1. Та дасгалын заал руу явахын тулд үүрээр босдог уу? Ажлын ачааллаасаа болж өглөө явахаас аргагүй тохиолдол олон бий. Гэхдээ хөлсөө гаргахын тулд нойроо хасна гэдэг ямар ч үр дүнгүй юм. Хангалттай нойрсож чадахгүй бол өдөржин дасгал хийж, амттан идэхгүй байсан ч жин хасагдахгүй. Хамгийн гол нь бие хангалттай амрахгүй байснаар элдэв өвчин эмгэг тусах, дархлаа сулрах аюултай.
Шийдэл: Аль болох эрт орондоо орох нь үүнийг шийдэх нэг арга зам. Үүнээс гадна удаан дасгал хийх нь их калори шатааж байна гэсэн үг биш. Дунджаар хагас цагийн хугацаанд хангалттай калори шатаахын зэрэгцээ бүх булчинг хөгжүүлэх дасгал олон бий. Тиймээс фитнесс клубийн дасгалжуулагчаасаа зөвлөгөө аваарай.
2. Зөвхөн хөгжүүлэхийг хүссэн хэсэгтээ бүх анхаарлаа төвлөрүүлдэг нь буруу.
Гуя, өгзөг, эсвэл хэвлийний дасгалыг л түлхүү хийснээр биеийн харьцаа алдагдана. Түүнчлэн нэг хэсэгт л ачаалал өгөх нь тухайн хэсгийг ч хангалттай хөгжүүлдэггүй аж.
Шийдэл: “Асуудалтай” хэсэгтээ илүү ачаалал өгч болох ч бусад булчингаа жигд хөгжүүлснээр энэ нь үр дүнтэй болно.
3. Бүхнийг турших гэсэн хүсэл. Анжелина Жолигийн дасгалын хуваарийг интернэтээс харсан уу, эсвэл найз бүсгүй тань хурдан хугацаанд эрүүлжүүлэх дасгал санал болгосон уу?
Шинэ, сайн мэдээ сонсмогцоо туршиж үзэх нь бидний төрөлх зан. Гэхдээ ийм туйлбаргүй байх нь хүссэн үр дүндээ хүрэхэд саад болох төдийгүй эрүүл мэндэд ч муугаар нөлөөлнө.
Шийдэл: Нэг төрлийн дасгал байнга хийх нь яваандаа үр дүнгээ өгөхөө больдог нь хэдийнэ батлагдсан. Гэхдээ энэ нь нэг жилээс дээш хугацааг хэлж буйг анхаараарай. Дасгалжуулагч, багш нарын зөвлөсөн дасгалыг та дор хаяж тогтмол 6-8 долоо хоног хийх хэрэгтэй. Үүний эцэст л үр дүн нь гарна.
4. Comfort zone буюу “Тав тухын бүс”-тээ шигдэх. Гүйлтийн зам, цанаас илүүтэй йог эсвэл бүжиг сонирхолтой байж болох юм. Эсвэл танд хөгжим сонсонгоо гүйлтийн зам дээр гүйх илүү таалагддаг уу?
Аль нь ч байсан йог эсвэл аэробикээс өөр зүйл хийх хүсэлгүй, туршихаасаа айдаг байх нь муу зуршлуудын нэг. Алдартай тамирчид хүртэл бусад төрлийн спорт, дасгалаар байнга хичээллэснээр илүү чадварлаг болдог байна.
Шийдэл: Хэрвээ та йогийн дасгалд дуртай бол хичээллэхээсээ өмнө 20 минут гүйлтийн зам эсвэл дугуй унаж яагаад болохгүй гэж? Ингэснээр бие сайн халах төдийгүй тэнцвэр ч удаан хадгалагдана. Харин дасгалын төхөөрөмжүүдтэй “найзууд” бол дараагийн удаа үүнийгээ иога, бүжигтэй хослуулж болох юм.
5. “Өвдөлт бол сайн үр дүн” гэж ойлгодог хүн цөөнгүй. Дасгалын дараа хамаг бие тань шархирч, хөлс урсаж л байвал та маш сайн хичээллэж байна гэсэн үг биш юм.
“Medicine & Science in Sports & Exercise” сэтгүүлийн сүүлийн дугаарт “Хөлс, бага зэргийн өвдөлт эхлэн хичээллэгчдэд түгээмэл мэдрэгдэнэ. Гэхдээ өөрийгөө хэт хүчилж, ядраах, өвтгөхийг хичээх нь буруу” хэмээн бичжээ.
Шийдэл: Тэнцвэр хадгалах нь хамгийн зөв арга. Хэрвээ нэг өдөр хүнд дасгалууд хийсэн бол дараа нь хөнгөн, биед амар дасгал хийснээр дасгалуудын харьцааг тэнцвэржүүлж болно.
6. Найзтайгаа зааланд хичээллэх нь тийм ч зөв шийдвэр биш. Ялангуяа найз бүсгүйчүүд дасгал хийх үедээ хоорондоо “буу халах”, инээлдэх нь түгээмэл. Гэвч энэ нь дасгалын бүтээмжийг эрс бууруулдаг аж.
Шийдэл: Хэрвээ та хэн нэгэнтэй хамт дасгал хийснээр түрүүлж жингээ хасах, фитнессийн ханьтай байх нь чухал бол хамгийн сайн найзыгаа тэр хүнээр сонгох хэрэггүй.
Харин тууштай, бүтээмжтэй, хэт яриасаг бус хүнтэй фитнессийн зааланд нөхөрлөх хэрэгтэй.