Шатрын спортоор гялалзсан амжилт үзүүлж байгаа шатрын Их мастер Б.Мөнгөнтуул дэлхийн аварга болсноосоо хойш ард түмнийхээ итгэлийг алдахгүй улам сайн тоглож байгаа. Тэрээр дандаа л өргөө бодож явдаг юм уу гэмээр бодлогошронгуй, бас даруухан нэгэн юм билээ. Шатарчин бүсгүй энэ сарын дундуур шатрын олимпод оролцоно. Дэлхийн аварга, Их мастер Б.Мөнгөнтуултай ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
-Холын хүнээс үг сонс гэдэг. Та сая Армяны Жермук хотноо болсон тэмцээнд оролцоод ирлээ. Энэ талаар яриагаа эхэлье?
-Хэдхэн хоногийн өмнө Армян улсад EIDE буюу Олон улсын шатрын холбооны эмэгтэйчүүдийн Гран-При тэмцээний тав дахь цуврал тэмцээн болж өндөрлөлөө. Энэ нэр хүндтэй тэмцээнд дэлхийн шилдэг 12 эмэгтэй тойргийн системээр хоорондоо тоглодог юм. Миний хувьд 11 өргөөс найм тэнцээд гурав хожигдсондоо жаахан сэтгэл гонсгор үлдсэн. Гэхдээ рейтинг өндөртэй, шилдэг шатарчидтай тэнцэж тоглосон минь маш их туршлага болж өгсөн. Одоогийн дэлхийн аваргууд, их мастеруудтай бүгдтэй нь тоглосон. Энэтхэгийн их мастер, Украйн, Орос, Армяны шилдэг хоёр шатарчин, Хятадын шигшээ багийн шатарчид ч тоглосон. Энэ мэтээр дандаа шилдэг сайн шатарчид тоглосон төдийгүй Хятад, Гүрж, Орос, Украйн, Энэтхэгийн шатарчид илүү сайн байсан.
-Та багаасаа шатраар хичээллэж, 15-хан настайдаа спортын Их мастер цол хүртсэн. Энэ олон жилийн турш зөвхөн шатарт үнэнч байна гэдэг уйтгартай санагддаг уу?
-Миний хувьд таван настайгаасаа шатар тоглосон. Удалгүй тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн минь их урам өгсөн болов уу. Дараа нь гадаад орон руу явж орон орны дурсгалт газруудыг үзэж, соёлоос нь суралцаад ирэхээр бүр ч шатартаа сонирхолтой болдог юм билээ. Энэ дундаас далайн эргийн хажууд болсон тэмцээнүүд сэтгэлд үлдсэн. Очсон бүхэн сайхан сэтгэгдэл төрүүлдэг ч тэмцээний үеэр тэр болгон зугаалаад юм үзэж хараад явах зав гардаггүй юм. Тухайлбал сая очсон Армяны Жермук хот олон рашаантай, сувиллын хот юм билээ.
Өндөр уултай, зүлэг ногоотой, гоё байгальтай газар байсан. Ер нь би зөвхөн шатар гэлтгүй бага байхад олон зүйл сонирхлыг минь татдаг байлаа. Нэг үе жүжигчин болохыг хүсч, дугуйланд хүртэл явж үзлээ. Тэр үед аав маань “Хоёр туулай хөөсөн хүн оргүй хоосон хоцордог юм” гэж байсан. Би ч дугуйланд хэдхэн хоног яваад л “Энэ бол миний сонгох зам биш юм байна” гэдгийг ойлгосон. Харин шатар бол миний амьдралын асар том хэсэг. Энэ хугацаанд дэлхийн аварга болж байсан, шилдэг эрэгтэй, эмэгтэй шатарчидтай бүгдтэй нь тоглож үзсэн дээ.
-Орон орны шатарчидтай найз нөхөд болсон байх. Тэгээд ч та Орост сурч байсан гэдэг?
-Би Москвад нийгмийн их сургууль төгссөн. Тэнд сурч байхдаа ангийнхантайгаа найз нөхөд болсон. Бас манай анги шатрын анги учраас шатар тоглодог хүүхэд олон байсан. Тийм учраас олон найзтай болсон. Шатар нас харгалздаггүйгээрээ гайхамшигтай спорт. Швейцарын алдарт шатарчин В.Корчкой А.Карповтой дэлхийн аваргын төлөө өрсөлдөж байсан. Одоо ч 70 гарчихаад тоглоод л явж байна.
-Шатар бол оюун санааны хурд, хүч шаарддаг спорт. Тэгэхээр их ядардаг байх даа?
