Орчин цагийн энэ нийгэмд хүн бүр ажлын ачаалал болон орчин тойрноосоо стрэстэж байдаг. Энэ нь сүүлийн жилүүдэд өвчлөл үүсгээд байгаа гэж хэлж болно. Тиймээс энэ удаад стресс тайлах хялбар аргыг хүргэж байна. Хүн биеэ суллан тайвшрах дасгал хийх нь стрессийг тайлж, амрах, хүчээ сэлгэх шалгарсан арга юм. Хүн болгонд тохирдог нэг арга, нэг супер технологи гэж байдаггүй болохоор та энд санал болгож байгаа дөрвөн аргуудыг туршин үзэж байгаад өөрт тохирох нэг аргыг, эсвэл хоёр аргыг сонгон хослуулан хэрэглээрэй.Биеэ суллах, хүчээ сэлгэх, стрессээ тайлах дөрвөн арга гэдэгт амьсгалаа ашиглах, төсөөллөө ашиглах, булчингаа чангалах, үгэн үнэмшүүлэлт ашиглах гэсэн дөрвөн арга багтдаг.Энэ дөрвөн арга өөр өөрийн гэсэн давуу болоод сул талтай. Нэгд нь тохирч байхад нөгөөд нь нэг их тохирохгүй байх жишээтэй. Тэгэхээр өөрт хамгийн сайн тохирохоо туршаарай.
1.Амьсгалаар дамжуулан биеэ суллах.
Амьсгал авахад булчингийн тонус нэмэгддэг, гаргахад тонус буурдаг. Амьсгалаар биеэ суллалж стрэссээс гарч болно. Зөөлөн сандал, буйдан дээр аль болох тухлан сууна/хэвтэнэ.Нүдээ аниад амьсгалаа анхааран сайтар чагна. Чагнаж байхдаа амьсгалынхаа хэмнэл, гүнийг мэдэр. Ингээд баруун гар дээрээ бүх анхаарлаа төвлөрүүл. Баруун гар чинь амьсгалын хэмнэлээр амьсгалж байгааг мэдэр. Гар дээр чинь агаар орж бас гарч байдаг олон жижиг сүв байна гэж төсөөл. Амьсгаа гаргах болгонд тэр сүвүүдээр агаар хэрхэн гарч байгааг төсөөлөн мэдэр. Энэ үед төрж байгаа мэдрэмжүүдээ нягтлан анхаараал тогтоож ав.Энэ дасгалд өдөрт 3-5 минут зарцуулахад л хангалттай. Хэрэв хэд хэдэн удаагийн дасгалын дараа баруун гарын сарвууг богино хугацаанд суллаж чадаж байвал баруун гарын булчинг бүхэлд, дараа нь зүүн гарын булчин, дараа нь хөлийн булчин, дараа нь нурууны булчин, дараа нь хүзүүний булчин,нүүр гэж аажмаар явсаар бүх биеэ амьсгалаараа дамжуулан суллаж сурна. Ингэхдээ амьсгалах үед агаар чөлөөтэй “орж гарахгүй” байгаа хэсгүүдэд онцгой анхаарах хэрэгтэй.
2.Төсөөллийг удирдан биеэ суллах.
Хүний төсөөлөл, дүрслэн бодох чадвар гэдэг гайхалтай хүчтэй зүйл бий. Хүн зөвхөн төсөөлөл, дүрслэн бодох чадвараа ашиглаад өөрийгөө нурмайсан сулбагар байдлаас гарч болно. Товчхон хэлэхэд биеэ суллахын тулд өөрийн уран сэтгэмжээ дайчил.Зөвхөн өөртөө тохирон төсөөллийг л олж дүрслэн харах хэрэгтэй байдаг. Тухайлбал
Биеийн чинь товгор, хотгор, нугачаа бүрийг дагасан маш сайхан зөөлөн дэрэн дээр тухлаж байна
Биеийг чинь бүхэлд нь өлгийдөн авсан хөвсгөр үүлэн дээр савлан
тухлаж байна
Бүлээн устай ваннд булхан бүх бие чинь амарч байна гэх мэт
Энэ мэт дүрслэлээр биеэ суллаад сурчихвал таны бие махбодь, булчин шөрмөс чинь өөрийн ой санамжийн хүрээнд автоматаар суларч байх болно.
3.Үгэн үнэмшүүллээр биеэ суллах.
Рационал эргэцүүлэлд илүүтэй итгэж үнэмшдэг хүмүүст энэ дасгал хамгийн тохиромжтой. Бие суларсан төлөв байдал нь халуун дулааны мэдрэмж, чимчигнэх мэдрэмж, хүнд оргих мэдрэмжтэй шууд холбоотой. Тэгэхээр үгэн ятгалга нь эдгээр дүрслэлийг идэвхижүүлдэг.Биеэ суллах өгүүлбэрүүдийг гар утас, дуу хураагуур дээр бичиж аваад биеэ суллаж байх үедээ сонсох нь үр нөлөөтэй. Ятгалга нь олон төрөл янз байх албагүй бөгөөд хэдхэн төрлийн тогтмол хэлц байхад хангалттай. Хэсэг хугацааны дараагаар бие суларч тайвширна. Улмаар тодорхой хугацааны дараа дадсан хүн “Миний бие бүрэн суларсан байна” гэсэн ганцхан өгүүлбэр хэлээд биеэ бүрэн сулладаг, сэтгэлээ засдаг чадвартай болдог.
4.Булчингаа чангалахаар дамжуулан биеэ суллах.
Булчинг маш эрчимтэй чангалсаны дараагаар автоматаар сулардаг гэсэн физиологийн тогтолцоон дээр энэ дасгал үндэслэдэг.Эхлээд баруун гараа зангидаж тохойгоороо нугалан хоёр толгойт булчингаа чангална. Дараа нь гараа огцом суллаж унжуулна. Энэ үед булчинг чангалахад эвгүй байвал уг дасгал тохирохгүй гэсэн үг. Харин хөлийн тавхайг суллахын тулд сандал дээр суугаад хөлөө бага зэрэг өргөн тавхайгаараа өөр рүүгээ хүчлэн татдаг бол мөрний булчинг суллахдаа мөрөө чих рүүгээ татаж өргөдөг аж. Эдгээр дасгалуудаар уран сэтгэмжийн тусламжтай ядаргаагаа тайлж болдог байна.