр амьдарч чадсан уу? Би үнэнээсээ хэн нэгнийг хайрлаж чадсан уу?” ~Жек Корнфийлд
“Эхэндээ бүх зүйл сайхан байсан.”-Хэн нэгэнтэй харилцаагаа өндөрлөсөн, эсвэл хайртай хүнтэйгээ маргалдсан үедээ бид найзуудыгаа тойруулж суулгаж байгаад ингэж хэлдэг. Бүх зүйл яг хэзээнээс өөрчлөгдөж эхэлснийг, урьд нь амиа ч өгөхөөс буцахгүй хайрладаг байсан түүнийгээ хэзээнээс өөнтөглөж эхэлснээ бид мэддэггүй. Хэзээнээс өмнө нь өхөөрдөм харагддаг байсан түүний инээмсэглэл дургүй хүрэм санагдаж, хэзээнээс нэг л хэрүүл эхлэвэл хурдхан шиг харилцаагаа дуусгах сэдэв рүү оруулахыг хичээдэг болсноо бид анзаардаггүй. Анзаарахыг хичээсэн ч бүхнийг хайртынхаа буруугаас болсон гэж өөртөө итгүүлэхийг хичээн, найз бүсгүйчүүдээсээ ч тийм үг сонсохыг хүсдэг.
Тэгвэл таны сэтгэл хэзээнээс хөрж эхэлсэн гээч? Хайрандаа нөхцөл тавьж эхэлсэн тэр л өдрөөс хойш сэтгэл тань урваж эхэлсэн юм.
Жинхэнэ хайр нөгөө хүнээсээ ямар ч хариу нэхдэггүй, бас ямар ч байхыг шаарддаггүй. Тиймээс л эхийн хайр ганцаараа жинхэнэ хайр хэвээрээ үлддэг гэлцдэг бололтой. Бид анхандаа хэн нэгнийг үнэн сэтгэлээсээ хайрлахдаа түүнийг яг байгаагаар нь л зөвшөөрч, өөрийнхөө сэтгэл зүрхэнд дуртайяа хүлээн авдаг. Тэр үедээ түүнийг өөр хэн нэгэнтэй харьцуулдаггүй. “Хажуу өрөөний залуу тийм машинтай, ийм ажилтай, сард төдөн төгрөгний орлоготой, гэтэл тэр тийм биш” гэсэн бодол бидний толгойд төрдөггүй. Эсвэл “Надад үнэхээр хайртай л юм бол тэр үргэлж миний хажууд байх ёстой” гэсэн өмчирхөг үзэл дотроос чангаадаггүй. Түүнийг өөртөө хайртай эсэхийг шалгахыг ч хүсдэггүй, учир нь өөрөө хайрлаж байгаа нь л бидэнд хангалттай сайхан байсансан, анхандаа. Бүх зүйл анхандаа сайхан байдагийн учир нь үүнд л байдаг, шинэхэн дурлалт хосууд бие биедээ ямар ч нөхцөл тавьдаггүй бөгөөд энэ үед л тэдний хооронд нэг ч асуудал үүсдэггүй.
Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа, тэнгэрт нисэхээ болиод газарт жаахан буугаад ирмэгцээ өмнө нь яаж хайрладаг байснаа умартаж эхэлдэг. Хайртаасаа өөр эрчүүдийг анзаараад эхэлмэгцээ тэдэнтэй харьцуулж үздэг болно. Замын түгжрэлээс болоод болзсон цагаасаа үл ялиг хоцормогц л уурлаж эхэлдэг болно. Өмнө нь бүхнийг ойлгодог байсан бол одоо харин бүхнийг ойлгохгүй болж эхэлнэ. “Тэр ийм байх ёстой, тийм байх ёстой” гэсэн ёрын бодлоос болоод л тэр. Ингээд л бид түүнийг жинхэнээсээ хайрлаж чадахаа байгаад эхэлмэгцээ хардана, хардаж байгаагаа хайртай учраас гэж “томъёолно”. Үнэндээ хайрлахаас илүү өмчлөх сэтгэл нь давамгайлаад ирсний шинж гэдгийг бодолцож үздэггүй.
Хүн хэрэв хэн нэгэнд үнэхээр хайртай бол, тэр хүнээс ирж байгаа хайр илүүднэ гэж байдаггүй. Хэрэв та хэн нэгнийг хайрлахыг хүсч байвал танд тэр харилцаанаас юу хэрэгтэй байгаад биш, та өөрөө түүнд юу өгч чадах тал дээрээ анхаарлаа хандуулаарай. “Хайрыг авахыг хүсвэл өгөхөд л болдог” гэдэг бол чин сэтгэлээсээ хайрлахад тань туслах энгийнээс энгийн дүрэм юм. Өөрөөр хэлвэл та түүнд нөхцөл тавихаа л больчих. Тэр хүнийг өөрчлөхийг бүү хичээ, угаас хүнийг өөрчлөнө гэдэг хэцүү, тиймээс одоо байгаагаар нь хайрлаж чадах эсэхээ бодож үзээрэй. Та өмнө нь түүнийг яг байгаагаараа байхад л анх дурлаж байсан шүү дээ.