-Тэгэлгүй яахав. Шатраар хичээллэж байгаа хүнд сэтгэл санаа төдийгүй биеийн хүчний бэлтгэл хийх шаардлага гардаг. Тиймээс дэлхийн шилдэг тамирчдын ихэнх нь газрын теннис, усан бассейн зэрэг спортын өөр төрлөөр хичээллэдэг. Миний хувьд гүйлт, усан спортоор бага зэрэг хичээллэж байгаа. Гэхдээ одоохондоо сайн сэлж сураагүй. Дээр нь уран зохиолын ном унших дуртай, бас ширээний теннисээр хичээллэдэг. Түүнээс гадна тодорхой дэглэмд суралцчихсан учир бэлтгэл сургуулилт, хоол унд, амралт чөлөөт цагаа зохицуулаад, ядаргаанд орохоос сэргийлж чаддаг. Мөн компьютерийн ард бэлтгэлээ хийдэг учраас тоглож байгаа хүмүүсийнхээ талаар сайн судалж мэдэхийг хүсдэг. Ингэж тэмцээний үеэр ачаалал ихтэй байдаг учраас агаар салхинд явж алжаалаа тайлдаг юм. Нэг тэмцээн бага нь ес, тэгээд 11,13 өрөг байдаг.
-Тэмцээний үед бодол санаагаа нэгэн зүгт хандуулж, зөвхөн тоглолтдоо анхаарах шаардлага гардаг. Энэ үед тоглолттой огт хамааралгүй бодлуудаас өөрийгөө хэрхэн чөлөөлж чаддаг вэ?
-Тэмцээний үед зурагт үзэж, сонин уншиж, олон хүнтэй харилцахаас татгалзах зэргээр өргөөс өөр зүйлсийг анхаарахгүй байхыг хичээдэг. Нэг ёсондоо өөрийгөө жижигхэн аквариум дотор хорьж, нийгмээс тусгаарладаг.
-Амьдрал дээр аливаа шийдвэр гаргахдаа шатрын нүүдэл хийх гэж байгаа юм шиг удаан боддог уу, эсвэл сэтгэл хөдлөлөөрөө шийддэг үү?
-Шатар тоглож байгаа юм шиг үргэлж зөв нүүдэл хийхийн төлөө тархиа гашилгаад байдаггүй. Найзууд маань заримдаа “Чи арай дэндүү бодоод байна. Бидний санаанд ч ороогүй зүйлийг бодож олох юм” гэдэг л дээ. Гэвч би бодлоо тун амархан өөрчилчихдөг юм. Тиймээс ойр дотнынхон маань намайг их тэвчээргүй гэдэг.
-Уул нь шатар хүнийг тэвчээртэй болгодог юм шиг санагддаг?
-Суудлаасаа босолгүй, удаан хугацаагаар сууж, нягт нямбай бодож боловсруулсны эцэст нүүдэл хийдэг учраас их тэвчээртэй болдог. Аав маань “Хичнээн давуу байдалтай байлаа ч өргөө дуустал “Би хожчихлоо” гэж бодож болохгүй” гэж зөвлөдөг юм. Би энэ зөвлөгөөг дагаж, ямар ч тохиолдолд өргөө дуустал анхаарлаа юунд ч сарниулахгүй байхыг хичээдэг. Гэвч би амьдрал дээр шатар тоглодог шигээ тэвчээртэй байж чаддаггүй юм.
-Одоо хэсэгтээ амрах уу, эсвэл өөр тэмцээнд явах уу?
-Одоо нэг хэсэгтээ амарна. Тэгээд шатрын олимп наймдугаар сарын 27-нд Туркийн Стамбул хотод болно. Улс бүрээс эрэгтэй, эмэгтэй тав таван шатарчид оролцдог юм. Манай улсын баг ч мөн адил оролцоно. Орон орны шилдэг тамирчид ирдэг учраас бидний зүгээс сайн тоглохын төлөө хичээнэ. Жигд сайн тамирчидтай багууд олон байдаг.
-Монголчууд хэзээнээс спортод хайртай ард түмэн. Гадуур явж байхад гар барьж баяр хүргэх хүн олон байдаг биз?
-Тийм ээ. Ойрын жилүүдэд ийм сайхан баяр талархлын үгс үргэлж сонсогддог болоод байгаа. Их мастертаа амжилт хүсье, баяр хүргэе гэж хэлэх бүрд улам их урам зориг эрч хүчийг авдаг. Манайд тэмцээнд оролцоод байдаггүй ч шатар сонирхдог хүн олон байдаг учраас намайг их таньдаг юм билээ.
