Хуучин найз залуу, хамгийн сайн найз хоёр чинь ойрын үед холбоо их барьж, нэг л дотносоод байгаа нь чамайг тавгүйтүүлж байна уу? Юун түрүүнд тэр хоёр яагаад ингэх болов гэдэг шалтгааныг тодруулах хэрэгтэй. Тэд чамайг буцаан түүнд сайн болгож нийлүүлэхийн төлөө нууц төлөвлөгөө гаргаж байж ч мэднэ. Хамгийн гол нь түргэдэж, найздаа уурлахын оронд яагаад гэдэг асуултанд хариулахыг хичээгээрэй. Харин бүгдээрээ боломжит бүх хувилбараар бодож үзэцгээе.
Тэр чамд одоо ч сайн сайхныг л хүсдэг.
Хэрвээ та хоёр муудалцаж, хэрүүл уруултай салсан бол хуучин найз залуу чинь чамд ямар нэгэн зүйл хэлүүлэхийг хүссэндээ хамгийн сайн найзтай чинь холбогдсон байж мэдэх юм. Тэгэж салаагүй байсан ч үнэхээр сайн залуучууд зөвхөн аз жаргал л хүсэж, холоос ажиглан, чамайг алдаа эндэгдэл гаргуулахгүй байх хамгаалагч мэтээр өөрийгөө бодож явдаг. Тиймээс л найзтай чинь холбогдож, ажил амьдрал, сэтгэл санаа чинь сайн байгаа эсэхийг шалгаж мэддэг байна.
Тэр чамтай буцаж нийлмээр байгаа.
Ихэнх хуучин найз залуус хамгийн сайн найзтай чинь холбогдохдоо чамайг буцааж өөрийн болгох санаа агуулж байдаг. Тэгээд өөрийнх нь талд орох хэн нэгнээс тусламж хүсэж, хүч хавсран чамайг эргүүлэхийг оролддог. Сүүлийн үед найз чинь чамтай уулзахдаа түүний ажил хэрхэн амжилттай явж байгааг, гоё машин авсныг нь, фейсбүүк дээрээ чиний талаар юу гэж санаашран бичсэнийг, ямар хөөрхөн охин түүнрүү хандраад байгааг, гүзээгүй болсныг нь баяртайгаар ойр ойрхон дуулгаад байвал тэр чамайг буцаан авах нууц явуулга хийгээд байна аа гэсэн үг.
Эсвэл тэд зүгээр л нөхөрлөж байж болно.
Яагаад гэвэл тэдэнд адилхан зан чанар их бий. Та гурав урьд нь хамт уулзаад сууж байхад чиний огтхон ч инээхгүй тоглоомон дээр тэр хоёр алга таших нь холгүй хөхрөлдөж, санаа нийлдэг байсан бол зүгээр л сайн найзуудын журмаар сэтгэлээ хуваалцаж буй нөхөрлөлийн холбоо байх боломжтой. Чи хүсэх л юм бол найз чинь хэврэгхэн нөхөрлөлийн холбоогоо амархан тасалчихаж чадна.
Үнэхээр тэд хоёр биендээ тохирох хүмүүс.
Сайн найзууд хоорондоо маш адилхан болсон байдаг даа. Хуучин найз залуу чинь чамтай үерхсэн учраас маш төстэй найзтай чинь ч үерхэж болох магадлал бий. Хэрвээ тэд үнэхээр бие биендээ сайн болчихоод чамд хэлж зүрхлэхгүй нууцлаад байгаа бол зүгээр л сайн сайхныг ерөөгөөд орхичих. Түрхэн зуурын шохоорхол, гүн гүнзгий харилцааны аль нь ч байж болно. Чи гомдож, уурлан аль альнаас нь харилцаагаа тасаллаа гээд асуудлыг шийдэж байгаа юм биш. Хэн мэдэх вэ дээ, 10 жилийн дараа гэхэд чи нөхөртэйгээ хамт тэднийд байнга зочилдог гэр бүлийн сайхан найзууд ч болж мэдэхийг. Тиймээс цаг хугацаа бүхнийг харуулна гэдэгт итгээд, зөвхөн урагшаагаа л харж амьдар. Стрессдэн, хэрүүл хийх цаг хугацаа, хүч энергиэ өөр хэрэгтэй зүйлд зарцуул. Чамд хийх олон зүйл байгаа.