Бүсгүй хүнийг та нар хаяа ч гэсэн ойлгооч
Бөгтийж эмгэрэхээс нь өмнө ханийн жаргал эдлүүлээч
Авааль эхнэр чинь үгүй бол тулгын чинь гал эзгүйрнэ
Аядуу бүсгүйчүүд үгүй бол түмний чинь эв үгүйрнэ
Ачит ээжүүд үгүй бол үрийн чинь хайр зэлүүднэ
Авааль гэргийгээ та нар хаяа ч гэсэн хайрлаач
Харц нь мэлмийдээ багтахгүй сүүдэртэж
Хацар нь туяарахаа умартан будантаж
Хаяа нэг ганцаардан гоморхоход нь
Хэрүүлийн манан болгож сэтгэлийг нь битгий хоосолоо
Амрагийн өвөрт нуугдсан биш дээ наадах чинь
Аргагүйдээ л зайлуул ханьдаа тунирхаа биз
Дэгжирхэх үсний гоёл нь хугацаатай
Дэггүйтэх хүүхэн алхаа нь хязгаартай
Бүтэн хайранд өнгөжиж
Бүүвэйн дуундаа намбаждаг
Ханийхаа тэвэрт л нялхардаг эмсийг
Хатуухан үгээр битгий шархлуул
Бүжин шиг зүрхтэй гэж дандаа битгий архир
Бусдын хайранд уярдаг болчихдог юм
Булаг шиг дуусашгүй гэж дандаа битгий асга
Бороо шиг шаагиад ч ундрахгүй шалбааг болоод хатчихдаг юм
Хэнийг нь Бурхан эхэлж дуудахыг
Хэлж мэдэхгүй хүний орчлонд
Хэн нь ч бусдад хайрлагдаж болохыг
Хэмжиж болохгүй амрагийн ертөнцөд
Өөрийг чинь л хардаж гоморхсонд таларха
Өрөөлийг харамладаг болоогүйд баярла
Халамцсан цагт чинь эндэхвий гэж
Хараалаараа ч болов хамгаалдагийм
Халтирсан газарт чинь унагахгүй гэж
Харцаараа ч гэсэн түшдэгийм
Өвгийн чинь удмыг барилцсан
Өглөгийн дээд юм шүү дээ
Өврийг чинь халуун өтлүүлэх
Хүүхний дээд юм шүү дээ
Бүсгүй хүнийг та нар хаяа ч гэсэн хайрлаарай
Бурханд очихоос нь өмнө ханийн жаргал эдлүүлээ
Эрхийн чинээ хүүгийн чинь ээж юм шүү дээ тэд чинь
Эрхлэхийн дайны хайрын ЭРХтэй улс шүү дээ тэд чинь
Эхнэр хүнийг та нар хаяа ч гэсэн хайрлаач
Энхжиж нойрсохоос нь өмнө ханийн жаргал эдлүүлээ