Хөөрхөн охин минь, үзэсгэлэн гоо минь
Гэрийг минь гийгүүлэх гэгээн гэрэлхэн, гэзэг үсээн гоёх ариухан дагинахан минь
Ээжтэйгээ эвлэгхэн хуучилж, эгч дүү шиг яриа өрнүүлэн
Ахынхаа тухай, ангийнхаа бандийг хэрхэн хөглөсөнийг, айлийн эзэд хэзээ гэртээ ирсэнийг гээд ангаахай охинд минь ер нь хэлэхгүй юм гэж үгүй..
Эрх танхи бодол санаан гэгээн…ийм л байдаг нас даа….
Цагаан цайлган сэтгэл нь өчүүхэн ч хир буртаггүй, цагийн аясхан гэгээлүү ургаж яваа үр минь дээ…
Цамцныхан энгэрээс сүүнийхэн үнэр нь арилаагүй гэнэн дэврүүн нялх гүнж минь ээ
Амьдрал чиний бодож байгаа шиг амар хялбар, шулуун дардан биш шүү
Айлын гэргий байж, хүний эхнэр болно,..Амрагийн цайг аягалж, өнжин хонон хүлээнэ
Аядуу зөөлөн, урмын сайхан үгээр хайраа хөглөж, аз жаргалын нарыг өөрөөсөө олж хараарай…
Жаргал зовлон ээлжилдэг амьдралын нугачаанд, жамыг дагаж насыг хамт илээх заяаны ханиа онож таниарай,..жаахан чиний минь баяр гуниг энэ л сонголтоос их хамаарнаа…
Эрвээхэй шиг дэвэх охин үр минь,..эрээн цэцэг шиг өнгөө гайхуулах эрх нархан минь…
Ээжийнхээ дэргэд дураараа бүжиж эрхлэн тунирх, аавынхаа гараас хөтлөн авахыг хүссэн бүгдээ нүдлэн зааж өг…
Андахгүй ээ,..чиний насан дээр ээж нь ч бас гангалж, дэгжирхэх дуртай байсан,..гандамгүй , омголон дэврүүн зангаараа гатлаж туулах ирээдүйг мөрөөдөл дүүрэн угтаа…
Гуниг нь ахдсан ертөнцын урсгалыг зөөллөж, цэлмэгхэн сэтгэлийн үрийг нартад тарихаар цэвэр ариухан охин үр минь чи хорвоод мэндэлсэн
Цээжинд чинь нахиалах дулаахан хайрыг цэмцгэрхэн бодлоороо ургуулан услаж, чинийх л байх гэгээн бүхнийг зүрхнээсээ мандаан гэрэлтүүлж яваарай…