Яруу найрагч Д.Ган-Очир хэмээх энэ буриад цустай залууг Монголын яруу найргийн нэгэн үеийн төлөөлөл болон орж ирсэн тэр цагаас нь эхэлж таних юм. Тэрбээр аливаа юманд мэдрэмжтэй хийгээд ур ухааныг тааруулахдаа сүрхий. Орчин цагийн дууны яруу найргийг уран хийцтэй эмээлтэй зүйрлэвэл тэрхүү эмээлийн тоног чимэглэлийнх нь хээ, хийцийг хэн ч давтаж, дууриаж урлаж болохооргүй уран хийцтэй яруу найрагч юм. Эрхэм яруу найрагчтай дууны яруу найраг, өнөөдрийн утга зохиолын чиг хандлагын талаар хөөрөлдлөө.
-Уран бүтээлийн ургац арвинтай л байна уу?
-Дууны уран бүтээлийн хувьд гурав дахь цомгоо гаргалаа. Би дуучин, хөгжмийн зохиолч хүн биш шүү дээ. Ер нь Д.Ган-Очир гэдэг хүн ямар шүлэг бичсэн нь ямархан ая дантай болж нийтэд хүрч байна гэдгийг хүн бүхэн мэдэх байх. Тиймээс миний хувьд дууны яруу найргийн цомог гэсэн үг. Би гурван жилд нэг удаа цомог гаргадаг уламжлалтай болчихсон. Сүүлийн гурван жилд бичсэн дууны шүлгээ шигшээд “Би мэдэрч байна” нэртэй цомог гаргасан. Мөн шүлгээ цэгцлээд “Урин” нэртэй яруу найргийн ном хэвлүүллээ. Нэг үгээр хэлбэл хөтөлгөө морьтой шинэ онтой золголоо.
-Урын сандаа хэчнээн дуутай болж байна?
-Би Дорнод аймгийн нэгдүгээр 10 жилийг төгссөн юм. 1992 онд анхны дууны шүлгээ бичиж байлаа. Манай аймгийн Багшийн коллежид сурч байсан найзууд маань “Нөхөд” гэж хамтлаг байгуулаад хамтлагийнх нь анхны бие даасан уран бүтээл миний шүлгээр эхэлсэн. Анхны тайлан тоглолтдоо шинэ дуу дуулъя. Дандаа “Өргөө”, “Цэцэг” хамтлагийн дуу дуулахаа больё гэж тохиролцсоны үндсэн дээр л надаар шүлэг бичүүлж авсан юм. Би гурван дууны шүлэг бичсэн нь дуу болсон. Үүндээ баярлаж, омогшиж анх дууны шүлгэнд дурлах болсон. Гэхдээ яруу найраг талдаа илүү их хайртай, элэгтэй л дээ. Яруу найрагч гэж хэлүүлэх бол хамгийн том шагнал байдаг. Нийтдээ 200- гаад дууны уран бүтээл бичсэний 70 гаруй хувь нь олонд хүрсэн.
-Өөрөө яруу найргийн наадамд оролцож харагдахгүй юм?
-1994 онд Ц.Хуланг “Ганцхан ээждээ” шүлгээрээ “Болор цом”-ын эзэн болдог жил би дөрөвт үлдсэн. Хайрын шүлгийн “Цагаан уул”-д оюутан байхдаа дөрвөн жил дараалан оролцсон. Түрүүлээгүй л болохоос аман хүзүүдэж, гуравт давхиж, айрагдаж байлаа. “Чөлөөт сэтгэлгээний дуулал” яруу найргийн наадамд хоёр жил дараалж түрүүлсэн. Үүнээс хойш яруу найргийн наадмуудад нэг их оролцоогүй. Миний шүлгүүд наадам, тэмцээнд оролцоод байх өнгө аястай, уул ус, аав ээжийн тухай шүлэг бараг байхгүй. Харин Эрдэнэт, Дарханд болсон “Болор цом”-д орсон. Тухайн наадмуудад яагаад орсон юм бэ гэхээр би байгаа шүү, уран бүтээлээ хийгээд явж байна гэдгээ илэрхийлж тайлан маягтай орсон. Түүнээс түрүүлэх гэж эсвэл ямар нэгэн шагнал хүсч ороогүй.
-Яруу найргийн хэчнээн ном гаргав?
-Шүлгийн таван номтой. “Зүүдний зураг”, “Цаг хугацааг нэрэхүй”, “Бие галбирлаг сарны дор”, “Сүүлчийнх гэж дурласаар байтал”, “Урин” гэсэн таван ном хэвлүүлсэн байна.
-Өөрөө ер нь хэр дурламтгай хүн бэ?
