Би нэг гэр бүлийг хэсэг ажиглалаа л даа. Голцуухан л түр тар хийгээстэй таардаг болохоор зүгээр л хоорондынх нь харилцааг хар аяндаа чагнаархсан юм. Харахад нөхөр нь даруу төлөв, дажгүй л залуу санагддаг. Хүн бүр л ингэж тодорхойлдог. Харин эхнэр нь жаахан задгай яриатай ч цагаахан сэтгэлтэй, шударга шулуухан, гал цогтой, цовоо нэгэн.
Тэгсэн өдрийн хагасыг хамт өнгөрөөсөн нэг өдөр тэр хоёрын байнга шахам тар түр хийдгийн учрыг өөрийнхөөрөө тайлж ойлгов. Нөхөр бол гоё имиджтэй, гадаад орчинд үлгэр жишээ сайхан төлөв эр. Гэвч эхнэртэйгээ харьцаж байгаа байдал бүрээс нь голсон, дорд үзсэн, ам хэлээр дарах гэж оролдсон, дөмөгхөн урмын ганц үг унагадаггүйг нь мэдээд авав.
Ишшш, муу эхнэр нь юм юмнаас л өмөөрөөд гүйгээд байх юм. Утсаар хэн нэгэнтэй ярьсан ч нөхрөө магтаастай. Нөхрөө дөвийлгөөстэй. Харин нөхөр бол хэрэг алга аа. Бүдэрсэн ч арчаагүй, анзааргагүй, салан паланг нь гайхаастай. Нэг хүнтэй хоёр үг солиод зөрсөн ч илүү дутуу гаргасан авиаг нь тоолоостой, тэнэг мангарыг нь гайхаастай.
Үгүй ээ, тэр нөхөр бол бүр багтарч унамаар өөлөх юм аа. Эмэгтэй л хүн болсон хойно бяцхан бардам зан нь цухалзаад ядаж л гадны хүн миний дэргэд гайгүйхэн ойлголт өгчих гэж их хичээх юм. Өнөөх нь харин хэрэг алга. Нэг л их ухаантай, нэг л их бусдыг ойлгодог зөөлөн дуутай хүн. Нэг юм ярихаар нь нэг их зөөлөн дуугаар эрс няцаагаад л илт эхнэрээ доош нь хийгээд илүү ухаантай үг хэлэх гээд бүр ядчих юм аа. Уралдаад байгаа ч юм уу, хаашаа юм.
Дэлгүүрт эхнэр нь нэг юм асуух байснаа мартчихсан бололтой юм. Тэрүүхний төлөө л “Чи ийм хариуцлагагүй, хайнга, бүр нэг сэтгэдэггүй, сэргэлэн биш” гээд л үглээд байх юм. Ингэж үгээр идэж, шордож, хатгасаар байгаад хажуудхаа чанга хашгирч эсэргүүцэхэд хүргээтхэв.
Хүн харахад эхнэр хашгичаад байгаа юм шиг боловч жинхэнэ хорчин ард нь “Хүн амьтан хараад байна. Үхсэндээ хашгираад байгаа юм. Нэг л их хашгирч айлгасан хүн” гэж амандаа бувтнаастай. Хажуугаар нь надаас уучлал өршөөл эрсэн өрөвдмөөр харцаар бас амжиж ширтээстэй.
Бүр нэг цохиод авмаар зэвүүн. Утсаа дуугарахад л шүүрч аваад тэс хөндлөн хүнд байгаа байдлаа тайлбарлаж байгаа нь хүртэл багтармаар зэвүүн илэрхийлэлтэй. “Аан, манай хүн л болсон хойно тэгж байхгүй юу”, “Аан, тэр өдөр манай өнөө хэд л болсон хойно энд тэнд чарлалдаад үймүүлээд байсан юм. Би ч одоо их хүнд нөхцөлд амьдардаг юм ш дээ” гэх жишээний. Гэр бүлээ яаж ийгээд муулсан, дордчилсон, өөрөө гэмгүй дорой, дарамтанд орсон өнгө аясаар ярих аж. Эхнэр хажуугаас нь нөхрийнхөө ярианы өнгө аялгыг сонсож нэг бухимдах, түүнд нь уцаарлаад байгаагаа өөрөө ч ойлгохгүй гэнэт дуугаа өндөрсгөж эсэргүүцэх нь илт мэдэгдэнэ.
Ийм багтармаар харилцааг хөндлөнгөөс харж байхдаа гоё сайхан имиджтэй, төлөв сайхан нэртэй яваад л байдаг зарим эрчүүдийн нэгэн хачин нуугдмал хуурамч дүрийг олж харав. Хашгирсан уурласан бүхэн муу сэтгэлтэй биш, зөөлөн намуун дуугарсан бүхэн сайн сайхан ааш зантай биш юм байна гэдгийг ойлгов. Ингэн ингэн магтан дуулж амьдрах эхнэрийн их хайрыг, голон голон өөлж хүлцэх нөхрийн их тэвчээрийг бахдав.
Үнэндээ л багтарч үхмээр амьдрал аж. Над шиг урмаар сэхэж, ухаанаар аргадуулах дуртай хүн оронд нь байвал удаан тэсмээргүй галзуурмаар л амьдрал аж. Эгээтэй л эхнэрт нь ” Наадхаасаа салж нэг амраагаач” гээд хэлчихсэнгүй хэлээ хазан тэсэв. Хн….