Данийн эдийн засагч Карл Фредерик Тьетгений (1829 – 1891) дурсгалыг хүндэтгэж түүний нэрээр нэрийдсэн “Tietgenkollegiet” буюу “Тьетгений оюутны хотхон”-ы талаар, тус хотхоныг “магад” дэлхийн хамгийн шилдэг оюутны хотхоноор нэрлээд буй эх сурвалжуудаас авсан дараах мэдээллийг хүргэж байна.
Копенгаген хотын ойролцоох Орестад дүүрэгт (Орестад нь Амаэ арал дээр байдаг Копенгагены шинэ дүүрэг юм) байдаг энэхүү оюутны хотхоныг Данийн архитектурын “Lundgaard & Tranberg” студи бүтээсэн бөгөөд Хятадын уламжлалт “Хакка” архитектурын шийдлээс санаа авч хийжээ.
“Хакка” нь Хятадын өмнөд нутгаар оршин суудаг Хакка хүмүүсийн эртнээс уламжилж ирсэн барилгын нэг төрөл бөгөөд байнгын бэхлэлт, хамгаалалтад байгаа мэт доод давхартаа цонхгүй, орох ганцхан хаалгатай дугуй хэлбэрийн гэр хотхон – байгууламж юм.
2005 – 2006 онд баригдаж дууссан оюутны хотхоны дизайн шийдэл 2007 онд Их Британий “Royal Institute of British Architects” байгууллагаас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн “шилдэг”-үүдийг тодруулах “RIBA” шагналын Европын шилдгээр тодрохоос эхлээд 2005 – 2007 / 2011 онд цөөнгүй шагнал, урамшууллыг хүртэж байсан юм байна.
Ажил амьдралынхаа гарааг эхлүүлэх гэж буй олон улсын оюутнуудад зориулсан тус хотхон нь нийт 360 өрөөтэй бөгөөд үүний 10% нь оюутан солилцооны хөтөлбөрийн дагуу Копенгаген хотод ирж номын дуу сонсож буй гадаад оюутнуудад зориулагдсан байдаг ажээ.
Аливаа оюутны бие хүний болоод нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц гайхалтай орчин – дизайн шийдлийг шингээсэн “Тьетген” хотхонд кафе, төгөлдөр хуур, бөмбөр зэрэг хөгжмийн зэмсгээр хичээллэх хөгжмийн хоёр танхим, уншлагын болон сканнер, принтертэй компьютерийн танхим гээд суралцах – амьдрах таатай орчин нөхцлийг бүрдүүлж өгсөн байна.
Түүнчлэн унадаг дугуйн зогсоол, чөлөөт цагаараа наадах сагсан бөмбөгийн талбайнаас эхлээд фитнесс клуб хүртэл байх аж.
Өрөө бүр шүршүүр, 00, халдаг шалтай бөгөөд 26 / 29 / 33 / 42 метр квадрат талбай бүхий өрөөний дөрвөн сонголттойгоос гадна 12 блок – байр тус бүрт гал тогоо, зочны өрөөг шийдэж өгчээ.
Ийнхүү оюутан хүнд зайлшгүй чухал хэрэгцээ болсон суралцах таатай бүхий л орчин нөхцлийг бүрдүүлж “оюун”-ыг дээдэлсэн бүтээлч шинэлэг хотхон байгуулсан Тьетгений хотхон болон архитектурын компаний хамт олонд олон улсын мянга мянган оюутнууд талархлын халуун сэтгэлээ түгээсээр, “оюун – хөдөлмөр”-ийн бүтээмж нь ч дээшилсээр…
Харин танд Данийн олон улсын оюутны эл хотхон хэр санагдаж байна вэ?