Залуу хүн гэж хэн бэ? Хийж бүтээхийн оргилуун хүсэл тэмүүлэл үү? Алдаа бүтэлгүйтлийн цуглуулга уу? Эсвэл ааг омог, хүсэл мөрөөдлийн эзэн үү? Хүсэл мөрөөдөл хийгээд өөрийн амьдралын зорилгыг биелүүлэхийн төлөө тэмцэж, эцэг эхийн хайр халамж, итгэл сэтгэлийг дааж яваа, уран бүтээлч нэгэн бүсгүйг сэтгүүлийнхээ дугаарын зочин буланд хүндэтгэн урилаа. Тэрээр “Ану хатан”, “Найзууд”, “9009” , “Гэнэтийн бэлэг”, “ Валентины захидал”, “Анирлагч” зэрэг тайз дэлгэцийн хэд хэдэн бүтээлд дүр бүтээж, үзэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ. Хөөрхөн хүүхэн, сайн эхнэр, сэргэлэн найз бүсгүйн дүрийг чадварлагаар бүтээж буй авьяаслаг уран бүтээлч Пүрэв-Очирын Шүүдэрцэцэг хэмээх бүсгүйтэй дотно танилцъя.
TV ZONE: ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ. УРИЛГА ХҮЛЭЭН АВЧ УНШИГЧИДТАЙ МААНЬ ДОТНО ЯРИА ӨРНҮҮЛЭХЭЭР ИРСЭНД БАЯРЛАЛАА.
П.ШҮҮДЭРЦЭЦЭГ: Баярлалаа. Танд болон “TV ZONE” сэтгүүлийн нийт уншигч олонд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе.
TV ZONE: ЖҮЖИГЧИН, ЗАГВАР ӨМСӨГЧИЙН ТАЛААС ШҮҮДРЭЭГ УНШИГЧИД МААНЬ ТАНИХ БАЙХ? УРАН БҮТЭЭЛИЙН КАРЬЕРЫН ТАЛААР ЯРИАГАА ЭХЭЛЬЕ.
П.ШҮҮДЭРЦЭЦЭГ: Намайг Пүрэв-Очирын Шүүдэрцэцэг гэдэг. 2015 онд СУИС-ийн Театр урлагийн сургуулийг “Урлаг судлаач” мэргэжлээр суралцаж төгссөн. Мөн 2008 онд “MissTourism” тэмцээнд оролцож тэргүүн байранд шалгарсан юм. Энэ нь Мисс, загвар өмсөгч хэмээх тодотголыг дагуулдаг байх. Би айлын ганц охин. Миний аав МҮОНР-д сэтгүүлч, ээж минь хувийн бизнес эрхэлдэг хөдөлмөрч сайхан эмэгтэй бий.
TV ZONE: ХҮН БҮРТ Л ХҮҮХЭД НАСНЫ ДУРСАМЖ ТОД ҮЛДСЭН БАЙДАГ.
П.ШҮҮДЭРЦЭЦЭГ: Долоон настай жаахан охин ХБК-ийн төгөлдөр хуурын ангид шалгуулж байлаа. Сонсгол, гар хуруу гээд шалгуур үзүүлэлтэд тэнцсэн хэдий ч, зөрүүд зангаасаа болоод тэнцээгүй юм. Учир нь дуулах ёстой байсан,би дуулаагүй тэгээд л тэнцээгүй /инээв/. Үүний дараагаар МХО-ны Бүжгийн дугуйланд хоёр жилийн хугацаанд суралцаж, Герман монголын хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай 38-р дунд сургуулийг дүүргэсэн. Өвөө минь хэлэхдээ “Үг дуу цөөнтэй, гэрийнхээ ханын цаасыг хуулаад эсвэл нэг буланд цаас хайчлаад л суучихдаг, гөжүүд зантай их сонин араншинтай хүүхэд. Харин одоо хэл ам нь гүйцэгдэхгүй, сэргэлэн цовоо бүсгүй болчихно гэж хэн санах вэ“ гэж их ярьдагсан. Байгаа байхгүй нь мэдэгдэхгүй, байсан ч хүнд дараа болохгүй, байхгүй ч хүнд үгүйлэгдээд байдаггүй чимээгүй хүүхэд байлаа. Хичээлээс гадуур сургалт дамжаа, дугуйланд их хамрагдана. Энэ ч ашиг тусаа өгч, өөрийгөө задалж, урлагт хайртай болж, илүү нээлттэй хүүхэд болон төлөвшихөд их нөлөөлсөн. Урлаг соёлын арга хэмжээнд анги хамт олноо төлөөлж оролцдог, нийгмийн идэвх оролцоо сайтай сурагч байлаа.
TV ZONE: ОЮУТАН АХУЙГААС ИЛҮҮТЭЙ АЖЛЫН ТАЛБАРТ ИХ ОЛОН ЗҮЙЛИЙГ СУРАЛЦДАГ ГЭЛЦДЭГ ЮМ БИЛЭЭ? УРЛАГИЙН АМЬДРАЛ ТӨСӨӨЛЛӨӨС ТАНЬ ӨӨР БАЙНА УУ?