-Миний булчирхайнууд дотроос ганц ажилладаг булчирхай нь дурлалын булчирхай. Их дурламтгай байж, жаахан шунан тэмүүлж байж гоё өдөл, сэдэл авна. “Гоо сайхан ертөнцийг аварна” гэж Достоевский сайхан хэлсэн санагддаг. Аливаа юм зохилдлогоороо болох юм бол сайхан шүү дээ. Царай муутай байсан ч сайхан харагдана. Харин хэчнээн үнэтэй юм эдэлж хэрэглэлээ ч өөрт нь ямар ч зохимжгүй бол хүн хэзээ ч сайхан харагдахгүй. Сайхан бүсгүйн дэргэдүүр зөрвөл эргэж харахгүй байж чадахгүй. Би тийм л өвчтэй хүн дээ. Маш сайн дурлаж чаддаг. Дурлахаараа сайн бичдэг. Ер нь эрчүүдэд байдаг дурлалын бүх л өвчин надад бий.
-Яруу найргийн өнөөгийн төвшин хэцүүдэж байна гэж зарим нэг нь үзэх болж?
-Би өөрөө сайн бичдэггүй байж болно. Гэхдээ би сайн уншигч, сайн шүүмжлэгч гэж боддог. Өнөөгийн утга зохиол яруу найраг гурван үечлэл дунд явж байна. Миний бодлоор сэтгэлгээний асар том задаргаа алга. Яруу найргийг “Болор цом”-оор хязгаарлаад ярьж байгаа юм биш. Нэг, хоёр аятайхан санаа шийдэлтэй уран бүтээл туурвиж байгаа хүн бий. Энэ зуунд техникийн эрин үеийг эвдэхдээ эвдэж, эвлүүлэхдээ эвлүүлж айхавтар задраад тасраад гараад ирсэн хүн алга. Би Б.Галсансүх, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Б.Баттулга гээд хүмүүсийг хэлнэ. Мөн Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, С.Адъяасүрэн, миний багш Д.Нямсүрэн, О.Дашбалбар гээд сонгодгууд байна. Энэ хүмүүс чинь гайхамшигтай уянгын яруу найрагчид шүү дээ. Харин ирээдүй хойч үедээ жаахан санаа зовж байна. Эсвэл ханачихаад байгаа юм уу шүлэг нь ч, санаа нь ч нэг л явуургүй санагдаад байгаа. Гэхдээ сайн сайн яруу найрагч нарын бүтээлийг би уншиж амжаагүй байж болох юм. Бүр уначихсан юм бол биш шүү дээ. Манайхан Азид яруу найраг хийгээд утга зохиолоороо тэргүүлнэ шүү дээ.
-Дууны яруу найраг гэж байхгүй болж байх шиг санагддаг?
-Зарим хүн арай өөрөөр бичиж, шинэчлэл хийж байна гэж надад дууны шүлгийн санал тавьдаг. Үүнд нь би баярлаж явдаг юм. Үнэхээр дууны яруу найраг, дууны ая эрлийз болсон. Мөн дуучид нь ч ялгагдахаа больсон. С.Жавхлан гэж хүнийг маш олон залуу уран бүтээлч нар дагаж дуулж өөрсдийгөө хорлож байна шүү дээ. Дууны шүлэг бичээд нэрд гарна гээд хайр, нандин хорвоо, замбуулин гэх үгийг оруулж учраа ч олохгүй баахан юм бичээд байгаа хүмүүс зөндөө. Мөн өөрөө уран бүтээл хийж байгаа атлаа түүнийгээ шинэчилж өөртөө дэвшил гаргаж чадахгүй залуус ч бий. Дуу нь эрлийз, хурлийз болоод дуучид нь адилхан хувцастай, адилхан хоолойтой болоод удаж байна. Энэ бол нэг ёсны мухардалд орчихсон хэрэг. Хүнийг даган дууриаж бичиж байна. Яруу найргийг цэвэр утгаар нь мэдрэхгүй байгаа хүмүүс өрөвдөлтэй санагддаг. Тэгээд л мөнгө төлөөд клипээ мянга давтаад л явуулна. Энэ бол жинхэнэ утгаараа дууны урлагт цус ойртолт явагдаж байна гэсэн үг. Ер нь уран бүтээлч хүн олон нийтийг дагасан өнгө аяс, санаа давтах уран бүтээл хийх юм бол сөнөнө. Урлаг бол хүнийг араасаа дагуулж хүмүүжүүлж шинэ ирээдүй нь болж өгөх ёстой шүү дээ. Түүнээс биш тулга тойрсон авгай, хүүхний хэрүүл шиг дуунууд хорвоогоор дүүрэн болчихоод байна.
-Багшийгаа дурсвал?
