Өглөө ирмэгц л ийшээ тийшээ гүйлдэх хүмүүс, тасралтгүй жингэнэх утасны дуу, хөмсгөө атируулсан хүмүүс, хүйтэн харанхуй оффис чамайг угтаж байна уу? Зарим хүний хувьд өрнөл ихтэй орчинд байх нь ажлын бүтээмжийг дээшлүүлдэг бол зарим хүнд энэ нь стресс нэмдэг. Хэрэв чи намуухан чимээгүй, бөгөөд тайван орчинд ажиллах дуртай бол маргаашнаас эхлэн оффисоо “тайвшруул”.
Тэгвэл чамд ажил дээрээ байх нь таатай санагдаж эхлэнэ. Ажлынхаа байранд өөрчлөлт хийх үед нэг л дүрмийг баримтал. “Өөртөө л таатай сэтгэгдэл төрүүлэх зүйлийг нэвтрүүл”. Энэ дүрмийг баримтлангаа дараах 10 аргаас санал болгоё.
1. Ажлынхаа орон зайг өөртөө таалагдахуйц болго
Оффис гэхээрээ л хар юм уу саарал өнгөтэй байх ёстой гэж үү? Тийм өнгө хүний оюун санааг хязгаарлаад байх шиг санагддаг юм. Чиний ажил бол чиний хоёр дахь гэр гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс амьдралын нэг хэсэг болсон орон зайгаа өөртөө таалагдахуйц үзэмжтэй болгоорой. Ажил руугаа орж ирээд л чамд таатай сэтгэгдэл төрөх ёстой. Чиний хувьд компанийн чинь хамгийн аятайхан, тааламжтай бүс чиний өрөө байх ёстой юм. Хэрэв чи яг одоо ажил дээрээ байгаа бол, нэг минут гадагшаа гараад, буцаж ороод үзээрэй. Ингэхдээ өөртөө төрж байгаа мэдрэмжиндээ анхаарлаа хандуулаарай. Хамгийн түрүүнд ямар бодол орж ирж байна? Стресстэж байна уу? Уйтгарт автаж байна уу? Анхаарал чинь төвлөрч байна уу? Амгалан тайван болж байна уу? Одоо өөртөө таалагдах нэг мэдрэмжийг сонгож аваад, тийм мэдрэмж төрүүлэхэд оффист чинь юу дутагдаж байгааг бодож ол. Шинэ тавилга, зураг, толь, цонх, цэцэг, үзэгний сав, тоглоом, хөшөө зэрэг юу ч тавьж болно. Гэрлийнхээ өнгийг тохируулах ч бас чухал гэдгийг сана. Зарим хүнд хав харанхуй өрөөнд цонхоо нээлттэйгээр ажиллах нь таалагддаг ч байж болох юм.
2. Хогоо цэвэрлэ
Эмх замбараагүй оффисыг харахаар л тэр дотор ажиллаж байгаа хүний стрессс бухимдал мэдрэгдэх шиг санагддаг. Өөртөө сайн менежмент хийдэг хүний зохион байгуулах чадварыг ажлынх нь ширээнээс харж болно. Хэрэв гарт баригдах материаллаг эд зүйлсийг л эмх цэгцэнд нь оруулчихаж чадахгүй байвал хүмүүсийн оюун бодол сэтгэл санааг эмх цэгцэнд нь оруулдаг удирдагч болж чадахгүй. Эргэн тойронд чинь дуусаагүй ажлын тухай сануулсан олон наалттай цаас байхаар чи нэг ажилдаа төвлөрч чаддаггүй байж мэднэ. Хэрэв тийм бол зөвхөн яг одоо хийж байгаа зүйлтэйгээ л холбоотой бичиг баримтыг ширээн дээрээ байлга. Бусдыг нь шүүгээндээ хийж хадгал.