П.ШҮҮДЭРЦЭЦЭГ: Жүжиглэх, дуулах, бүжиглэх, загварын тайзнаа алхах зэрэгт өөрт байгаа нөхцөл боломжоороо хүчээ сорьж үзсэн. Харин тайзны жүжиг гэх бас нэгэн төрөлд өөрийгөө сорьж үзсэндээ ихэд олзуурхдаг. Энэ нь жүжигчин Э.Ууганбаярын найруулсан “Гэнэтийн бэлэг” гэх тайзны жүжиг юм. Аливаа хүнд анхны юм бүхэн хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамж, урам зориг хайрладаг. Надад итгэж уран бүтээлдээ оролцуулсанд баярладаг. Бас нэг өөр мэдрэмж байсан. Кино уран бүтээл бүр өөрийн онцлогтой, тэр бүхнээс чадахгүй мэдэхгүй зүйлээ шинээр сурч мэдэн, бага багаар туршлага хуримтлуулж байдаг. Мэргэжлийн уран бүтээлч ах эгч, найз нөхдийнхөө зөвлөгөө сургамжийг сонсох дуртай. Тэр бүхнийг өөртөө тусгаж, авах гээхийн ухаанаар хандахыг хичээдэг.
TV ZONE: УРАН БҮТЭЭЛҮҮДЭЭС НЬ АЖИХАД ЭРХ ТАНХИЛ, ХЭЛЭМГИЙ ЮМ ШИГ. БОДИТ БАЙДАЛ ДЭЭР ЯМАР ЗАН АРАНШИНТАЙ ХҮН БОЛ?
П.ШҮҮДЭРЦЭЦЭГ: Эргэн тойрны найз нөхөд, хамт олноосоо энэ үгийг их сонсдог. Аливаа зүйлд илэн далангүй, эрч хүчтэй, шударга хэмээн тодорхойлох нэгэн байдаг бол хэтэрхий маягтай гэх хүмүүс ч цөөнгүй байдаг. Хүн бүрийн бодол санаа өөр учир аргагүй юм. Ямар ч тохиолдолд П.Шүүдэрцэцэг өөрийнхөөрөө, хэлэх гэснээ хэнээс ч эмээлгүй хэлчихдэг шулуун зантай л нэгэн. Жаахан дутагдалтай тал нь эрхэлж, туних гээд байдаг юм. Аав ээж, ах дүү нарынхаа хувьд их хэрсүү охин мөртөө, хайртай залуугийнхаа хажууд өөрийн мэдэлгүй эрх танхил охин болж хувирдаг. Гэхдээ хэнд эрхлэхээ мэднэ ээ.
TV ZONE: ЖИНХЭНЭ ХАЙРТАЙ УЧИРСАН ЭМЭГТЭЙ ХҮН БҮР, ТҮҮНИЙХЭЭ ХАЖУУД УЧИР МЭДЭХГҮЙ ЭРХ ОХИН БОЛЖ ХУВИРДАГ БАЙХ Л ДАА. ШҮҮДРЭЭГИЙН ХАЙРЫН ЭЗЭНТЭЙ АЛБАН ЁСООР ТАНИЛЦАЖ БОЛОХ УУ?
П.ШҮҮДЭРЦЭЦЭГ: Бололгүй яах вэ. Манай нөхрийг Буяннэмэхийн Болдбаатар гэдэг. КУДС-ийг Зураглаач мэргэжлээр төгссөн. “Mixx” хамтлагийн ахлагч. Бидний хувьд 2012 онд танилцаад, 2013 оноос үерхэж эхлээд одоог хүртэл хамт байж, баяр жаргалтай өдрүүдийг үргэлжлүүлж байна. Уран бүтээлч хүмүүсийн зовлон жаргал адил байдаг учир, бие биенээ ойлгоход их дөхөм болдог. Хэтийн зорилго, хүсэл тэмүүлэл нь биднийг ямагт нэг зүгт нэгтгэж чаддаг. Үүнийгээ маш том давуу тал, бас нэгэн дархлаа хэмээн боддог. Манай хүн намайг маш их зөөллөдөг. Би гал гэвэл Тэмпо ус. Хосууд үргэлж аз жаргалтай, романтик байна гэж үгүй, маргалдах, муудаж сайдах үе бишгүй л тохиолдоно. Үүнийг зовлон мэт хүлээн авахын оронд, амьдралд тохиолдох энгийн жижиг асуудал мэт хүлээн аваарай. Цаг хугацаа хэмээх гайхалтай мэргэн шүүгчийн шалгалтад бүдрэхгүйгээр бид хамт алхана.
TV ZONE: ЗАЛУУ ХОСУУД ХЭДИЙ БИЕ БИЕДЭЭ ХАЙРТАЙ Ч, ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ ХЭМЭЭХ ЗҮЙЛИЙГ ОРХИГДУУЛААД БАЙХ ШИГ?
