Мелания, Дональд Трамп нар саяхан Их Британи улсад айлчлал хийсэн билээ. Албан ёсны айлчлалын эхний өдөр зочдод зориулсан оройн зоог барьсан юм. Энэ үйл ажиллагаанд Мелания J. Mendel-ийн бүдэг шаргал туузан даашинз сонгосон нь тэргүүн хатагтайг танигдахын аргагүй болтол онцгой харагдуулж байсан юм. Өмнө нь тэрбээр хэзээ ч ийм дэгжин, тансаг харагдаж байгаагүй билээ. Тэгвэл Мелания 1990-ээд онд хэрхэн хувцасладаг байсан, өдгөө түүний стиль хэрхэн өөрчлөгдсөнийг хүргэж байна.
Словенийн авто салоны дарга, оёдолчны охин Мелания загварын ертөнцөд хөл тавьснаар амжилтад хүрсэн юм. Vogue, Harper’s Bazaar, Vanity Fair, GQ зэрэг сэтгүүлүүдэд элдэв хувцастайгаар зургаа авахуулдаг байв.
Энгийн амьдралдаа залуу бүсгүй мини банзал, гялалзаж гялтганасан хувцас, цэвэр үслэг эдлэл, цээж ил гарсан үдэшлэгийн даашинз зэрэг хувцсаар гангардаг нэгэн байв. Тэрбээр тухайн үеийн бусад бүсгүйчүүдийн адил 20 хэдтэйдээ силиконон хөх хийлгэж, хамар, чихээ засуулжээ.
АНУ-д ирээд, Европ дахь загварын карьер нь дууссан Мелания шиг бүсгүйчүүд олон. Харин түүнийг аз ивээсэн гэхэд болно. Мелания Америкт Паоло Замполли хэмээх загварын агентлагийн эзэнтэй гэрээ байгуулсан аж. Энэхүү загварын агентлагийн эзэн алдартай, баян хүмүүст нууц үдэшлэг зохион байгуулж, түүндээ загвар өмсөгчдөө оруулдаг байлаа. Эндээс л Дональд Трамп, Мелания нар танилцсан түүхтэй. Энэ явдал 1998 оны 09 дүгээр сард, Нью-Йоркийн загварын долоо хоногийн үеэр болсон юм.
2004 онд Мелания, Дональд нар сүй тавьж, 2005 онд хуримаа хийсэн юм. Тухайн үед сүйт бүсгүй Dior-ын даашинз өмсөж байлаа. Хуримаасаа хойш ирээдүйн тэргүүн хатагтай мини банзал, үслэг эдлэлээрээ гангарч, хамгийн үнэтэй, сайн гэсэн чимэглэлийг зүүж эхлэв. Ерөнхийдөө тэр нөхрийнхөө бэл бэнчинтэйг аль болох илэрхийлэх хувцас сонгодог байв. Мөн зураг авалтад ихээр оролцож, жирэмсэн байхдаа ч бие барьсан хувцастайгаар гангарч байсан удаатай.
Цаг хугацаа хэдий өнгөрсөн ч Меланиягийн стиль урьдын хэвээр үлдсэн юм. Дэлхий дахинд Скандинавын эгэл, жирийн байдал ноёлж эхлэх үед ч тэр бүхий л арга хэмжээнд мини хувцсаараа гангарч, наадаг үс, сормуусаар гангарсан хэвээр байв. Баян, алдартнуудын хүрээлэл дундаа тэр үнэхээр төгс харагддаг болсон юм.
Харин нөхөр нь Ерөнхийлөгчид нэр дэвшиж эхэлснээс хойш бүх зүйл өөрчлөгджээ. Түрэмгий, тачаангуй харагддаг модель бүсгүй аль болох даруу төлөв, бодлоготой харагдахыг хичээдэг болсон байна. Ингээд цээж ил гарсан, мини гэсэн бүхнээсээ татгалзаж, шулуун даашинз, пиджакаар гангарах болжээ. Гялалзаж гялтганасан бүхнээ ч хойш тавьж, чамин жижиг гоёл сонгодог болжээ. Гэвч тэр тачаангуй хувцаснуудаасаа бүрмөсөн татгалзсангүй.
Мелания Трамп тэргүүн хатагтай болох үед загварын шүүмжлэгчид нэлээд анхаарал хандуулж байсан ч тэдний шүүмжлэлд огт өртөхөөргүй хувьсан өөрчлөгдсөн юм. Тэрбээр гоолиг биеэ тодосгосон цагаан хоёлол өмсөж, үсээ том долгионтойгоор засуулж, Цагаан ордны өмнөх тэргүүн хатагтай нарыг дагуулахааргүй сайхан хатагтай болжээ.
Харин саяхан Мелания Трамп Их Британид айлчлахдаа тансаг цайвар шаргал даашинз өмссөн нь өөрийгөө тэнэг эмэгтэй биш гэдгийг дахин нотолсон хэрэг болсон юм. Үүгээрээ тэрбээр Британид Дональд Трампыг ирснийг эсэргүүцсэн олон хүмүүсийн сэтгэлийг зөөллөж, нөхрөө ч аварсан билээ.