3. Ургамалжуул
Ажлын өрөөг амь оруулах нэг арга бол тасалгааны цэцэг, ургамал тавих. Зөвхөн амьтай, хүчилтөрөгч ялгаруулдаг ургамаол байлга. Хиймэл цэцэг жимс хэрэггүй. Шаардлагатай үед нь усалж торд. Цаг хугацаа өнгөрөх тусам цэцэг чинь чамайг дуурайж, чиний толь болж байгааг чи анзаарах болно. Цэцэг чинь үхэж байвал ажил чинь ч бас үхэж байгаа гэсэн үг. Эрүүл цэцэг=эрүүл карьер. Олон цэцэг=элбэг дэлбэг байдал.
4. Анхилам үнэртэй болго
Австралийн шүдний эмч Пэдди Люнд өдөр бүр өвчтнүүддээ зориулж боов жигнэж өгдөг байжээ. Шүдний эмнэлэгт орохоор үнэртдэг үнэрийг сана даа. Одоо харин шинэхэн боовны үнэртэй эмнэлэгт орж байна гээд төсөөл дөө. Энэ өөрчлөлтийг хийсний дараа түүний орлого 10 дахин өссөн гэдэг. Чамайг ажлынхаа өрөөг гал тогоо шиг үнэртэй болго гээгүй л дээ. Гэхдээ зөвхөн ариун цэврийн бүтээгдэхүүн, эсвэл тоос шороо бичгийн цаасны үнэртэй өрөөнд орсноос нимбгэ, ванилла юм уу лавендерний үнэртэй өрөөнд орох нь хамаагүй дээр сэтгэгдэл төрүүлнэ. Үнэртүүлэгчтэй лаа, хүжийг чамд санал болгож байна. Нээлттэй цонхны дэргэд лаагаа асаавал үнэр нь илүү хурдан тархах болно. Хэрэв лаанд дургүй бол эфирийн тостой үнэртүүлэгч ч тавьж болно. Харин агаар цэвэршүүлэгч шүршдэг бүтээгдэхүүн хэрэглээд хэрэггүй.
5. Тайвшруулдаг хөгжим тавь
Хөгжим бол хүний мэдрэмжинд нөлөөлдөг чухал хүчин зүйл. Янз бүрийн хөгжим сонсож үзээд аль нь чамд анхаарлаа төвлөрүүлэхэд дэм болж байгааг анзаараарай.
6. Тухтай сандал олж тавь
Сандал бол чиний ажил дээрээ хамгийн дотно байдаг тавилга. Тиймээс хулдаасан бүрээстэй, бөөр өвтгөдөг, эсвэл хэтэрхий зөөлөн, хатуу сандлаа сольж өөртөө тухтайг олж ав. Сандал авахад мөнгө чинь хүрэхгүй байвал шинэ суудлын бүрээс, олбог авч болох юм.
7. Авсаархан сэнс авч тавь
Агааржуулалт сайтай байсан ч хааяа нэг сайхан сэрүүцмээр санагддаг. Ийм үед жижигхэн сэнсээ асаагаад суух жинхэнэ кайф! Эсвэл сандлаа цонхон талд байлгаарай.
8. Жижигхэн хүрхээ тавь
Урсах усны чимээ хүнийг хамгийн их тайвшруулдаг. Усан хүрхрээн сувинер ажил дээрээ авч тавиад хааяа нэг тайвширмаар санагдарх үедээ асааж бай. Өрөөнд чинь ч үзэмж нэмнэ, чамайг ч тайтгаруулна.
9. Өөрийнхөө онцлогийг тусга
Өөрийнхөө зан чанар, сэтгэхүйн онцлог, стилийг өрөөндөө тусга. Чи ямар стилээр хувцасладаг вэ? Өрөөгөө ч бас тийм болгож болно. Эсвэл гэр бүлийнхээ юм уу, өөрийнхөө шүтэн биширч явдаг хүний зургийг жаазлаад тавьж болно. Тэгвэл ажил чинь хүйтэн биш дулаан сэтгэгдэл төрүүлнэ.
10. Идэвхгүй цаг гаргадаг бол
Өдрийн тодорхой цагийн тодорхой минутыг бүх утас компьютерээ унтрааж, амрахад зориул. Мөн ажлынхаа өрөөг цоожлоод 10 минут дуг хийгээд авж ч болох юм.
Goolingoo.mn