Алдарт жүжигчин Кэмерон Диас өөрийн нөхрийн талаар сонирхолтой ярилцлага өгчээ.
-Кэмерон, та заяаныхаа ханьтайгаа учирсан. Энэ бүх хүний анхаарлын төвд байна?
-Харин тийм ээ. Би өмнө нь нөхөрт гарсан найзуудаасаа асуудаг байлаа л даа. “Яг өөртөө тохирсон, заяаныхаа ханийг оллоо гэдгээ яаж мэдэх вэ” гэж. Тэд “Тийм хүнтэй учрахаараа чи шууд мэднэ ээ” гэдэг байсан. Энэ яг үнэн юм байна лээ. Би Бенжитэй анх уулзаад л “Энэ залуу миний ирээдүйн нөхөр болно” гэдгийг ойлгосон. Бен бол миний мэдэх хамгийн сэтгэлээрээ залуу. Энэ дэлхий дээр түүн шиг өгөөмөр хүн ховор байх. Тэр их гэгээлэг, халамжтай бас өгөөмөр. Мөн их хөгжилтэй, сэргэлэн шүү. Үнэнийг хэлэхэд, би амьдралдаа гэрлэх талаар бодож байгаагүй. Харин Бентэй учирсныхаа дараа анх удаа өөртөө “Би яагаад өмнө нь гэрлэлтэд итгэдэггүй байсан юм бол оо” гэж асуусан. Тэгээд “Бентэй учраагүй байсан болохоор л тэр” гэж хариулсан даа.
-Сонин юм. Та Бенийг бүүр өмнө нь таньдаг байсан шүү дээ?
-Тэр үед бид харилцааны өөр, өөр тойрогт байсан гэх үү дээ. Би анх Бенийг нэг гүйлтийн үеэр харсан юм. Тэгээд “Ямар сайхан залуу вэ” гэж бодчихоод түүнийгээ санааныхаа нэг мухарт хадгалчихсан. Гэтэл дараа нь би нэг барбекъю үдэшлэг зохиосон юм л даа. Түүндээ Николь Риччиийг нөхөр Жоэль Мэддентэй нь урьтал “Ахыгаа дагуулж очвол болох уу” гэсэн. Би мэдээж зөвшөөрсөн. Тэр үед Бенийг хараад дахиад л “Энэ залуу одоо хүртэл гайхалтай хэвээрээ байна шүү” гэж бодсон. Дараа нь “Би яагаад одоо болтол энэ залуутай уулзахгүй яваад байгаа юм бол” гэж бодсон доо. Бусад нь бол нууц. Бид гэрийнхээ зочдын өрөөнд, ойр дотныхонтойгоо гэрлэх ёслолоо хийсэн. Дрю Бэрримор, Николь Риччи гэх мэт найзууд маань хуримын гэрч болцгоосон. Тангаргаа өргөсний дараа байшингийн арын цэцэрлэгт хэдэн ширээ сандал тавиад жаахан сууж, бүжиглэцгээсэн. Нөхөр маань надаас дүү, бас намхан, гэхдээ зүгээр ээ
-Насны зөрүү мэдрэгдэхгүй байна уу?
-Мэдээж. Бен сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Харин би арай эгч болохоороо сэтгэлийн хөдөлгөөнтэй ч түүнийгээ барьж чаддаг. Бен надад алдаагаа хүлээн зөвшөөрөхийг сургасан. Өвдөлт, ядралт, өөртөө итгэлгүй байдал гээд бүгдийг нь. Гэтэл би энэ бүгдийг насан туршдаа л далдалж, нууж амьдарсан юм шүү дээ.
-Өмнө нь дурлаж явсан эрчүүдээ эргэн санадаг уу?
-Өмнө учирч байсан эрчүүдийн хэн нь ч надад нөхөр шиг минь нөлөөлж байгаагүй. Би юу ч санахгүй, санахыг ч хүсэхгүй. Яагаад гэвэл хэнийг ч хэнтэй ч харьцуулж болдоггүй юм. Энэ хүнийг би ирээдүйгээ хамт бүтээж босгохоор сонгож авсан шүү дээ. Одоо бол би надтай урьд нь учирч байсан хайр чин сэтгэлийнх биш байж гэдгийг ойлгож авсан.
-Та хоёр хүүхэдтэй болъё гэж бодож байна уу?
– Би “Би ээж болмооргүй байна” гэж нэг ч удаа хэлж байгаагүй. Хамгийн гол нь амьдралынхаа төгсгөл хүртэл хамт байх тэр хүнийхээ хүүхдийг л гаргахыг хүсдэг.