-Миний зүрх сэтгэлд их сайхан дурсамжууд байна. Багшийг минь тэнгэр болоод явсных нь дараа маш олон хүн дурсамж болон янз бүрийн л юм бичсэн. Бас намайг их харсан юм шиг байна билээ. Би их харамссан. Тэгээд үзгээ шүүрээд багшийнхаа тухай юм бичих гээд суусан. Гэтэл би муу биччихвэл яана. Зүрх сэтгэлдээ байгаа юмаа гаргаж чадахгүй бол яана гэж бодоод айсан. Хоёрт маш олон хүмүүс хайртай байсан гэж бичсэн. Хамгийн үнэн бичсэн нь О.Дашбалбарын “Сэтгэлийн байгаль буюу Д.Нямсүрэн” нийтлэл. Би багштайгаа холбогдсон үе гэвэл долдугаар ангидаа анх удаа шүлгээ уншиж магтаалыг нь сонсож байсан. Тэгээд л түүнээс хойш сэтгэл хийгээд шүлгээрээ дандаа хамт байж оюутан ахуй цагтаа багш шавийн барилдлагатай болсон. Д.Нямсүрэн ахын “Хаврын урсгал” ном миний ширээний ном байлаа. Үүнээс хойш олон сайхан номыг нь хүндэтгэж, уншиж, хайрлаж явна. Хад чулуу хүртэл цагийн салхинд элэгдэж, элийж, мөлийж байдаг бол яруу найраг үргэлж шинэ хэвээрээ он цагийг туулдаг юм байна гэдгийг Д.Нямсүрэн багшийн минь бүтээлүүд харуулж, илтгэж байгаа юм шиг санагддаг.
-Дууны шүлэг зарсан тохиолдол бий юу?
-Намайг дууны шүлэг зараад баян тарган амьдраад байгаа юм шиг ойлгож болохгүй. Би хоёр ч компанитай гэрээтэй ажилладаг. Чи бод доо. СУИС-ийн төгсөх ангийн дөрвөн оюутан энэ шүлгийг чинь дуулах гэсэн юм гээд ороод ирэхээр би яаж мөнгө нэхэх вэ дээ. Тэд чинь аав ээжээсээ л мөнгө авч байгаа хүүхдүүд шүү дээ. Бүр тасраад явчихсан хамтлаг дуучид маань чадах чинээгээрээ илүүчилж өгдөг. Яагаад илүүчилж байна гэхээр дууны яруу найрагт тогтсон ханш байхгүй. Тиймээс тухайн байдалтайгаа л зохицож амьдрахаас өөр аргагүй. Тэгээд дуунуудаа цомог болгоод л худалдааны цэгүүдээр борлуулаад л явж байна. Мэдээж хөдөлж байж л хүн амьдарна шүү дээ.
-Өнөөдрийн дууны яруу найргийн төвшин яг хаана явна вэ?
-Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон явдаг “Алтан өд” наадмаас дууны шүлгийн төрлийг хассан. Өнөөдөр дууны уран бүтээл гэхээр оюуны өмчийн холбоо байгуулагдаад мөнгө төгрөг гээд сүйд болдог атлаа дууны шүлгийн уралдааны төрөл алга. “Морин хуур” наадам хөгжмийн зохиолч, яруу найрагч хоёрыг үнэлж түрүүлсэн бүтээлийн эздэд морин хуур өгдөг байсан. Гэтэл яруу найрагчийг нь хасаад хаячихсан. Дууны шүлэггүй байж яаж хөгжим бүтэх юм. Хэн тэр хоосон хөгжмийг дуулах юм. Кино наадмууд гээд л байдаг. Гэтэл тэр киноных нь дууны үгийг бичсэн хүн бас л шагналгүй үлддэг. Энэ мэтээр дууны яруу найргийн уран бүтээлийг тэр чигт нь хасаад хаячихсан. “Алтан микрофон”, “Пинтатоник” наадам дээр дууны шүлгийн уран бүтээлд шагнал өгдөг байсан. Бас л хасаад хаячихсан. Би шагналгүй үлдээд байгаадаа үүнийг хэлж байгаа юм биш. Дууны яруу найргийг шинэлэг, цэвэр нандин байлгаж тодорхой хэмжүүртэй байлгах гэсэн сэтгэлээр л хэлээд байгаа юм. Дууны шүлэг гэдэг чинь үндсэндээ монгол хэл. Энэ сайхан монгол хэл яруу найрагт орж дууны шүлэг болж байгаа шүү дээ. Гэтэл үүнийг хаагаад байдаг нь утгагүй л байхгүй юу.
-Төрийн шагналууд нүдээ олохгүй байх шиг. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?
-Шагнал авах гэж хөөцөлдөөд байгаа хүмүүс шагналаа авч байна. Ичихгүй өөрийгөө тодорхойлчихсон явж байдаг гэсэн. Гэтэл чөмгөө дундартал уран бүтээл хийсэн хүн хэн ч биш болж адлуулж байгаа олон тохиолдол бий. Найз нөхөд, нам, нутаг, мөнгө гээд дөрвөн янзаар монголчууд нэгнийгээ ичихгүй шагнаж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг овоо ухаалаг хүн гэж бодож байсан. Гэтэл эсрэгээрээ будилаад шагналынхаа учрыг олохгүй яваад байна шүү дээ. Өгөх ёстой юмыг өгөлгүй яахав. Гэхдээ Төрийн шагнал гэдэг чинь зохиогчдод өгдөг шагнал болохоос гүйцэтгэгчдэд өгдөг шагнал биш. Гүйцэтгэгч гэдэг бол дуучид, бүжигчид шүү дээ. Тэр хүмүүстээ өгмөөр байвал гавьяатаа л өгнө биз.
В.НЭРГҮЙ
Монголын үнэн