Өөрийн биеийг хуваан амьнаасаа амь төрүүлдэг эмэгтэй хүнийг бурхны бүтээл гэхээс өөр юутай зүйрлэх билээ. Тиймээс бүсгүй хүн гэдэг энэ хорвоогийн хамгийн гайхалтай бүтээл. Энэ утгаараа бидэнд хорвоо дэлхий хайр хишгээ харамгүй заяахын дээр үүрэг хариуцлагыг ч бас давхар оноожээ. Удахгүй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр болох гэж байна. Эрхээ эдлэхийн хажуугаар үүргээ ч бас мэддэг байх хэрэгтэй юм шүү.
1. Бүсгүйчүүд бид эр нөхөртөө эрхэлж тунирхах “эрхтэй” ч түүнийгээ хайрлан хүндэтгэх “үүрэгтэй”.
2. Бүсгүйчүүд бид дэлгүүр хэсэж таалагдсан зүйлээ өөрийн болгох “эрхтэй” ч, өрхийн орлогоо зөв зүйтэй төлөвлөх “үүрэгтэй”.
3. Бүсгүйчүүд бид бяцхан зулзагануудаа эрхлүүлэн, тэдэнтэйгээ хөгжилдөх “эрхтэй” ч, зөв хүн болгож хүмүүжүүлэх “үүрэгтэй”.
4. Бүсгүйчүүд бид эр нөхөртөө уурлах “эрхтэй” ч, ирэхэд нь хоолыг нь халуун байлгах “үүрэгтэй”.
5. Бүсгүйчүүд бид эр нөхрөө зэмлэх “эрхтэй” ч, тэднийг хүндэтгэн, элдэв үгээр хэлэхгүй байх “үүрэгтэй”.
6. Бүсгүйчүүд бид гэртээ дархан “эрхтэй” ч, гэрийн ая тухтай байдлыг хангах “үүрэгтэй”.
7. Бүсгүйчүүд бид гэртээ хатан мэт аашлах “эрхтэй” ч, хачин гоё хоол хийдэг байх “үүрэгтэй”.
8. Бүсгүйчүүд бид өөрийн ээж аавдаа бяцхан охин шиг аашлах “эрхтэй” ч, хадам эх эцэгтээ харин ч биеэ даасан эмэгтэй шиг харагдах “үүрэгтэй”.
9. Бүсгүйчүүд бид бие давхар байхдаа хүссэн амттанаа дураараа идэх “эрхтэй” ч, өөрийн биеэ гаргуунд нь гаргахгүй байх “үүрэгтэй”.
10. Бүсгүйчүүд бид эр нөхрийнхөө цалинг зарцуулах “эрхтэй” ч, ухаалаг санхүүч байх “үүрэгтэй”.
11. Бүсгүйчүүд бид хааяа найз нөхөдтэйгээ уулзаж цагийг хөгжилтэй өнгөрөөх “эрхтэй” ч, хэтрүүлдэггүй байх “үүрэгтэй”.
12. Бүсгүйчүүд бид эр нөхөртөө энгийн будаггүй байхдаа ч хайрлуулах “эрхтэй” ч, үргэлж өөрийнгөө тордож үзэсгэлэнтэй байх “үүрэгтэй”.
Харин 3 сарын 8 бол бидний эрхийн өдөр! Энэ өдөр эр нөхөртөө ханатлаа эрхэлж аваад, хамгийн гайхалтай эмэгтэй болох ээжийгээ ч бас баярлуулахаа мартваа.