Найз гэдэг нь үнэнч, шударга үерхэл, нөхөрлөлөөр холбогдсон бат журмын хүмүүс юм. Үүнээс үүдэн найз байх үүрэг, хариуцлагын тухай асуудал зүй ёсоор гарна. Найз нөхөр байна гэдэг нь тэр хоёр буюу хэд хэдэн хүний хувийн асуудал гэж үзэх нь өрөөсгөл юм. Найз нөхдийн асуудал нийгмийн утга учрыг агуулдаг нь найз нарын онцгой шинж чанар билээ. Тэдний үерхэлийн гол зарчим бол ариун шударга, үнэнч байх явдал юм. “Үнэнч шударга явдал нь хүний амьдралын зайлшгүй хэрэгцээт зүйл болох талх лугаа адил” гэж Л.Бёре хэлжээ. Ажил, амьдралд тохиолдох баярт үйл явдал, зовлон зүдгүүр, өвчин, эмгэг, уй гашууг хуваалцаж, сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг, тусламж үзүүлэх нь найз нөхдийн хооронд зайлшгүй байх ёстой хүнлэг зарчим юм. Харин аливаа ажил, асуудалтай холбогдуулан шан харамж авах, өгөх, хээл, хахууль, арын хаалга, албан тушаалын хуйвалдаан, хөрөнгө, мөнгө завших, идэж уудаг хууль бус явдал манай нийгмийн амьдралд “найз” гэсэн тодотголтой хавтгайрах болов. Ёс бус ийм хэрэг нь найз нөхдийн үерхэлд хар толбо үлдээгээд зогсохгүй, ард олныг ихээхэн хохироож буй ёс суртахуунгүй явдал юм. Хүн бүхэнд багын, ангийн, оюутны, чин зүрхний, цэргийн, сэтгэлийн, дотны, нутгийн, насан туршдаа үерхэх гэх мэтээр найз тоолж баршгүй олон. Би Увсын бага, дунд зургаан сургууль дамжин суралцаж, нийгмийн зургаан салбарт дотоод, гадаадад ажиллаж, арав гаруй нүүдэл, суудал хийж явсан болохоор нэн олон найзтай.
Найзлах явцад хоёр нүүр гаргах, бялдуучлах, нэр төр хөөцөлдөх, ёс бус зүйл хийх, хов живээр хоол хийх, хувийн эрх ашгаа нийгмээсээ дээгүүр тавьж хар амиа бодох зэргээр тар нь танигдсан зарим нэгэнд нь бодпоо хэлж, ойлгох чадваргүйгээс нь зай барих, аажмаар холдох гээд янз бүрийн тохиолдол гарч л байсан. Хамгийн гол нь найз гэдэг нь ажил, үйлээрээ нөгөө найзынхаа нүүрийг улалзуулахгүй, харин баярлуулж байх ёстой том хариуцлага хүлээсэн байдаг. Хүнийг найзаар нь таньдаг гэж Ж.Даламбер хэлсэн бол монгол дуунд “Найзаар минь намайг таньдаг учиртай, намайг хараад чамайг мэддэг сургаалтай” гэсэн нь ямар үнэн бэ. Би түүний найз гэж нүүр бардам, дүүрэн баяртай хэлж чадахаар өндөр боловсрол, өндөр ёс суртахуунтай, үнэнч шударга байх ёстойг найз нөхөд харилцан хүлээх учиртай. Надад том найз олон бий. Миний оюутны найз улсын ерөнхийлөгч болов. Төрийн өндөрлөгт хүрсэн найзыг гээгдсэн найз /Друг достигший власти-потерянный друг/ гэж нэгэн суутын хэлснээр би хувийн эрх ашиг бодож, түүнийгээ хол ойроос хоргоож, эргүүлж, тэгээд өгөөч, ингээд өгөөч ээ гэж элдвийг гуйж, шалгааж, бажгадуулж, татуулж, чангаалгуулж байсангүй. Гуйна гэдэг гутамшиг, гуйлгуулна гэж гайхамшиг гэсэн хариуцлагатай сургаал бий. Харин би том найзтай байх хариуцлагыг хүндэтгэн, түүний нүүрийг улалзуулахгүйн төлөө хичээн зүтгэж найзынхаа өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа сайн биелүүлж, ажлаа хийсэн шиг хийхийн төлөө мэрийдэг байлаа.