-Таны аав математикийн багш хүн. Математикийн ухааны хүн учраас охиныхоо маш сайн зөвлөгч болдог биз?
-Аав маань одоо ШУТИС-д математикийн багшаар ажиллаж байгаа. Насаараа л багшилж байна даа. Аав намайг төрөхөөс өмнө том эгчид шатар зааж байсан юм билээ. Дараа нь ахад зааж байхад нь би хажуунаас нь хараад нүүдлийг нь сурсан. Ах маань ч хэсэг тоглож байгаад болиод ерөнхийдөө би л шатартаа үнэнчээр үлдсэн дээ. Багш хүн учраас ойлгомжтой сайн заадаг учраас сурахад их дөхөмтэй байсан. Одоо ч надад дотны сайн дасгалжуулагч хэвээр. Өөр дасгалжуулагч нартай цагаар хичээллээд, зөвлөгөө авч байна л даа. Гэхдээ хамгийн үндсэн дасгалжуулагч бол аав. Аль багшаар заалгавал илүү үр дүнд хүрэхэв гэдгийг ч сонгож өгдөг. Ялангуяа тэмцээн ойртохоор үзэх зүйлийг цөөрүүлж, ачаалал багасгаж өгдөг.
Аав надтай өмнө нь олон уралдаан тэмцээнд явдаг байсан. Харин одоо тэр болгон явж чадахаа больсон. Гэсэн ч интернетээр холбогдож зөвлөгөө авдаг. Уул нь аавтайгаа цуг явахад их л сургамжтай байдаг юм. Ер нь аливаа зүйлд аав, ээж хоёроосоо зөвлөгөө авдаг. Тэднийхээ үгнээс тэр болгон зөрдөггүй. Зөрөх тохиолдол хааяа гардаг ч хожим нь аав, ээж хоёрын минь зөв байсныг ухаардаг. Гэхдээ би айлын отгон хүүхэд болохоор эрх тал даа. Намайг медаль аваад ирэхэд аав ээжээс гадна өвөө, эмээ, ах дүү нар бөөн баяр хөөр болцгоодог.
-Тэмцээн уралдааны зардлаа хэрхэн зохицуулж байна вэ?
-Надад өмнө нь олон хүмүүс тусалж байсан. Харин одоо Хаан банкны тамирчин болсноосоо хойш тэмцээний зардалд санаа зовох зүйлгүй болсон. Энэ завшааныг ашиглан намайг дэмждэг бүх хүмүүст маш их баярлалаа гэдгээ уламжилъя. Цаашид олон амжилт гаргаж энэ сайхан сэтгэлтэй хүмүүсийнхээ ачийг хариулах нь миний үүрэг.
-Гэр бүлээ хэрхэн төлөвлөж байна вэ. Хурим хэмээх зүйл ойрын төлөвлөгөөнд тань байгаа юу?
-Эмэгтэй хүн бүр л хүний гэргий болох талаар өөрийн гэсэн мөрөөдөл, төсөөлөлтэй байдаг байх. Би ч бас төсөөлөн боддог. Гэхдээ нарийн ширийн зүйлийн талаар бол хараахан бодоогүй. Нэгэнт насанд хүрчихсэн учир удахгүй айлын бэр болох байх. Магадгүй, ойрын хэдэн жилээс хэтрэхгүй биз.
-Таны цаашдын зорилго?
-Шатар тоглоод удаагүй байхдаа их мастер цолд хүрье гэсэн зорилго байсан. Түүндээ хүрсэн. Харин одоо ур чадвараа дээшлүүлж, рейтингээ өндөр болгохыг юуны түрүүнд зорьж байгаа. Мэдээж нэг амжилт гаргаад санаа амарч болохгүй. Өдрөөс өдөрт сайжирч өндөр шатаар алхахын төлөө тэмүүлэх ёстой. Тийм учраас тэмцээн уралдаанд их оролцож чансаагаа сайжруулах нь туйлын зорилго. Ямар ч бэрхшээлд ялагдаж, бууж өгөлгүй сайхан амьдралын төлөө зүтгэхийг хичээж явна. Гэхдээ сайхан амьдрал гэдэг эд хөрөнгө, эрх мэдэл, нэр алдар биш. Муу зүйл хийхгүй, сайн үйлс бүтээж, гишгэсэн мөрөө эргээд харахад харамсах зүйлгүй, сэтгэл хангалуун амьдрахыг л би аз жаргалтай амьдрал гэж боддог.
Д.Нэргүй
Эх сурвалж: “Нийслэл таймс”