П.ШҮҮДЭРЦЭЦЭГ: Тийм. Бие биедээ чин сэтгэлээсээ хайртай байгаад, хамтын амьдралаа эхлүүлэх шийдвэр гаргасан л бол гэр бүл төлөвлөлтийг хийх нь чухал юм болов уу. Үүнийг “тэгж байгаад жамаараа болох зүйл” гэж бодсоноос, эсвэл энэ талаар нухацтай бодолцоогүйгээс болж л бүсгүйчүүдэд хүсээгүй зүйлс нь тохиолдож, хүсээгүй алхмаа хийцгээдэг.Сэтгэлийн хөөрлөөр хандахаас зайлсхийгээрэй залуус аа.
TV ZONE: ОЛНЫ НҮДЭНД ИЛ БАЙДАГ ЭМЭГТЭЙ ХҮН БҮРИЙН ГОО САЙХНЫ НУУЦ ХИЙГЭЭД, ТҮҮНИЙ ТАЛААРХ ОЙЛГОЛТ ИХ СОНИН БАЙДАГ?
П.ШҮҮДЭРЦЭЦЭГ: Эрүүл мэнд чамайг тодотгох толь гэж боддог. Эмэгтэйчүүд тэр дундаа олны нүдэнд ил байдаг бүсгүйчүүдийн хувьд гоё сайхан байх ойлголт нь нэг ёсны хариуцлага байж болох юм. Арьс, үс, хуруу хумс, бие галбир гээд анхаарах зүйлс мундахгүй их байдаг. Арьс арчилгааны хувьд олон бүтээгдэхүүнийг туршиж, тэр дундаас өөрт төгс зохицсоныг хэрэглэхийг чухалчилдаг. Одоогийн байдлаар Солонгос гоо сайхны бүтээгдэхүүнээр арьсаа арчилж байна. Эмэгтэй хүн бүр өөртөө цаг гаргаж, үргэлж сайхан, эрүүл үзэсгэлэнтэй байгаасай.
TV ZONE: ЧӨЛӨӨТ ЦАГ ГАРСАН ҮЕД ХЭРХЭН ӨНГӨРӨӨЖ БАЙНА?
П.ШҮҮДЭРЦЭЦЭГ:Өөрийгөө хөгжүүлэх талаас нь их анхаардаг. Бас нэгэн сонирхол маань “Make up” хийх сонирхолтой. Өөрийн цахим хуудсаараа дамжуулж “нүүр будалт”-ын бяцхан бичлэг хийж, хэрэгтэй зөвлөгөөг охид бүсгүйчүүддээ хүргэхийг хичээдэг. Үүнээс гадна шинэ гарсан монгол кино бүрийг алгасалгүй үзнэ. Үүний хажуугаар хайртай залуутайгаа цагийг өнгөрөөж, эх орныхоо уудам тал нутгаар аялах, гэртээ амттай хоол идэх дуртай.
TV ZONE: СҮҮЛИЙН ҮЕИЙН УРАН БҮТЭЭЛИЙН СОНИН САЙХАН ИХ БИЗ?
П.ШҮҮДЭРЦЭЦЭГ: Б.Жаргалсайхан /Хасар Жагаа/ ахын найруулсан уянгын драмын “Бид гурвын болзоо” гэх уран сайхны кинонд ажиллалаа. Найз нөхөрлөл, хайр сэтгэл, амьдралын амин чухал үнэт зүйлсийг гэгээлгээр өгүүлэх энэ киногоо амжилттай дуусгалаа. Есдүгээр сарын эхээр үзэгч олонд хүргэх төлөвлөгөөтэй байгаа. Шинэ уран бүтээлээрээ тун удахгүй уулзана даа.
TV ZONE: ЗАЛУУ ХҮНИЙ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ ЯМАГТ ХЯЗГААРГҮЙД ТЭМҮҮЛДЭГ. МӨРӨӨДЛӨӨСӨӨ ХУВААЛЦВАЛ?
П.ШҮҮДЭРЦЭЦЭГ: Дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч /жүжигчин/ болох. Магадгүй Angelina Jolie шиг жүжигчин болохыг үгүйсгэхгүй биз дээ /инээв/. Мөрөөдөл том байх тусам очих цэг нь өндөрт байдаг байх. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй шүү дээ.
TV ZONE: ТА БИДНИЙ ЯРИЛЦАХ ХУГАЦАА ӨНДӨРЛӨЖ БАЙНА. ЗАЛУУСТАА ХАНДАЖ НЭГЭН САЙХАН ЗҮЙЛ УРИАЛНА УУ?
П.ШҮҮДЭРЦЭЦЭГ: Хүн гэдэг сэтгэлийн амьтан шүү дээ. Тиймдээ ч үгээр хүнийг алж бас амьдруулж болдог шидтэй. Залуус бид бие биедээ сайхан үгийг хэлж, эерэг бүхнийг түгээцгээе.
Сэтгүүлч: Б.Хонгорсайхан