Гадаадын зочин хүлээн авч, завсарлага болох үеэр том найзтайгаа түр боловч хүүрнэх завшаан гарч би түүнд найз хүний хариуцлагын тухай хэлэхэд тэр муусганав. Том найз бид хоёрын 52 жилийн үерхэл нь чин ариун шударга, үнэнд тулгуурласан, материаллаг бус зөвхөн оюун санааны дотны ном, бүтээлээ солилцох харилцаан дээр оршиж ирсэн юм. Өнөөгийн олонхи найзуудын үерхэл ямар ч үнэ цэнээр мөнгөжих, баяжих, хууль бусаар хамтран идэж, ашиглах, завших, хээл, хахууль, албан тушаалын гээд ихэд материалжсан. Нэр хүндийн төлөө олон ёс суртахуунгүй явдалд тулгуурлаж байна уу даа. Энэ нь ялангуяа бүх шатны удирдлагын сэхээтнүүдэд илүү хамаатай байгааг олон түмэн хэлнэ. Тэгж хагартлаа баяжихын төлөө юу ч хийхээс буцахгүй, удам, нэр төреө уландаа гишгэсэн, увайгүй шунал хэнд хэрэгтэй юм бол. Аливаа сонгуульд эх орон, ард түмнийхээ төлөө хэмээн улаан цайм зүтгэгчдийн дотор чин үнэнч нь хэд байгаа бол? Тэд бараг бүхэлдээ халдашгүй дархан эрх ямбатай болж, ард түмнийхээ мөнгө, хөрөнгөөр пээдийгээд байдаг нь олон сонгуулиар батлагдлаа. Өндөрлөгт гарахын төлөө тэдний их амлалт нь хий хоосон үзэгдэл мэт болж, ус атгасантай адил болж байна. “Агуу ихийг амлахгүйгээр агуу ихийг бүтээ” гэж агуу Пифагор хэлсэн байдаг юм. Насан туршдаа ууж, идэж, үрээд баршгүй их мөнгөөр яах юм, Хар мөнгө хэрэггүй. Хойч үеийнхэнд муу. Харин шударга үнэнчээр ажиллаж, олсон мөнгө сэтгэл амар, амттай байдаг юм.
Хүний төрөлхийн чанар бол “ачит сайн”, “хорт муу”-гийн дундаж гэдэг. Энэ нь найз хэмээх нь цоохор гэсэн үг. Нийгмийн амьдралаас ажихад ардын засгийн жилүүдэд бага сага байсан урвагч, шарвагч бялдуучууд, ховоор хоол хийгчид олширч, найз нөхдөөс дайсан төрж байсныг монголын түүх өгүүлнэ. Нэгэн явдал. Мужаан Назарын Есүсийн дотны найз Иудас хэдхэн зоосны төлөө найзыгаа харгис хүчнийхэнд баривчлуулдаг бөгөөд түүнийг удаан хугацаагаар ташуурдан яргалж, тамлан амь төдийхөн зовлого болтол нь балбаж, эцэс сүүлд нь ховсдож хороосныг дэлгэцнээс харсан. Шавь Петр Есүсийг хамгаалахын оронд мэдэхгүй, танихгүй гэсээр харгис хүчнийхнээс өөрийн хар амиа тээж гардаг хүний үнэргүй арчаагүй чанар гаргадаг. Иудас найзыгаа илчилсэн буруугаа дотроо гэмшин хүлээж, авсан зоосоо харгис хүчнийхэнд буцааж, өгөх гэсэн боловч, асуудал оройтсон тул сэтгэл санаагаар унаж, хүүхэд, нохойн доог болж, эцэст нь өөрийгөө егүүтгэснээр бүх зүйл дуусдаг. Иудас шунал дагасан маш муу найзын сонгомол жишээ. Иймэрхүү бузар булай үйл манай өнгөрсөн үед, бас өнөөд ч байна. Их хэлмэгдүүлэлтийн үеэр дотно найзаа японы тагнуул гэж зохиомлоор хов мэдүүлж, улс төрийн гэмт хэрэгтэн хэмээн баривчлуулаад арван жил шоронд суугаад гараад ирэхэд нь эхнэрийг нь аваад суучихсан гээд хөгийн юм “найз” нарын дунд гарч л байсан. Харин үнэнч, шударга найзын жишээ олныг бид мэдэх билээ. Би Увс аймгийн зургаан сумын бага, дунд, хоёр дээд сургууль төгсч, нийгмийн хоёр еөр байгууллагын зургаан салбарт ажиллаж дотоод, гадаадад арав гаруй нүүдэл, суудал хийж явсан болохоор янз бүрийн мэргэжлийн, янз бүрийн насны, янз бүрийн зан араншинтай найз олон. Тэдний хэнтэй нь ч муудалцаж, санал зерж, маргаж, эвдрэлцэж, гомдож, гомдоож, материаллаг талыг харж, ёс бусаар үерхэж байсангүй.
Инженер, доктор Д.Өлзийсайхан