Хот суурин газраас хөдөө орон нутагт зочилж байгаа хүн нутгийн түмэндээ яагаад гарын бэлэг өгч болдоггүй юм бэ, энэ чинь монгол ёс биз дээ. Орос бакиал хөдөө зонд ямар их хэрэгтэйг тэнд өссөн хүн мэдэх байх. Сааль сүүгээ бялхааж байгаа энэ цаг үед хөдөөх зонд данх сав юу юунаас чухал. “Саваа бэлдэхээр саалиа бэлд” ч гэдэг, “дээшээ харсан сав өлзийтэй” гэсэн үг ч бий.
Баянхонгор аймгаас хоёр ч удаа хүч үзэж байж парламентад ирсэн М.Билэгт гишүүн тойргоо эргэж сонгогч олонтойгоо уулзаад ирсэн нь шуугиан тарьж байна. Учир нь тэрбээр уулзалтын үеэр сонгогчдынхоо дунд азтан шалгаруулах сугалаа явуулж, орос бакиал, данх тараасан нь олны шүүмжлэлд өртөх шалтгаан боллоо. Чухам юу нь болохгүй болоод шүүмжлээд байгаа юм бол доо гэж бодох хүмүүс ч олон байгаа гэдэгт итгэнэ. Яагаад гэхээр бид чинь монголчууд биз дээ. УИХ-ын гишүүн хүн тойрогтоо очихдоо сонгогч олондоо гарын бэлэг өгч болохгүй гэсэн хууль дүрэм хаана байна вэ.
УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна гээд гар хоосон гуяа ганзаглаад тоос татуулан очдог. Ганзага хоосон гишүүд маань Төрийн бодлого шийдвэр ярихаасаа илүүтэй, баахан цэцэрхэж, худлаа амлалт өгөөд тоос татуулан алга болдог. Тэдний ярьж байгаа зүйлд үнэн үг байхгүй бөгөөд биелэх зүйл байдаггүй. Ийн тэнгэр харан бурж явахаар М.Билэгт гишүүн шиг ахуйд хэрэгтэй бэлэг тараагаад явах нь бодит амьдралд хэрэгтэй биз дээ. Магадгүй энэ нь амьдрал мэддэг хүний л бэлэг байж таарна. Тойрогтоо ажиллаж байгаа УИХ-ын гишүүн Төрийнхөө бодлого шийдвэр, хууль дүрмийг танилцуулаад, орон нутагт шийдвэрлэх асуудлаа иргэдтэйгээ хамтран ярилцаад гарын бэлэг тараагаад ирэхэд яагаад болохгүй гэж.
Нэг их академик боловсролтой хүмүүс болох гэж шүүмжлээд байгаа нөхдөд ийм сэтгэл байхгүй байж сонгууль болохоор сонгогч олны саналыг мөнгөөр худалдаж авдаг. Тэдэнд мөнгө тараадаг. Хууль дүрэм зөрчиж, хулгайн замаар санал авахыг оролддог ийм нөхөд л шүүмжлэл өрнүүлж байгаа хэрэг.
Н.Баатар
www.zindaa.mn