Манайхны хэлж заншсанаар ангина буюу гүйлсэн булчирхай маань уг нь бие махбодийг төрөл бүрийн нянгийн халдвараас хамгаалж байдаг дархлааны эрхтэн. Тийм ч учраас эрүүл байх үедээ бие махбодид асар их хэрэгтэй, чухал үүрэг гүйцэтгэж байдаг. Харин өвчлөөд, архагшчихвал бие махбодь нянгийн халдвараас өөрийгөө хамгаалах чадваргүй болно гэсэн үг.
Халдвар авах магадлал өндөр
Гүйлсэн булчирхай гэдэг эрхтэн хүүхдэд 2 настай байхад бүрэн гүйцэд хөгжчихсөн байдаг. 3-7 насанд нэлээд их хөгжлийнхөө үе шатанд хүрч ирдэг. Их хөгжиж байгаа гэдэг нь халдвараас хамгаалах тал дээр анхаарч эхлэх ёстой гэсэн үг. Тэгээд 15-18 насанд хөгжлийнх нь процесс багасч ирээд, 18-20 насанд бүр хатингаршдаг. Тиймээс 3-18 нас хүртэлх н халдвар авах өндөр магадлалтай үед тооцогддог.
Энэ өвчнөөр өвчлөх маш олон шалтгаан бий. Амны хөндийн эрүүл ахуй, жишээлбэл өвчилсөн шүдний бактериас гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсч болно. Мөн буйлны үрэвсэл, хамар дайварын өвчин буюу хамрын хөндий үрэвсэх /гамрит/ гэх мэтээс үүсч болно.
Ахуйн замаар халдварлана
Мөн бохир орчин, утаа униар, муухай үнэртэй орчноос, тоос шорооноос үүсдэг. Түүнээс гадна ялангуяа, хүүхдэд хамрын битүүрэл, хамрын амьсгалын дутмагшлын үед зөвхөн амаар амьсгалах үед бохир, хуурай агаараар амьсгалснаас өвчилж болно. Мэдээж хүйтнээс, хөл гарнаасаа даарах, гэнэт хүйтэнд цочирдож толгой, чих, хамрын хөндийнөөс даарах нөхцөлд маш ихээр өвчилдөг. Мөн ахуйн замаар хүнээс хүнд халдварлана. Ихэвчлэн гэр бүлийн халдвар элбэг байдаг.
Жишээлбэл, аав, ээж нь гүйлсэн булчирхайн архаг идээт үрэвсэлтэй тохиолдолд хүүхдүүдэд нь заавал халддаг. Яагаад гэвэл аяга, тавгаар дамжин бактери халддаг гэсэн үг. Тиймээс аяга, тавгаа тусгаарлаж байхыг зөвлөмөөр байна. Энэ өвчнийг архагшуулахгүйгээр хурц үед нь буюу цаг тухайд нь эмчлэхгүй бол бие махбодид 80 гаруй өвчнийг өөрөөрөө дамжуулж бий болгодог өвчин. Өөрөөр хэлбэл ангина нь 80 гаруй өвчний голомт нь болж өгдөг.